Европ тивд цаг агаарын хүндхэн байдлын
улмаас шатахууны үнэ огцом өсчээ. Их Британийн хийн хүргэлтийн үнэ нэг
терм нь 93 пенни зоосны үнэтэй болсон нь ойрын зургаан жилд гараагүй
өндөр тариф ажээ. Энэ нь өнгөрсөн баасан гаригаас хойш 24 хувиар
өссөнийг харуулж байгаа юм. Харин Итали улсын хувьд хийн түлшний өндөр
хэрэглээгээ хангахад Оросын энэ талын нийлүүлэлт хангалтгүй байгаа учир
үйлдвэрлэлийн хэрэглээгээ танах шийдвэр гаргаад байна. Үүний зэрэгцээ
Франц улсад ч эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ өсөж, нэг терм нь 1,02
паундтай тэнцэж байгаа юм.
Харин АНУ-д хийн түлшний үнэ эсрэгээрээ
15 пенни зоосны үнэтэй байгаа нь энэ улсад нийлүүлэлт эрэлтээсээ
давсаных гэнэ. Ийнхүү үнэ галзуурч эхэлсэнээс хойш жирийн оршин суугчид
хийн түлш худалдаж авах нь эрс багассан бөгөөд харин томоохон
үйлдвэрлэгчид одоохондоо худалдаж авах хэмжээндээ өөрчлөлт хийгээгүй
байна. Цочир хүйтэрч их цас орсны улмаас одоогоор Европ тив даяар нийт
200 гаруй хүн амиа алдаад байгаа юм байна. Украйны Засгийн газраас тус
улсын нас барагсдын тоо 130 хол давсан гэдгийг албан ёсоор мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд ОХУ-ын төрийн өмчит “Газпром” компанийн нийлүүлэлт
багассан нь нөхцөл байдлыг улам ч хүндрүүлээд байгаа юм. Харин Европын
зүгээс Орос улсыг хийн түлшний нийлүүлтээ хэвийн хэмжээнд барьж, нөхцөл
байдлыг зөөллөхийг хүсч буй. Одоогоор Австри, Болгар, Грек, Унгар,
Польш болон Словак улсын нийлүүлэлт хэвийн хэмжээнд очжээ.
