“Н.Алтанхуяг роман уншиж байхад би Чук Гекийг…”

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

“Н.Алтанхуяг роман уншиж байхад би Чук Гекийг…”

УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг өнөөдөр “Ардчилсан засаглал 1206” номынхоо нээлтийг хийлээ. Нээлтийн үеэр гишүүний найз нөхөд, багш нар олон дурсамж ярьцгаав. Н.Алтанхуяг гишүүн багадаа номд хорхойтой хүүхэд байжээ. Аав, ээж нь хэтэрхий их ном уншлаа гээд шөнийн 12.00 болмогц гэрлээ унтраадаг. Н.Алтанхуяг гишүүн гар чийдэн авч хөнжилдөө шургаад уншиж гардаг байж гэнэ дээ. Гуравдугаар ангийн сурагч байхдаа Н.Банзрагчийн “Зам” романыг уншиж дуусгасан нь анхны том ном нь байжээ.

Харин Батж. Батбаяр гишүүн түүнийг сонсоод жаахан ичив. Гуравдугаар ангид байхдаа Мо дарга “Норовын намтар”, “Чук Гек хоёр” хавьцаа л уншдаг байснаа дурсав.

Н.Алтанхуяг гишүүний багш, МУИС-ийн Физикийн тэнхмийн багш н.Гун-Аажав нэг хөөрхөн онигоо ярьсан юм. Гишүүнийг оюутан байхад МУИС-ийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал болж хамгийн олон ном уншсан эмэгтэй оюутнаар Физикийн ангийн Н.Алтантуяаг шалгаруулсан удаатай гэнэ. Тэр нь өнөөдрийн эрхэм гишүүн Н.Алтанхуяг. Н.Алтанхуяг гишүүнийг эх барьж авсан хүйн ээж нь Алтантуяа гэдэг нэр өгснийг 23 нас хүртлээ “зүүснээ” гишүүн хуучлав. Сүүлд нэрээсээ жаахан ичиж аав ээждээ хэлж, ламаас асууснаар Н.Алтанхуяг болж, улмаар улс төрд хөл тавьжээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж