
Их жанжны төрсөн өдрөөр болсон МАН-ын хурал дээр намын дарга нь Д.Сүхбаатарын алдарт үгийг давтсан байсан. “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн зүгт хүчийг нийлүүлэн зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй гэж явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэж. Зүгээр тохиолдлоор энэ үг МАН-ын даргын санаанд орж ирээгүй байх. Хэлье гэж хэлсэн биз. Өөрийнх нь тавьсан илтгэлд зарим хүн эгдүүцнэ гэдгийг мэдээд энэ үгийг давтсан биз. Тийм ээ, монголчууд нэг нэгнээ ялих шалихгүй зүйлээр өөлж, өөнтөглөж байдгаа боливол яасан юм бэ. Компанитай, пүүстэй хүн гээд хэн нэгэнд адлуулж явах ёстой гэж үү. Тэгвэл би, та, бид бүгдээрээ яагаад “оли” болж болохгүй гэж. 2.8 сая хүн ардаа амьдралтай, ажилтай, орлоготой, хөрөнгөтэй болгохын төлөө сэтгэлтэй хүн энэ төрд олон бий. Олигархиуд гэж нэрлэгдээд адлагдаад байдаг хүмүүсээс өөрийн хүч хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн хүмүүс олон бий. Тэдний нэг нь С.Батболд гэдгийг хүмүүс мэднэ. Мэддэг хэрнээ үзэн ядаад, хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь мушгин гуйвуулаад байдаг нь зориудынх гэдгийг ч бас мэднэ л дээ. Ингээд олныг үл нуршин гол асуудалдаа оръё. Муулахын тулд муулбал юуг ч, хэнийг ч муулаад байж болно. Харин хааяа ч болов биендээ урам хайрлаж байвал муу хэрэг биш болохоор Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн үгнээс авах юм их байсан гэдгийг зориуд тэмдэглэмээр байна.
“Засгийн тэргүүнээр ажиллах амархан байх аа”
Тэрбээр “Манай нам “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулахдаа улс орныхоо хөгжил дэвшлийн түүх, ялангуяа өнгөрсөн 20 жилийн замнал, туршлагыг харгалзаж, сургамжаас нь санааавлаа. Ийнхүү ирэх 20 жилээр баримжаалж боловсруулсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-төө бид улс орноо, хүн ардаа ХХI зууны шаардлагын түвшинд хүртэл хөгжүүлэх, ард түмнийхээ хүсэл мөрөөдөл, тэмүүллийг шингээж оруулсан. Гагцхүү энэ хөтөлбөрт шингэж орсон зорилт бүхэн мөрөөдөл төдий зүйл биш. Харин биелэх бодит бололцоотой, үе шаттайгаар амьдралд хэрэгжих зорилтууд гэдгийг шууд хэлье. Монгол хүн бүр ирээдүйгээ гэрэлгэгээтэй, өөдрөг сэтгэлээр төсөөлж хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн ажиллаж амьдрахад уг хөтөлбөр чухал түлхэц өгнө. Манай намынхны эв нэгдэлтэй, идэвх санаачилгатай зүтгэлч дэмжлэг болно. Монгол улс өнөөдөр хүний хөгжлийн индекс, амьдралын чанар, орлогын түвшин, өрсөлдөх чадвар зэрэг олон үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудын тэг дунд нь явж байна. Үүнийг бид чамлахгүй ч голж байгаа. Гарааны ийм цэгээс монгол хүний хөгжил, монгол айл өрхийн сайн сайхан амьдралыг хангах огцом өөрчлөлтийг энэ хөтөлбөр авчрах болно. Энэ утгаараа “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” хүнд, өрх бүрт ойрхон байна. Хөтөлбөрийн гол зорилго нь хүн болгонд хөгжин цэцэглэх боломжийг олгосон, нийгмийн дундаж давхарга илэрхий зонхилсон, ядуурал, орлогын тэгш бус байдлаас ангижирсан нийгмийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн” хэмээн илтгэлдээ дурьдсан. Би л сайн сайхан амьдарч байвал бусад нь яамай, би л ихийг олж байвал дугаар хорооны Дугар гуай хамаагүй гэсэнгүй. Энэ засаг юм хийж байна, цаашид ч хийнэ. Хэн нэгэн атаархагч Дорж, Дулмааг хэд хоног гүйцэтгэх засаглалын тэргүүнээр тавиад үзье л дээ. Амархан, сайхан байна гэж сэтгэж байгаа байх. Хэдхэн ам бүлээ тэжээгээд яваад явах, хэдэн сая хүнийг авч явах хоёрын хооронд ямар ялгаа байдгийг хараг. Төр, засгийг тэргүүлнэ гэдэг хэн болгоны хийдэг ч ажил биш гэдгийг хэнбугай ч гадарлах хойно. Ард түмний хөгжлийн хөтөлбөр гэдгийг нь хүнээ хөгжүүлэх хөтөлбөр гэж ойлгож байна. “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийн зорилго нь “Эдийн засгийн эрчимтэй хөгжилд тулгуурлан нийгмийн дэвшлийг хангаж, хүний хөгжил, гэр бүлийн сайн сайхныг бататган хөгжүүлэхэд оршино” гэсэн. Хүнээ үнэлэхгүйгээр, хөгжүүлэхгүйгээр улс орны амьдрал сайн сайхан болно гэж үү.
Эх орны баялгийг иргэддээ тэгш хуваарилна гэж юу гэсэн үг вэ
Монгол орны хувьд зэс, нүүрс, төмрийн хүдэр болон бусад төрлийн эрдэс баялгийн арвин нөөцтэй. Залуучууд ихтэй. Хүн амын бүтэц, эдийн засгийн өсөлтийн төв бүс болох Зүүн хойд Азид оршиж буй газар зүйн байрлал нь эдийн засгийг өсгөх таатай боломжийг бий болгож байна гэж тэрбээр онцолсон. Олон улсын байгууллагууд болон үндэстэн дамнасан банк, санхүүгийн групп, нэгтгэлийн судалгаа болон эдийн засгийн урт хугацааны бидний тооцоолсон төсөөллөөс үзэхэд Монгол Улс 2030 он хүртэл дэлхийн хамгийн эрчимтэй хөгжлийн нэг төв байх юм гэсэн. Дэлхийн томоохон банк болох “Ситигрупп”-ын судалгаагаар хамгийн эрчимтэй өсөлттэй байх 10 орны тоонд Монгол Улс орсон нь тохиолдлын хэрэг биш. Манай улсын ДНБ-ий бодит өсөлт 2010-2015 онд 14,2хувь, 2015-2030 онд 9,7 хувьд хүрч эдийн засгийн өсөлт өөрөө дэлхийг тэргүүлэх магадлал өндөр байгаа гэсэн. Цаасан дээр хийсэн тооцоо, судалгаа цаад амьдрал дээрээ шууд буухгүй алаг цоог байгаа нь үнэний хувьтай.Ерөнхий сайд С.Батболдыг Хэнтий аймагт ажиллах үеэр Хэрлэн сумын иргэн Нямаа гэдэг эмэгтэй “Эдийн засаг өслөө, өслөө л гэх. Миний амьдралд наалдаж орлого нэмэгдэж байгаа юм огт алга” гээд гоморхож байсан. Тийм ээ. Энэ гомдол гоморхлыг арилгах боломж Монгол Улсад, монголчуудад бий. Тийм боломжийг олж харснаараа баялгийн хуваарилалт олон түмэнд жигд хүртээмжтэй байдлаар очиж чадахгүй цөөн хэсэгт төвлөрөөд байгааг Ерөнхий сайд хэлсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, эх орны баялгийг иргэддээ тэгш хуваарилах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн.Тэрбээр “Эдийн засгийн өсөлт аяндаа гарахгүй. Түүнд хүрэхийн тулд бодлого, үйл ажиллагааны эрс шинэтгэл хийнэ. Үүний тулд баялгийн хуваарилалтыг оновчтой болгон, тэгш боломжийг хангана. Ингэснээр иргэдийнхээ амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэн эдийн засгийн хөгжлийн үр шимийг Монгол хүн бүр, Монгол айл бүрт хүртээнэ. Эдийн засгийн хөгжлийн үр шим цөөнхийг цэнгүүлж буй бол Монгол улсыг хөгжөөгүй байна гэж үзэх хэрэгтэй. Хөгжил өрх бүрт хүрэхээс нааш Монгол ардын нам Монгол орныг хөгжсөнд тооцохгүй, сэтгэл амрахгүй… Эд баялаг, эрдэс түүхий эд хорогдоно, шавхагдана. Харин эрдэм мэдлэг, боловсрол ямагт баяжиж зузаарч байх учиртай. Мэдлэг бол хүч гэдгийг санаж, элэгдэл, хорогдол гардаггүй энэ шидэт зүйлийг эдийн засгийн эргэлт хөдөлгөөнд байнга оруулж байхад анхаарцгаая. Ингэснээр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эдгээрийг дагасан үр өгөөжтэй жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлж, бага дунд орлоготой орноос хөгжингүй өрсөлдөх чадвар өндөртэй эдийн засаг бүхий орны тоонд бид шилжиж чадна…” хэмээн зоригтой хэлж байна лээ.Засгийн газрын тэргүүн, эрх баригч намын даргын амнаас ийм үг сонсоход урамтай байсныг тэмдэглэх хэрэгтэй.
Иргэн Нямаад барьсан бэлэг
МАН-ын дарга Хэрлэн сумын иргэн Нямаа гуайд илтгэлээрээ дамжуулан “бэлэг барьж“ байна лээ. Тэрбээр “Өрхийн амьжиргааг дэмжих эх үүсвэр болсон жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бичил бизнесийг дэмжих талаар дорвитой алхам хийнэ.Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг татвараас тодорхой хугацаанд чөлөөлнө. Үүнийг бид сонгууль хүлээлгүй хэрэгжүүлнэ. Орлого ихтэй нь өндөр татвар төлдөг, бага дунд орлоготой нь бага татвар төлдөг тогтолцоог бүрдүүлнэ. Татварын ийм тогтолцоо улс орны хөгжилд, нийгмийн шударга ёсны хүсэмжлэл, ард иргэдийн санаа бодолд нийцнэ гэж бодож байна. Энэ бол Хэнтийн Нямаа гуайд миний барихс этгэлийн, бодлогын хариу юм” гэсэн. Намын даргын хувиар ирэх сонгуулийн амлалтаа ч бараг илтгэлээрээ дамжуулчих шиг болсон. Тухайлбал, Монгол ардын нам үзэл баримтлалдаа үнэнч байж хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж ард түмний өмчлөл бүхий компани, аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ. Ингэснээр “олигархийн” гэх тодотголтой пүүс компаниудын тогтолцооноос ард түмний буюу олон нийтийн өмчлөлт, засаглалтай компаниудын бүтэц рүү шилжилт хийнэ.Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг байгуулан хөгжүүлнэ. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлыг халж, шингэн түлш, нефтийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Мөн эрчим хүчний бусад эх үүсвэр гаргах үйлдвэрлэлийг дэмжиж, эрчимтэй хөгжүүлнэ. Дунд хугацаандаа манай нам Авто зам, Төмөр замын нэгдсэн сүлжээг барьж дуусгана. Түүнчлэн дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг хангахын зэрэгцээ бүс нутагтаа эрчим хүч экспортлогч орон болно. Олон улсын тавцанд уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний ч зонхилох тоглогч орон байхыг зорино” хэмээн томоохон амлалтуудыг өгсөн. Түүний намын амлалтыг хэзээ биелэгдэхийг харах л үлдэж байна, бидэнд.Үнэхээр түүний хэлснээр шингэн түлш, нефтийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болчихвол болох нь тэр.Сайхан амлалт муу үр дагавартай байна гэж бодохгүй байна шүү гэдгийг энэ ташрамд С.Батболд даргад монголчуудынхаа өмнөөс сануулмаар байна, харин.
2.5 сая төгрөгийн цалин хол сонсогдохоо больжээ
Түүний хэлсэн үгнээс чихэнд чимэгтэй хэд хэдэн амлалт унасан.Түүний нэг нь цалин, хөлсний талаархи мэдээ. Ерөнхий сайд Төрийн албан хаагчийн сарын дундаж цалинг 2012-2016 онд 1,3 сая 2016-2021 онд 2,5 саятөгрөгтхүргэхболно гэж мэдэгдсэн. Хариуцлагатай хүний амнаас ийм үг унагаж чадсан нь том ололт биш гэж үү.2.5 сая төгрөгийн цалин гэдэг арван жилийн дараа байх л зүйл.Одоо ч Монголд сардаа 2-3 сая төгрөгийн цалин авдаг хүмүүс цөөн бус.Олигархиудын гэж нэрлэгдээд байгаа пүүс, компаниудын мэдлэг чадвартай ажилтнууд сая төгрөгөөс дээш цалин авдгийг бид мэднэ.Хүнээ үнэлж байгаа нь тэр.Тэгэхээр энэ тоонууд тийм ч хол сонсогдохгүй байгаа байх.Мөн ихбүтээнбайгуулалтынхүрээнд “100 мянган айл” орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд залуу гэр бүлд зориулсан “Залуучуудын түр орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгээ ч Ерөнхий сайд илтгэлдээ дурьдаж байсан. Түүнчлэн 2016-2021 онд 4-өөс дээш хүүхэдтэй гэр бүлийг төрөөс нэг удаа үнэ төлбөргүй орон сууцаар урамшуулдаг болно, 10,000-аас дээш хүн амтай хот суурингийн цэцэрлэгийн насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 2016 он гэхэд 80 хувьд хүргэж, ЕБС-ийг өргөтгөн шинээр баригдах бүх сургуулийг нэг ээлжээр хичээллэх боломжтой болгож, нэг ангид суралцах хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй болгоно гэж “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-төө тусгаснаа хэлж байсан. Энэ мэтчилэн олон олон тодорхой зүйлсийг хийнэ гэж итгэл төгс хэлж ярьж байгаад нь талархах хэрэгтэй. Харин ялыг бол хэзээ ч асууж болно.Биелэлтийг нь хүлээх л үлдлээ.
Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин