-Хөрөнгө орлогоо зайлшгүй мэдүүлэх ёстой албан тушаалтнууд гэж хэнийг хэлэх вэ?
-Авлигатай тэмцэх газарт тайлан мэдээгээ ирүүлдэг 121 байгууллагын 58 мянга орчим албан тушаалтан бий. Авлигын эсрэг хуулийн дөрөвдүгээр зүйлд албан тушаалыг нь тодорхой дурьдсан байгаа.
-Энэ жил хурандаа цолтой цагдаагийн алба хаагчдыг шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Үүнийг Ерөнхийлөгчтэй холбон тайлбарласан байх юм?
-Энэ талаар худал мэдээлэл цацаад байна. Бид хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авдаг ном журмынхаа дагуу ажиллаж байна. Заавал хурандаа цолтой хүнийг онцолж шалгасан зүйл байхгүй. Тэгээд ч дан цагдаагийнхан гэсэн ойлголт байхгүй л дээ. Миний бодлоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хүндэтгэлийн чуулганы үеэр хэлсэн үгтэй холбон ийм яриа гарсан болов уу. Энэ бол ташаа мэдээлэл шүү. Урьд нь хийдэггүй байсан ажлаа энэ жилээс шинээр эхлүүлсэн мэтээр худал яриа гарсан байна лээ. Урьдын адил хүчний гурван байгууллагад хяналт тавьж ажиллаж байна. Цолоор ялгаварласан асуудал байхгүй гэдгийг хэлье.
-Хяналт тавьж ажиллах гэдгээ тодруулж өгөхгүй юү?
-Хяналт тавина гэдэг нь шалгахаас өөр асуудал юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өмнөх жилийн тайлантай нь харьцуулалт хийнэ гэж ойлгож болно. Харин зөрчил илэрсэн тохиолдолд шаардлагатай гэж үзвэл нарийвчилсан шалгалт хийдэг юм. Тиймээс бид одоогоор хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар хэн нэгнийг шалгасан зүйл байхгүй. Хяналт, шалгалт хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй.
-Хөрөнгө орлогын мэдүүлэгт зөрчил илрэх, эсвэл мэдүүлгээ өгөөгүй тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?
-Хариуцлагын тухайд Авлигын эсрэг хуулийн 13.5-д хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах арга хэмжээ авах тухай заасан. Ердөө ийм ганцхан санкцтай байсан юм. Тиймээс хэрэгжилт харьцангуй бага байлаа. Харин энэ жилээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өгсөн бөгөөд хариуцлага тооцох механизмыг маш тодорхой тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, зөрчил тус бүрт хариуцлага тооцохоор заасан байгаа юм. Үүнийг энэ оны долоодугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлнэ.
-Та нар тухайн албан тушаалтанд хариуцлага тооцох эрх бий юү?
-Бидэнд хариуцлага тооцох эрх байхгүй. Тухайн албан байгууллагын эрх бүхий удирдлагаас л хариуцлага тооцох ёстой.
-Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албаныхан нэмэлт хяналт тавих эрхгүй юм уу?
-Хариуцлага тооцсон эсэхэд л хяналт тавьдаг юм.
-Байгууллагуудаас аль салбарын албан тушаалтнууд авлигад өртөх магадлал илүү өндөр байдаг вэ?
-Үнэндээ тэр энэ салбар гэж тодорхойлох аргагүй юм. Бүх байгууллага, салбарт зөрчил гардаг. Энэ тухай сэтгүүлчид их асуудаг ч ингэж туйлшрах шаардлагагүй гэж хэлмээр байна.
"Улс төрийн тойм" сонин