Мөн Сангийн сайд Д.Хаянхярваа “УИХ-аар нэгдсэн төсвийг хэлэлцэх үед байдал амаргүй байсныг ойлгож байна. Гэхдээ Засгийн газрын 2011 оны арванхоёрдугаар сарын 21-ний Засгийн газрын тэмдэглэлд үндэслэн 2012 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэврийг нэмэх төслийг боловсруулан, УИХ-д оруулсан” гэж тайлбарлалаа.
Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Цагаан сарын өмнө бараа бүтээгдэхүүний үнэ өсч, түүнийг дагаад инфляци асар их хөөрөгддөг. Яг энэ үеэр буюу цагаан сарын өмнө цалин, тэтгэврийг нэмэх нь инфляцийг улам өсгөнө. Инфляци өссөний хариуцлагыг Сангийн сайд, мөн Засгийн газар хариуцлага хүлээх үү” гэдгийг лавлав. Сангийн сайд Д.Хаянхярваа “Инфляцийг бууруулах үүрэг нь Монголбанкных. Өнөөгийн байдлаар инфляци 11.2 хувьтай байгаа. Үүнээс хэтрүүлэхгүй байх тал дээр ажиллана” гэсэн юм. Түүнчлэн энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг сануулж, ард иргэдэд, мөнгө, бараа амлахыг хуулиар хориглосон байтал цалин, тэтгэврийг нэмэх хугацааг урагшлуулсан явдал нь нэг талаараа сонгуулийн авлигал гэж харахаас аргагүйд хүрч буйд шүүмжлэлттэй хандлаа. Ер нь УИХ 2012 оны нэгдсэн төсвийг батлахдаа цалин, тэтгэврийн нэмэгдлийн хугацааг хойшлуулсан нь Монгол Улс мөнгөгүйдээ биш инфляциас сэргийлэхийн тулд авсан арга хэмжээний нэг байсан гэдгийг ч онцолж байна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.