Элсэн чихрийн үнийг үндэслэлгүйгээр нэмдэг

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Элсэн чихрийн үнийг үндэслэлгүйгээр нэмдэг

Манай улсын эдийн засаг өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхийн хэрээр мон­голчуудын халаас төдий чинээ зу­заарч байна. Мөн халаасан дахь мөнгөний худалдан авалтын чадвар нь ихсэх тутам хүнс бусад барааны хэрэглээ нь төдий чинээ нэмэгдэх нь дамжиггүй биз ээ. Хүмүүсийн өдөр тутмын өргөн хэрэглээний бараанд байнга нэр нь байдаг бүтээгдэхүүн бол элсэн чихэр. Гэтэл харамсалтай нь элсэн чихрийг манай орон мөн л гадаад ах дүү нараасаа импортолж авна. Импортын энэ бүтээгдэхүүнийг ямар компани дийлэнх хувийг нь Монголд оруулж ирдэг мөн хаанахын ямар гээч улсын ургацыг монголчууд хүртэж байна вэ, үнэ ханшийг нь хэн нь яаж тогтоодог гээд олон асуулт урган гарч байна. Чухам үүний хариуг олохоор энэ дугаартаа сурвалжиллаа. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 оны намар элсэн чихрийн үнэ тэнгэрт хадсан. Тодруулбал, нэг килограмм нь 1800-2300 төгрөгт хүрсэн. Үүнийг тухайн үед эдийн засагчид болоод холбогдох байгууллагын мэргэжилтнүүд янз бүрээр тайлбарлаж байв. Гурил, мах, цагаан будаа зэргийг бодвол тийм ч их эрэлттэй бүтээгдэхүүн биш мөртлөө яагаад ингэж үнэ хөөрөгдсөн нь ихээхэн сонирхол татаж байв. Эцсийн дүндээ тэр их хөөрөгдөөд байгаа үнийг хэн ийнхүү хувиргаж байгаа нь анхаарал татсан хэвээр.


НАЙМААЧИД ЭЛСЭН ЧИХРИЙН УУТЫГ ӨӨРСДӨӨ ЛААНЫ ХОРГООР НААЖ, САВЛАДАГ

Тун удахгүй наймаачдын халаасыг жилдээ ганц удаа хамгийн ихээр түнтийлгэдэг цагаан сар болно. Үүнтэй зэрэгцээд барааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдээд байгаа. Харин элсэн чихрийн үнэ ямар байгааг сурвалжилахаар хүнсний томоохон захууд болон супермаркет, найман нэрийн дэлгүүрүүдээр явлаа. Эхлээд “Баянзүрх” худалдааны төв оров. Энэ захад элсэн чихэр жижиглэнгээр 1600-1700 төгрөг байх аж. Барааныхаа ард зогсох худалдаачид “Юу авах юм, эгч нь үнийг нь буулгаад өгье. Элсэн чихэр авах гэж байгаа юм уу. Манайх Малайзынх… сайн чанарын элсэн чихэр” гэх мэтчилэн энд тэнд дуудна.

Энэ үеэр тус захад хувиараа гу­рил, будаа, элсэн чихэр зарж буй Н.Алтантуяагаас энэ бүтээг­дэ­хүү­ний талаар зарим зүйлийг асуухад тэрбээр ийн хэллээ.
-Би хүнсний худалдаа эрхлээд гурав, дөрвөн жил болж байна. Ихэнх­дээ “Материалимпекс” ком­па­ниас элсэн чихэр бөөндөж авдаг. Одоо бөөний үнэ нь тус компанид нэг килограмм нь 1200-1300 төгрөг байгаа. Уг нь урдаас хувиараа оруулж ирье гэхээр тээвэр­лэлт энэ тэр гээд маш их зардал гардаг. Тэгэхээр нь энэ компаниас авч байгаа хэрэг. Чухам хаанахын элсэн чихэр юм бүү мэд. Ямар ч бай­сан Малайз, Тайландынх гэж дуулсан.

Түүнчлэн энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаалдаг хүмүүсээс хаанаас элсэн чихрээ авдагийг лавлахад  ихэнх нь дээр нэр дурьдсан компаниас бөөндөж авдаг гэлээ. Сонирхолтой нь задгай савлагаагүй элсэн чихэр авч өөрсдөө лааны хоргоор уутныхаа амсарыг нааж зардаг талаар тэд хэлж байв. Дараа нь “Нарантуул” олон улсын худалдааны төв оров. Энд харин элсэн чихрийн бөөний үнэ нь 50 төгрөгөөр бага байх юм. Гэхдээ уг бүтээгдэхүүнийг бөөнддөг гэх 20-30-аад континер байгаа ч долоо, наймхан хүний мэдэлд байдаг талаар худалдаачид нь хэлж байсан. “Энд манай таван континер байгаа” гэх нэгэн эрээс үнийн талаар асуухад тэрбээр ингэж хариулав.
-Монголд элсэн чихрийг оруулж ирдэг ганцхан компани байдаг шүү дээ. Тэр компаний бидэнд бөөндөж байгаа үнээс хамаараад элсэн чихрийн үнэ төдий чинээ нэмэгддэг. Захын худалдаачид үнэ хөөрөгдөөд байсан юм байхгүй гэж хэлээд, нэрээ хэ­лэхийг хүссэнгүй цааш явав. Супермаркет болон найман нэрийн хүнсний дэлгүүрүүдэд захын ханшаас 200-300 төгрөгөөр өндөр байсан. Учир нь тэд их хэмжээгээр авдаггүй, зөвхөн хэдхэн хоногоор худалдаалах хэмжээндээ тохируулж “Нарантуул”, “Барс” худалдааны тө­вүүдээс нэг килограмм нь 1500 төг­рөгөөр бөөндөж авдаг хэмээсэн.

“МАТЕРИАЛИМПЕКС” КОМПАНИ ЭЛСЭН ЧИХРИЙН 75 ХУВИЙГ ИМПОРТОЛДОГ

Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар энэ сарын эхээр элсэн чихрийн үнэ улсын хэмжээнд хам­гийн өндөр нь Увс аймагт 1900 төгрөг байлаа. Харин хамгийн бага нь Орхон аймагт 1500 төгрөг байв. Энэ талаар Статистикийн хорооны Макро статистикийн газрын шин­жээч А.Баярбилэг “Үнийн хувьд нэг их өөрчлөлт орохгүй байгаа. За­рим алслагдмал аймагт зардлаасаа хамаарч үнэ нь өндөр байгаа” гэсэн юм. Тус газраас улсын хэм­жээ­ний бараа бүтээгдэхүүний жил, сар, долоо хоногийн тайланг гар­­гадаг. Харамсалтай нь элсэн чих­рийг хаанахын ямар компани импор­тол­дог талаар мэдээлэл өгөөгүй. Ха­рин бид Монголд хаанаас ямар компани эл­сэн чихрийн дийлэнх хувийг оруулж ирдэг талаар нэгэн эх сурвал­жаас олж мэдсэн юм. Англиас “Материалимпекс” компани элсэн чихрийн 75 хувийг дангаараа нийлүүлдэг аж. Харин бусад 25 хувийг нь “МCS” болон ундаа үйлд­вэрлэгч компаниуд оруулж ир­дэг гэнэ. Өнгөрсөн оны байдлаар ма­най улс 38.8 мянган тонн буюу 122.8 сая ам.долларын үнэ бүхий элсэн чихэр импортолжээ. Өмнөх он­той харьцуулахад хэмжээ нь 0.8 хувиар нэмэгдсэн байна.  Харин үнэ нь 21 хувийн өсөлттэй гарсан гэнэ. Ингэхдээ Тайланд улсаас 52 хувь, Бразилаас 13 хувь, Австрали, Малай­заас долоон хувь, БНСУ-аас зургаан хувь тус тус дотоодод нийлүүлсэн талаар Макро эдийн засгийн газрын шинжээч Э.Үүрцайх хэлсэн.

“Материалимпекс” компанийн удирлагуудтай уулзаж элсэн чихрийн үнэ, хаанаас импортолдог талаар тодруулав. Тус компанийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн мэргэжилтэн “Манай ком­пани дэлхийд дөрөвт ордог Анг­лийн “Czarnikow sugar” компа­ниас бүтээгдэхүүнээ авдаг. Бразил, Тайланд зэрэг орны элсэн чихэр ма­найд ирж байгаа. Бид уг нь най­маачдад 700-900 төгрөгөөр өгдөг. Гэтэл зах зээл дээр 1500 төгрөг дав­даг нь үндэслэлгүй зүйл” гэсэн. Эл­сэн чихрийн гаалийн албан татвар хүртэл 400 төгрөг байдаг. Гаа­лийн мэргэжилтнүүдийн хэлснээр худал­даачид элсэн чихрийн үнийг 1700 төгрөгт хүргэж буй нь үндэс­лэлгүйгээр хоёр нугалан зарж байгаа хэрэг” хэмээсэн. Дашрамд дурьдахад энэ бүтээгдэхүүний үнэ цаашид нэг их өөрчлөгдөхгүй гэнэ.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж