УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаанаа 14.00 цагт зарласан ч хараахан эхлээгүй байна. Уг хуралдаанаар байнгын хороодын дарга нарыг шинээр томилохтой холбоотой асуудлыг авч хэлэлцэнэ гэх мэдээлэл байна. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ардчилсан нам гарснаар УИХ-ын бүтцийн байгууллага болох байнгын хороодын дарга нараа мөн олонхийн бүлэг удирдах ёстой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. Үүнээс улбаалж тус бүлэг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар Р.Буд, Төсвийн байнгын хорооны даргаар О.Чулуунбат, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Д.Балдан-Очир, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Э.Мөнх-Очир нарыг томилуулахаар санал нэгдсэн гэх мэдээлэл байгаа юм. Дээрх байнгын хороодыг уг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд даргалдаг билээ.
Г.Дарь