Фолкландын асуудал дахин сөхөгдөв

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Фолкландын асуудал дахин сөхөгдөв

Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандез Киршнер Их Британийг Өмнөд Атлантын далайд цэргийн сургуулилт хийж буйг буруутган НҮБ-д гомдол гаргасан байна. Кристина Буэнос Айрест мэдэгдэл хийхдээ  “Их Британи Өмнөд Атлантын далайд цэргийн сургуулилт хийж, олон улсын аюулгүй байдалд заналхийлж байгаа тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Ерөнхий Ассамблейд Аргентин өөрийн канцлероор дамжуулан албан ёсоор хандах үүрэг даалгавар өгсөн” гэжээ. Дээрх мэдэгдлээс өмнө Аргентин Өмнөд Америкаас Фолкланд арал руу хүрэх агаарын замыг хааж, Чилийн онгоцнуудыг Аргентины агаарын замыг ашиглахыг хоригложээ. Фолкландын арлын маргаан Их Британи, Аргентины хооронд 1982 онд дайн дэгдээж байсан билээ. Аргентины армийг хөөн гаргаснаар уг дайн Британийн ялалтаар төгссөн боловч 1833 оноос хойш Британийн эзэмшилд байсан тус арлыг Аргентин өөрийн эзэмшлийн газар нутаг гэж тооцдог хэвээр аж. Их Британи Фолкландын арлыг өөрийн эзэмшлийн газар нутаг гэдгийг баталгаажуулахын тулд тус аралд 2,500 гаруй иргэдийг суурьшуулсан юм. Гэвч энэ сарын эхээр Их Британийн хунтайж Уилльям Фолкландын арал дээрх цэргийн хээрийн сургуулилтад оролцож буй тухай мэдээ цацагдсан нь Лондон, Буэнос Айресын хоорондох таагүй харилцааг улам хурцатгасан байна. Хунтайж Уилльям Фолкландын арал дээрх цэргийн хээрийн сургуулилт хийж буй Их Британийн хатан хааны тэнгисийн цэргийн хүчний 1,700 гаруй албан хаагчийн нэг гэнэ.

Аргентины Ерөнхийлөгч Кристина мэдэгдэлдээ Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандан "Английн Ерөнхий сайдаас би энх тайвныг тогтоох боломж олгохыг хүсч байна” гэжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж