УИХ-ын дэд даргын асуудал хөндөгдөж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд даргын асуудал хөндөгдөж магадгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар нэлээд асуудал хөндөж бас ч нэлээд өрсөлдөөнтэй болжээ.

Засгийн газраа дан МАН-ын гишүүдээс бүрдүүлээд удаагүй байгаа тэд 2008 онд АН-тай байгуулсан хамтарсан Засгийн газрын гэрээг нэлээд ултай авч үзсэн байна. Гэтэл тэнд Засгийн газраас гадна УИХ-ын хүрээнд хамтрах заалтууд орсон байжээ. Ингээд УИХ-ын байнгын хороодын дарга нарын сонгуульт хугацаа оны өмнө өндөрлөсөн ч сонгууль хийж амжаагүй байгааг  далимдуулан байнгын хороодын дарга нарыг дан МАН-ын бүлгийн гишүүдээр бүрдүүлэхээр болж бүлгийн дотоодод нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны даргад гишүүн Р.Буд, Ц.Цэнгэл нарыг өрсөлдүүлснээс Р.Буд олонхийн дэмжлэг авчээ. Төсвийн байнгын хорооны даргад гишүүн О.Чулуунбат, Д.Дамба-Очир нар өрсөлдсөнөөс О.Чулуунбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад гишүүн Д.Балдан-Очир, Х.Баделхан нар өрсөлдсөнөөс Д.Балдан-Очир, Хууль зүйн байнгын хорооны даргад гишүүн Д.Одбаяр, Б.Чойжилсүрэн нар өрсөлдсөнөөс одоогийн байнгын хорооны дарга Д.Одбаяр дийлэнх гишүүний санал авчээ. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад гишүүн Ж.Сүхбаатар, Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр болсон ч Ж.Батсуурь нэрээ татсанаар одоогийн байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар тунаж үлдсэн байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад гишүүн А.Тлейхан одоогийн байнгын хорооны дарга Д.Очирбаттай өрсөлдөж А.Тлейхан олонхийн дэмжлэг авчээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад гишүүн Э.Мөнх-Очир, Х.Наранхүү нар өрсөлдөж Э.Мөнх-Очир гишүүн олонхийн дэмжлэг авсан байна. Одоо тэднийг байнгын хорооны хурлаар хэлэлцэх бөгөөд бүлэг дээрх өрсөлдөөн задарч дахин нэр дэвшүүлэх асуудал ч гарч болзошгүй байгаа ажээ.

Түүнээс гадна нэгэнт МАН Засгийн газрыг дангаараа бүрдүүлж, УИХ-ын байнгын хороодыг ч авч буй тул УИХ-ын хоёр дэд даргын нэг АН-ын гишүүн Г.Батхүүг дэд даргаар үлдээх эсэх асуудал ч хөндөгдсөн сурагтай байна. Гэхдээ намын бүлгийг төлөөлсөн дэд дарга байдаг уламжлалын дагуу АН төлөөлсөн дэд дарга байж болох юм гэсэн санал бас гарчээ.

Үүний сацуу УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дэд дарга Г.Батхүүг Н.Батбаяр гишүүнээр солих талаар санал солилцсон тухай мөн дуулдаж байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж