Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

“Аль ч салбарт ажиллаж чадах хөрвөх чадвартай боловсон хүчин” гэж хэд хоногийн өмнө түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэрийг нь зүтгүүлэхдээ намынхан нь тодорхойлж байв. Бас энэ үеэр хэвлэлийнхэн “Нэр цэвэр хүн” гэсэн удаатай. Энэ бүхэн нөлөөлсөн үгүйг бүү мэд. “Ямартай ч гэсэн бусад горилогчдоо бодвол Д.Цогтбаатар сайдын суудлыг хэл ам татлалгүйгээр өөрийн болгосон юм. Гадаад ха­рилцааны салбар бол түүний хувьд яах аргагүй олонд танигдсан, өөрт нь ойр салбар. Ер нь түүний талаар “Алтны компанитай гэнэ, намдаа цүнх дүүрэн мөнгө хандивласан байна, бааранд бусадтай нударга зөрүүлжээ” гэсэн яриа гарч байгаагүй нь үнэн. Харин одоо бол өөр. Магадгүй иймэрхүү хэл ам гарахыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл тэр өнөөг хүртэл төрийн албан хаагч байсан бол одоо улс төрийн албан тушаалтан болсон. Ялангуяа газрын зөвшөөрөл, байгаль орчны нөхөн сэргээлт, шонхор агнах зөвшөөрөл зэрэг хэрүүл, маргаан дагуулсан олон асуудлыг гартаа атгах учир үнэн ч бай, худал ч бай хэл ам гарч л таарах байх.

Өнөөдөр хотыг бүрхсэн их утаа бол гамшгийн хэмжээнд, тэр байтугай дайн самууны үе шиг болсон. Тэгвэл энэ их утааг багасгах, бүр арилгах нь түүний хариуцах бас нэг чухал ажил. Тэр үүнийг анзаарч өчигдөр “газар дээрээс” нь ажлаа эхэлсэнд олон хүн ам сайтай байна. Бас битүүхэн түүнд найдлага тавьж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд иргэдийг утааны гамшгаас салгах нэрээр төсвөөс хөрөнгө гаргаагүй биш, гаргасан. Даанч тэр их мөнгө элс рүү хийсэн ус шиг л алга болчихдог. Магадгүй юу ч хялайлгаагүй бол өөр хэрэг. Гэтэл үр дүн нь энэ гээд баахан тоо, баримт үзүүлдэг жишиг тогтоод байгаа. Иймд “Зургаахан сар гэж гололгүй үүнийг л нэг цэгцлээд өгөөрэй. Тэгвэл утааг арилгасан гавьяаг тань үнэлж “Утааны сайд” гэж таныг түүхэнд мөнхөлье” хэмээн нийслэлчүүд түүнд хадаг барихад  ч бэлэн байгаа билээ.  

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж