Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан боллоо

Улсын Дээд шүүхийн шүүгчид, аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрддэг Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан өнөөдөр  боллоо.

Уг хуралдаанаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Дээд шүүхээс орох хоёр, аймгийн шүүхээс орох  нэг шүүгчийг сонгох тухай асуудлыг хэлэлцээд Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, Сүхбаатар аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч А.Энхбаатар нарыг тус зөвлөлийн гишүүнээр сонгожээ.

Мөн Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг, А.Доржготов, Дархан-Уул аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, Хэнтий аймгийн шүүхийн шүүгч Б.Дэнсмаа, нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн П.Золзаяа нарыг Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнээр сонгосон байна.

Түүнчлэн энэ үеэр Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн сахилгын хороо болон Шүүгчдийн холбооны 2011 оны ажлын тайланг танилцуулж, цаашид хийх ажлынхаа талаар ярьжээ.

Аймаг, нийслэлийн буюу давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчдийн жилд нэг удаа болдог “цугларалт” энэ өдөр болж байна. Ерөнхий шүүгчдийн семинар үдээс хойш үргэлжлэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааны 2011 оны нэгдсэн дүн, цаашид анхаарах зарим асуудлын талаар Дээд шүүхийн танхимын тэргүүнүүд мэдээлэл хийх аж. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2011 онд зохиосон ажил, цаашдын зорилтын талаар танилцуулах юм байна.

Түүнчлэн 2011 оны шүүн таслах болон бусад ажлаараа тэргүүлсэн шүүх, шүүгчдээ шалгаруулж, шагнал гардуулах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж