“Хар хун”-гийн сүрэг айлчлах уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

“Хар хун”-гийн сүрэг айлчлах уу?

Европын буурангуй төрх, Ойрхи Дорнодын дайны сүүдэр, Хятадын юанийн хүчин мөхөстөл өнөө дэлхийн санхүүгийн салбарт дахин хямрал даллаж буй “Хар хунгуудаар” тодроод байгаа юм.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, бодлого тодорхойлогчдын чадуу хяналт, буурай орнууд дахь улс төрийн ярвигтай тэмцлүүд гамшигт үйл явдлын давтамжийг ойртуулж буй юм. Хар хунгуудын зөвхөн дэвэлт нь хурдассан бус хүч нь ч нэмэгджээ. Харилцан хамаарч улам бүр нягтаршсан өнөөгийн ертөнцөд хямрал шууд болон шууд бусаар “халдварладаг”.

Тухайлбал, 2011 оны Японы газар хөдлөлтөөс үүдэн Хойд Америк дахь автомашины үйлдвэрүүд  сэлбэгийн хомсдолд орсон. Мөн  2008 оны хямралын үеэр АНУ-ын дөрөв дэх том хөрөнгө оруулалтын банк “Lehman Brothers” (LEH) дампуурал зарласан билээ. Тэгвэл өдгөө даяаршсан ертөнцөд хар хунгийн сүрэг  манайд айлчлах болов уу гэж асуух шаардлагагүй болжээ.

Өөрөөр хэлбэл, энэ нь асуулт биш болсон гэсэн үг. Харин Хэзээ? Яаж? гэдэг л зөв асуулт болчихоод байгаа тухай дэлхийн хэвлэлүүдэд бичиж буй юм.

Домогт хөрөнгө оруулагч Жим Рожерсийн таамаглалаар бид 2008 оныхоос ч дор хямрал руу дөтөлж яваа гэнэ. “Урт хугацааны туршид ам.доллар шалдаа бууж, Хятадын үлэмж өсөлтөд усны асуудал цэг тавьж мэдэхээр байна. Гэвч нөгөө талаас хөрөнгө оруулагчид өнгөрсөн хямралын үед гаргасан алдаагаа давтаж суухын оронд хямрал гэдэг нөгөө талаар боломж гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн  хэлжээ.
   
Европ хэзээ мөдгүй дэлбэрэхэд бэлэн сууна. Европын өрөнд баригдсан үндэстнүүдийн өтийг банкууд агуулж сууна. Хятад улс ч мөн адил аюулын бүс болж хувирлаа. Хамгийн гол нь аюул яаг хаанаа байгааг мэдэх арга алга. Тус улсын эдийн засгийн өсөлт 5 хувиас багагүй хэмжээнд гүрийсээр л байгаа юм. Хэрэв энэ үзүүлэлт улам сайжирвал Хятад улс гаарч, газрын газрын тос ба таваарын зах зээлд дарамт өгч улмаар АНУ, Европын айл өрхийг бүр ч хэцүүхэн байдалд түлхэнэ гэсэн үг.

Арай өөр өнцгөөс нь ажвал Хятад улсын удаашрал нэг талаас дэлбэрэлт болох дохиог өгөөд эхэллээ. Учир нь Шанхайд үл хөдлөх хөрөнгийн үнэ эрчимтэй унаж байна. Дээр нь Хятадын чанаргүй зээлүүд Америкийн чадваргүй зээлдэгчид болон Европын “Олив улс”-ын бондын дэргэд хамаагүй том эрсдэлийг дагуулж байгаа юм.

Хятад улсын гадаад худалдааны ашиг бол тус орны хөрөнгө оруулалтын эх үүсвэр. Гэтэл гадаад зах зээл дэх хэрэглэгчдийн эрэлт буурсан нь тэр их хөрөнгө оруулалтыг ямар мөнгөөрөө тэтгэх вэ гэдэг асуулт урган гарч байгаа юм.
 
Энэ хооронд Нэгдсэн улс нэг л хөөрхөн суугаад байдаг. Гэвч Америк ч аюултай. Учраа олж зүгээ ялгахаа байсан Конгресс, тэтгэвэртээ гарахаар завдаж буй мөнгөн тэмдэгт, хяналтаас гарсан цэргийн хүчин нь дайсагнал авчирхаас өөр ид шидгүй боллоо. Ажилгүйдэл газар авч, мөрөөдөл эхэлдэг гэлцдэг гүрэнд, мөрөөдөл төгсдөг болов уу гэлтэй тус улсыг орхин одогсдын тоо эрс өссөн байна.

Тухайлбал 2008 оноос хойш зөвхөн Мексикийн гэхэд 300,000 цагаачид төрөлх нутагтаа буцжээ. Хятад болон Япон улсууд АНУ-руу цутгах зээлээ сааруулах ба бүр зогсоовол тус улсын төв банк албан шахалтаар өөрийн орныг цааш нь авч явахын тулд шинэхэн ногоонуудыг тэрбум тэрбумаар нь үйлдвэрлэх болно. Ингээд ирэхээр ногоон дэвсгэртийн үнэ цэнэ далайн ёроолд хэвтэж байгаатай адил үнэгүйднэ.

Бидний хувьд аль бөмбөг нь түрүүлж дэлбэрэхийг таашгүй. Гэвч эрт оройгүй зад авна. 2008 онд ийм онош байгаагүй тул хар толгойгоо хаахаа мэдэхгүй бэмбэгнээсээр дэлбэ явсан. Харин одоо бол ядахдаа л бид толгойгоо дарах ёстойгоо мэдлээ.

Тайван цагт хөлс их урсгавал, Дайны цагт цус бага урсана

Reuters агентлаг Монгол Улсад хөрөнгө оруулахад учирч болох эрсдэлийг улирал тутам тооцож мэдээлдэг билээ. Монголын улс төрийн байдал хамгийн ноцтой эрсдэлд тооцогдож, хөрөнгө оруулагчдыг сонгуул дуустал харзная гэж уриалсан өнгө аяс тэрхүү нийтлэлд тусчээ. Амлалтаа биелүүлэхээр бэлэн мөнгө тарааж, төсвөө түүхэнд байгаагүйгээр тэлэн суугаа Монголын төр, засаг “Хэрвээ ингэвэл яах вэ” гэдэг эрсдэлийн асуултад бид өнөөдөр хариултгүй сууна.

2010-2020 оны хооронд Монголын эдийн засаг жилд дунджаар 12 хувиар өсөхөөр хүлээгдэж байгаа гэнэ. Уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд ажиглагдсан чиг хандлага, энэ салбарт гарахаар хүлээгдэж буй огцом өсөлтөөс шалтгаалан манай улсын нийгэм, эдийн засаг төрөл бүрийн эрсдэлд өртөж магадгүй дүр зураг харагдлаа хэмээн “Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гээс гаргасан эрсдэлийн үнэлгээнд дурджээ.

Өөрөөр хэлбэл, манайх урьд урьдын жилүүдийг бодвол гадаад, дотоодын эрсдэлд нэн өртөмтгий болсон байгаа гэсэн үг гэнэ. Дээрх судалгаанаас үзэхэд тухайлбал, ДНБ-д эзлэх уул уурхайн хувийн жин ихээхэн өсч 2010 оны байдлаар нийт экспортын 80 гаруй хувийг эзлэх болсон байна. Гэтэл Монгол орны хөгжлийн голлох хэсгийг нуруундаа үүрч ирсэн, цаашид ч үүрэлцэх хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл дээрх хугацаанд нэлээд буурсан байх жишээтэй. Ийнхүү макро эдийн засгийн гол гол үзүүлэлт болох инфляци, ДНБ, төсвийн зарлага, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт зэрэг нь хэлбэлзэл ихтэй, өндөр өсөлттэй явж ирсэн нь манай улсын эдийн засагт томоохон өөрчлөлт гарч байгааг харуулж байгаа төдийгүй төрөл бүрийн эрсдэлд бүдрэмтгий гэдгийг давхар үзүүлж байна.  
Мөн сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг тогтворгүй байгаа. Энэхүү мөчлөгийг өдөөж байгаа хоёр гол хүчин зүйл бий. Нэгдүгээрт, эрдэс баялгийн дэлхийн зах зээл дээрх үнэ ханш. Хоёрдугаарт, энэхүү үнийн хэлбэлзлийн нөлөөллийг улам бүр дэвэргэж байгаа бодлогууд хэмээн дээрх эрсдэлийн үнэлгээнд тодорхойлжээ. Цаашид уул уурхайн томоохон төслүүд ашиглалтад ороод ирэхээр эрдэс бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл эдийн засаг улам тогтворгүй байх эрсдэлийг учруулах аж.

Манай улс санхүүгийн эрсдэлд өртөмтгий байх талтай бөгөөд капиталын урсгалыг зохицуулж байгаа өнөөгийн тогтолцоо нь тэр бүр хангалттай сайн биш байна гэсэн дүгнэлт “Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн эрсдэлийн судалгаанд бий. Түүнчлэн гадаад капиталын дотогшлох урсгалд зохицуулалт хийхийн тулд одоогийн тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлагатай байгаа гэдгийг ч уг судалгаанд тусгажээ.

Эдийн засгийн хямралын хамгийн хүнд тэр үед төсөв, сангийн тэлэх бодлого хамгийн хэрэгтэй арга хэмжээ байсан атал Засгийн газарт “май” гээд гаргаад өгөх хуримтлал байтугай төсвийн зарлагаа бууруулалгүй авч үлдэх нөөц хөрөнгө ч байхгүй болсон байжээ. Эдийн засаг өсөлттэй үед Засгийн газар үрэлгэн зангаа өөгшүүлж нийт эрэлтийг улам дэвэргэж байсан бол эдийн засгийн уналтын үед Засгийн газрын зарлага буурснаар хямралыг улам хүндрүүлсэн байна.

“Одоогийн байдлаар Төсөв, сангийн болон мөнгөний бодлого хоёул хамтдаа тэлээд яваад байгаа. Эдийн засгийн хэт өсөлтийн далайцыг бууруулахад сангийн хумих бодлого чиглэгддэг. Харин нөгөө талаас мөнгөний зөөлөн бодлого явуулснаар хүү болон ханш дээр очих дарамт багасна” гэдгийг “Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн захирал Б.Түвшинтөгс багш Д.Баярмаа нар сэтгүүлчдэд зориулсан сургалтын үеэр тэмдэглэж байсан юм.

Олон улсын хямралын эсрэг даатгуулсан компани манайд алга

 
“Мандал Женерал” компанийн дэд захирал Г.Отгонжаргал “Олон улсад үүссэн хямралыг Монгол Улсад  халдварлуулах вирүс тээгч нь санхүүгийн салбар өөрөө. Хүссэн хүсээгүй бид өртөнө. Түүний эсрэг дархлааг бий болгохын тулд нэн тэргүүнд чанаргүй зээл өгөхгүй байх тал дээр банкны салбарын үйл ажиллагаанд анхаарч, хянамгай байх хэрэгтэй. Өнөөдөр даатгалын компанийн харилцагчдын бүтцийг аваад үзэхэд эд хөрөнгө, хариуцлагын даатгал зонхилдог. Гэтэл Монголын ДНБ-ий дийлэнх хэсгийг бүрдүүлдэг хувийн хэвшлийнхнээс олон улсын хямралын эсрэг даатгуулчихсан зүйл огт алга. Манай зүгээс бизнесийн үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн олон төрлийн даатгал санал болгодог. Харамсалтай нь түүнийг ойлгож, ашигладаг бизнес эрхлэгч цөөхөн байна. Хямралд бэлэн үү? гэвэл “Үгүй” гэж хариулна” гэв.

Засгийн газар бороотой өдөр гаргаад өмсчих цувтай явах хэрэгтэй

“Зээлийн хүү ууланд мацаж, валютын ханш муудаж, хөрөнгө оруулалтын урсгал саарч байна. Яг одоо банкны салбар эрсдэлийн шугамын эн тэргүүнд зогсож байна. Монгол Улсын хувьд шаардлагатай үед гараа дүрдэг тийм санхүүгийн нөөцийг бүрдүүлэх л хэрэгтэй. Ирээдүйд хувь заяа яаж эргэхийг бид бүрэн дүүрэн хэлж мэдэхгүй. Засгийн газар бороотой өдөр гаргаад өмсчих цувтай явах хэрэгтэй. Монголын Засгийн газар мах нөөцөлж үнэ өссөн үед гаргаад ирдэг шигээ боломжтой үедээ мөнгөө нөөцөлж, цөвүүн цагт ашиглахаар тооцоолох ёстой. Хэрвээ АНУ, Европын байдал гамшгийн хэмжээнд хүрвэл аль ч улс орон үүнээс бултан зайлах боломжгүй. 2008-2009 оны хямрал олон арван жилийн өсөлт, амжилтын дараа гарч ирсэн учир гэнэтийн хүчтэй цохилт болсон. Бид одоо яг ч хямралаас гарчихсан юм биш. Зүгээр л асуудлыг даамжирахаас сэргийлэн, тодорхой хяналтад барьж, нөхцөл байдлыг дээшлүүлэх арга хэмжээг авч сууна. Гэвч одоо гайхшралд ороод байхгүй ч гэсэн хямралыг бид хялбархан давна гэсэн үг биш” хэмээн ХААН банкны Эрсдэл хариуцсан захирал Стефен Калей өгүүлсэн юм.

Өнөөдөр бид өөрөөсөө бус өрөөлөөс дэндүү их хамааралтай болсон гэдгээ сайтар ойлгох хэрэгтэй.  Залбирч мөргөөд, зайдуу өнгөрөөсэй хэмээн муйхарлаж суухын оронд эдийн засгийн эрсдэлийн зураглал бий болгох ажлаа түргэлье. Дусал залгуулж, амиа аргацаасан дэлхийн томоохон орнууд хэзээ ч амь тавиа билээ.

-2007 оны “New York Times” шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан зохиолч Нассим Николас Талебын “Хар хун /The Black Swan/” номын нэрийг ашигласан болно.

-http://business.financialpost.com Are you ready for the next Black Swan? 12/16

-http://www.ibtimes.comThe Next Economic Crisis Will Be Much Worse Than 2008

-http://dailyreckoning.com Avoiding the Danger Zones in the Year Ahead 12/9

-http://www.nytimes.com Will China Break? 12/8

-Монгол улсын эрсдлийн үнэлгээ (анхны хувилбар) Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)

Б.Энхцэцэг

 Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж