Энэ газрын даргатай холбоотой яриа хөөрөө аль халуун намраар гарсан. Гарахаас ч аргагүй нөхцөл байдал үүссэн юм. Монголд цөмийн хаягдал булшлах гэрээ хэлэлцээр хийсэн тухай дуулиан зөвхөн энд ч биш, далайн чанадад хүртэл дэгдсэн. Хэн ийм гэрээ хийв, яав ийв гэлцэн шуугиж, бөөн сенсаац дэгдэж байхад албан ёсны болоод албан бус ямар ч тайлбарыг Цөмийн энергийн газар хийгээгүй. Бүр ийм газар Монголд байгаа бил үү хэмээн эрж хайхдаа хүрэхээр нам гүм байсан. Тэгтэл удалгүй дэгдсэн асуудалтай холбоотойгоор авсан арга хэмжээнийхээ тухай Засгийн газрын хуралдаанд Цөмийн энергийн газраас мэдээлэл хийнэ гэсэн зар түгж байв. Гэвч дарга нь ирээгүй тул хойшилсон. Дараа нь ч дахиад дуудсан гэдэг. Хоёр ч удаа болсон юм даг уу даа. С.Энхбат дарга аль алинд нь ирээгүй тул асуудлыг хэлэлцэх боломжгүй байна гэсэн ядмагхан тайлбарыг түшмэлүүд өгч байсан. Хуралдаандаа дуудаад ирүүлж чадаагүйдээ бухимдсан уу Ерөнхий сайд С.Батболд "Ажлаа хийж чадахгүй байгаа, цөмийн хаягдлын талаар элдэв шуугиан гараад байхад мэргэжлийн байгууллагын хувьд тодорхой, үнэн зөв мэдээллийг олон нийтэд тайлбарладаггүй, бодлого нь хэрэгждэггүй, салбарын уялдаа холбоо байхгүй энэ байгууллагын удирдлагатай хатуу хариуцлага тооцох ёстой" хэмээснийг хэвлэлд мэдээлж байсан. Хариуд нь Цөмийн энергийн газрын даргын бие тааруу эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн тайлбар хйисэн гэдэг. Удалгүй дарга нь гадаад руу эмчилгээнд явсан гэж байв. Олон сар эмчлүүлээд С.Энхбат дарга ямартай ч эх орондоо ирж, ажилдаа ч орсон юм билээ. Хүнд хагалгаа хийлгэсэн, эмч гам барь гэсэн гэхчилэн зовлон тоочсон ч ажлаа өгөх хүсэлгүй байсныг нь Ерөнхий сайд тоогоогүй нь С.Энхбат даргыг гомдоож орхиж. Тиймээс шүүхдэж, зарга заальхайдаа хүрч байгаа бололтой юм.
Ер нь Цөмийн энергийн газар байгуулагдсанаас хойш ахиж урагшилсан ажил цөөтэй гэдэг. Цөмийн эрчим хүч, цөмийн ашигт малтмал гээд моодонд орсон энэ салбарт Монголын төр том бодлоготой, том тоглогч байхаар бүхэл бүтэн агентлаг байгуулсан. Хуультай, бодлоготой ч болгосон. Гэвч энэ салбарт хэдэн лиценз хурааж, буцааж тараасан, үүнийхээ хариуд олон улсын шүүхэд дуудагдсан гэхээс өөр дорвитой зүйл сонсогдохгүй байгаа. Дэлхийн анхаарал ураны нөөцөөр чамгүй гэгддэг Монгол руу хэдийнэ хандаж, хамтрах түншлэх сайн сайхан санаа уралдуулан нэг ёсондоо том өрсөлдөөн гадныхны дунд үүссэн. Гэвч манайх энэ бүгдийг ашиглаж чадахгүй л байгаа юм. Наад зах нь хойд хөрштэй хамтран байгуулах “Дорнод уран” гэж компанийн сураг цаасан дээр хэвээрээ. Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд төрийн оролцоог төлөөлөх зорилгоор байгуулсан гэх “МонАтом” компанийн үйл ажиллагааны талаар захирлыг нь халсан гэхээс өөр мэдээлэл алга. Тодорхой бодлого, эрчимтэй ажиллагаа шаардаад буй уран гэж энэ металл дэлхийн цардас бүрхүүлийн хэмжээнд алтнаас 400, мөнгөнөөс 20 дахин их тархалттай. Тэгээд ч сүүлийн жилүүдэд хайгуул судалгаа нь эрс эрчимжиж, жилд дунджаар 31-42 мянган тонн уран олборлож байгаа. Хэрэглээ болоод хэрэгцээг дагаж үнэ өсдөг бөгөөд үүнээс хамаарч энэ салбарт оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэн тэр хэрээр техник технологид нь дэвшил гарч,нөөц нь өсдөг гэхчилэн мэдлэг, хурд аль алийг нь шаардсан энэ салбарт төрийн өмнөөс үүрэг хүлээж, суудал бөглөн хангамж эдлэн суугаа түшмэдүүдээ илүү далайцтай, өргөн хүрээнд сэтгэж ажиллахыг шаардах нь Засгийн газрын тэргүүний үүрэг. Ажлаа хийж чадахгүй бол халж солих нь ч зөв. Харамсалтай нь халагдсан дарга нар нь эргэж ноцоод, шүүхэд гомдол гаргасан нэрээр бүхэл бүтэн агентлагийг эзэнгүйдүүлж төрийн ажлыг ч хамтад нь гацаадаг моод дэлгэрчээ. Моод Монголоор дуусдаггүйтэй адил шүүхэд хандсан албан тушаалтны нэр ч С.Энхбатаар хязгаарлагдахгүй бололтой. Үнэ хөөрөгдсөн хэмээн буруутгагдсан Газрын тосны газрын дарга нар ч мөн шүүх хавиар гүйдэлтэй болоод байгаа гэнэ. Тэд өөрсдийгөө ажлаа хийж чадаагүй гэж огт хүлээн зөвшөөрдөггүй. Харин улс төрйин хавчлагаар л халагдлаа хэмээн гонгинох бөгөөд үүндээ ч өөрсдөө үнэмшчихдэгт л хамаг учир байгаа юм.
Эх сурвалж: ”Өдрийн шуудан” сонин