УИХ-ын гишүүдийн “сайн” гэх үнэлгээ эсрэгээрээ муу байх тохиолдол бий. Үүний нэгээр Сонгуулийн шинэ хуулийг нэрлэж болно. Ардчилсан намынхан бойкотолж, бөөн хэрүүл, маргаан болон байж баталсан Сонгуулийн тухай хууль асуудалтай байна. Уг хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр үзэл бодол нийлсэн улс төрийн хүчин болон зарим хүн Үндсэн хуулийн Цэцэд хандаад багагүй хугацаа өнгөрлөө. Тухайлбал, Монгол Улсын иргэн П.Одгэрэл Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт тулгуур хуулийн сонгогдох, сонгох зарчимтай харшилж байна гэж үзсэн. Мөн Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намынхан “Сонгуулийн холимог тогтолцооны пропорциональ хэсэг “сонгогчид саналаа шууд өгнө” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчлөө” хэмээн Цэцэд хандсан. Түүнчлэн МАХН, МҮАН тэргүүтэй жижиг нам, иргэний хөдөлгөөнүүд нэгдэн Үндсэн хуулийн Цэцэд хандахаа мэдэгдэж байв. Үүгээр зогсохгүй УИХ, Засгийн газар тарах ёстой гэцгээж байлаа. Энэ мэт олон хүн Сонгуулийн шинэ хуульд сэтгэл дундуур байгаа. Гэхдээ тэдний эсэргүүцэж буй үндэслэл нь бараг ижил байгаа юм. Юу гэхээр “Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан байдаг. УИХ-ын гишүүнийг шууд сонгохдоо ямар нэг төлөөлөлгүйгээр саналаа өөрөө гаргах. Сонгогчийн санал сонгуулийн хувьд “эцсийн шийдвэрийг гаргах” бөгөөд сонгуулийн үр дүнг шууд тодорхойлох юм. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.1-д заасан намын жагсаалтаар нэг намаас 28 мандатад 76 хүнийг нэр дэвшүүлнэ. Мөн 27.5.4-т заасан нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн дараалалд оруулна гэсэн зохицуулалт нь зөвхөн мажоритар сонгуулийн тодорхой тойрогт хувь нэр дэвшигчийн авсан саналыг үндэслэн улсын хэмжээний нэг тойрогт санал авч буй пропорциональ сонгуулийн “намын нэр дэвшигчдийн жагсаалт”-ын дотор хөдөлгөөн хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “нам, эвслийн жагсаалтыг нээлттэй зарчим”-д оруулж буй нь сонгуульд завсрын шат бий болгох замаар сонгогч эцсийн шийдвэр гаргах, сонгуулийн үр дүнг шууд тодорхойлох агуулгыг үгүйсгэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан шууд сонгох эрхийг зөрчиж байна” хэмээж байгаа. Ядаж байхад гэгчээр Сонгуулийн ерөнхий хороо “Сонгуулийн хуулийн 39 зүйл, заалтаар Улсын дээд шүүхээс тайлбар авах шаардлагатай байна” гэдгээ мэдэгдэв. Сонгуулийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “албадан нөлөөлж, саад учруулахыг…” юу гэж үзэх, 20 дугаар зүйлийн 20 дахь хэсгийн “…зөрчил нь ноцтой бол…”, “аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх…, сонгогчдын саналыг татах…” гэснийг хэрхэн ойлгох зэрэгт тайлбар хүсчээ. Сонгуулийн тухай хуулийн ойлгомжгүй заалтууд үүгээр дуусахгүй. Парламентын гишүүдийн магтаад байсан өнөөх хууль ямар гээчийн бантан болсныг Үндсэн хуулийн Цэц харуулах биз ээ.
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн наймдугаар зүйлийн дөрөвт зааснаар “Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц эцэслэн хянан шийдвэрлэж тогтоол гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно” гэсэн байдаг. Хэрэв иргэдийн болон зарим улс төрийн хүчний өргөдлийг үндэслэн Сонгуулийн тухай хуулийн ийм, ийм заалт Үндсэн хууль зөрчлөө гэсэн дүгнэлтийг Цэц гаргавал тэдгээр заалтууд хүчингүй болох нь. Ямар ч заалт зөрчөөгүй гэвэл бантан шиг хуулиар ирэх сонгуулийг явуулна гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн наймдугаар зүйлийн хоёрт “Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргааныг хянан үзэж, дүгнэлт гарган УИХ-д оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол ийнхүү хүлээн зөвшөөрөхгүй болсон үндэслэлүүдийг дахин хянан үзэж Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана” гэж заажээ. Энэ нь Цэцийн шийдвэрийг УИХ зөвшөөрөхгүй байвал хүлээж авахгүй байж болдог. Харин Үндсэн хуулийн Цэцэд дахин өргөдөл гаргаж, үүнийг Цэц хэлэлцээд хууль зөрчсөн гэвэл УИХ шууд хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм. Ямартай ч УИХ-ын 2012 оны сонгуулийн хувь заяа Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс хамаарахаар байна.
Ц.Энхцэцэг"Улс төрийн тойм" сонин