Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахалж байгаа. Харин бүрэлдэхүүнд нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн С.Эрдэнэ, Б.Батбаяр, З.Энхболд, УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүн Р.Раш, С.Бямбацогт, Д.Балдан-Очир, Ц.Цэнгэл нар багтаж буй. Учрыг лавлавал ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг Ардчилсан намынх нь гишүүд дангаараа хуралдаад баталсан. Харин тэрхүү дүгнэлтийг нь Ардын намын бүлгийн гишүүд зөвшөөрөхгүй байгаа ажээ. Ямартай ч ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт “Монголбанк алдагдлаа нөхөх зорилгоор ам.долларын ханшийн эсрэг арга хэмжээ аваагүй. Тиймээс тус банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох, ам.долларын ханшийг 10 орчим хувиар бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзлээ” хэмээн мэдээлсэн юм. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Р.Раш “Ажлын хэсгийн ахлагч үүнийг ажил болгох гэж хөөцөлдсөн. Нээлттэй хэлэлцүүлэг хүртэл зохион байгуулсан. Гэхдээ бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглараад заалт болгон дээр тогтож ярьж амжаагүй байгаа. Төсөл хэлбэрээр тараасан. Түүнтэй танилцсан. Нэгдүгээр заалтад л гэхэд “Ам.долларын ханшийг 10 орчим хувиар бууруулах боломжтой” гэсэн байсан. Тодорхой тоо заасан байна билээ. Тэгж болж байгаа юм уу, үгүй юү. Валютын нөөц гэдэг чинь бодит зүйл. Гэтэл захиргааны ч юм уу, бидний хэсэг бүлэг хүмүүс “Бууруул” гээд чихийг нь мушгиж болж байна уу. Ер нь бол энэ валютын тэнцлийн тухай асуудал. Валютын тэнцэл хол зөрүүтэй байна. Хэдхэн сарын дараа сонгуульд болох гэж байна. Монголын эдийн засаг гадаад валютаас ихээхэн хамааралтай байдаг. Ийм байхад Монголбанк руугаа турхираад байх нь хэр зохимжтой вэ” гэлээ. Тэрбээр өнгөрсөн сарын 6-нд шатахууны үнэ нэмэгдсэнд хэн нэгнийг буруутгахгүй байгаагаа ч хэлж байв. Мөн “Монголбанк валютын ханш нэмэгдэхэд нөлөөлсөн байх. Гэхдээ 10-15 хувьтай. Түүнээс бус 100 хувь тус банкнаас болсон нь юу л бол” гэж онцоллоо. Түүнийг үг хэлж дууссаны дараа ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг “Р.Раш гишүүнээ та таван удаа хуралдахад ганц л удаа ирсэн” хэмээн нүүрийг нь улайлгав. С.Бямбацогт нарын гишүүд ч Р.Раш гишүүнтэй санал нэгтэй байгаа ажээ. Ийнхүү саналаа хэлсний эцэст Эдийн засгийн байнгын хорооны дарга “Уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа” гэсэн юм. Харин байнгын хорооны бусад гишүүд нь “Энэ асуудлыг хойшлуулаад байж болж байна уу. Яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой шүү дээ” гэсээр хоцров. Хуралдаанд оролцохоор ирсэн Монголбанкны удирдлагууд ч “Ажлын дүгнэлтийг хоёр ч удаа сонссонгүй. Дүгнэлтээ нэгтгээгүй гээд хойшлуулаад байна. Гишүүд хоорондоо нэгдэж, асуудлаа судалж үзээгүй юм байлгүй дээ” хэмээн доогтой инээмсэглэсээр гарч явсан юм. Тус банкныхны хувьд “Монголбанк алдагдлаа нөхөх зорилгоор ам.долларын ханшийн өсөлтөд арга хэмжээ аваагүй” гэдгийг үгүйсгэж байгаа ажээ.
"Улс төрийн тойм" сонин