Хятадад цагаан сарын баярыг залгуулаад, цаасан дэнлүүний баяр болж байгаа гэнэ. Эртнээс уламжлагдан ирсэн баярын энэ өдөр хятадууд гэрээ өнгө өнгийн гэрлээр чимж, ах дүү хамаатан саднаараа хамтдаа оройн зоог барьж, цаасан дэнлүү хөөргөн тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Хятадуудын хамгийн дуртай баярын нэг учраас гудамж талбайгаа зай завсаргүй өнгө өнгийн гэрлээр чимж ,тэр нь шинэхэн хот мэт харагддаг байна. Цаасаар урлаж, гэрлээр чимсэн эдгээр дэнлүүний зарим нь бүхэл бүтэн урлагийн бүтээл болдог гэнэ. Будааны цаас ашиглаж, цахилгаан хэмнэлттэй гэрлийг айл бүр хаалганынхаа гадна өлгөдөг уламжлалтай аж. Мөн бурханы орноос цагаан сараар ирж баярласан сүнсүүдийг энэ баярын эцэст эдгээр цаасан дэнлүүгээр үдэн явуулдаг гэх домог ч байдаг юм байна.
Э.Саруул