Одоогийн байдлаар нэр дэвшигчдийн нэрс тодорсон байгаа. Харин Москва хотноо дан ганц В.Путинг эсэргүүцсэн жагсаал, цуглаан үргэлжилсээр байна. Тэдний дуу хоолой дэлхий даяар цуурайтаж байна. Дэлхийн өнцөг булан бүрт ОХУ-ын одоогийн Ерөнхий сайд В.Путинг эсэргүүцэж буй хүмүүсийг харсаар байна. Өөрөөр хэлбэл, түүнд сонгуульд ялалт байгуулах боломж нь улам багассаар байгааг шинжээчид дүгнэжээ.
Харин В.Путины итгэмжлэгдсэн туслах олон нийтэд дээрх жагсаалыг “Оросын тагнуулын албад хоёр гурван жилийн өмнөөс л одоогийн Москвад болоод буй жагсаал цуглааныг эртнээс төлөвлөсөн гэдгийг сануулж байсан. Улс төрийн байдлыг бусниулах төлөвлөгөөг АНУ-ын Вашингтонд бэлтгэсэн байх магадлалтай” хэмээн АНУ-ыг буруутгав. Мөн Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков “ОХУ-ын улс төрийн системийн шинэчлэл ба либеральчлалд чиглэсэн томоохон өөрчлөлтийг хийхийн тулд ийнхүү жагсаж байгаа юм. Үүний ард их хэмжээний хөрөнгө амласан, магадгүй өгсөн АНУ чухал үүрэг гүйцэтгэж буйг үгүйсгэхгүй” хэмээн мэдэгджээ.
“Большая Якикенко” талбайд өнгөрсөн бямба гарагт хийсэн жагсаалыг сөрөг хүчин “Шударга сонгуулийн төлөө” хэмээн зарлаж байсан. Жагсаалд ойролцоогоор 100 гаруй мянган хүн уг нь нэгдсэн. Гэхдээ үүнийг “Жагсаалд оролцоно гэсэн хүмүүсийн дөнгөж тал нь ирлээ” хэмээн албаныхан мэдэгдсэн билээ. Жагсаалын үеэр Санкт-Петербург хотноо 30 гаруй мянган хүн дэмжиж жагссан юм. Дээрх жагсаалын эсрэг В.Путиныг дэмжсэн 100 мянга гаруй хүн зохион байгуулалттайгаар “Поклонная гора” талбайд мөн жагссан байна. Зохион байгуулалттай гэсний учир тун энгийн. В.Путиныг дэмжсэн жагсагчдын зарим нь “Намайг ажлаас хална, энэ жагсаалд ор гэсний дагуу энд ирсэн” хэмээн ОХУ-ын зарим хэвлэлд ярьжээ.
ОХУ-ын зарим улс төр судлаачид өчигдөр яаралтай хуралдсан талаар “Россия Новости” агентлаг мэдээлжээ. Улс төр судлаач Ж.Анатоли “Манай улсад болж буй жагсаал тайван явагдаж байгаад хамгийн их баярлаж байна. Ирэх гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүр зураг тодорч эхэллээ. Улс төрийн ямар бодлого хаанаас явуулж байгаа нь илт боллоо. В.Путинг эсэргүүцэгчдийн хувьд хүчтэй байр суурьтай байгаа нь харагдаж байна. Харин энэ бүх эсэргүүцлийн үг, жагсаалыг хааж, нуух гэсэн түүний оролдлого бүтэлгүйтсэн хэвээр. Ямартай ч эдийн засгийн бус эрх мэдэл, эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Сонгуулийн дүнг сайн нягтлах ёстой гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Үүний тулд сонгуулийн хороон дахь гадны хяналт маш сайн байх ёстой” гэж иргэдэд анхааруулжээ.
ОХУ-ын эх орончдын хүчнийхний цуглаан болон сөрөг хүчнийхний арга хэмжээнүүд ямар нэгэн зөрчилгүй болж өнгөрсөн. “Поклонная гора”-ийн Засгийн газрыг дэмжих цуглааныг зохион байгуулагчдын нэг Надежда Корнеева цагдаагийнханд саатуулагдсан. Түүнийг өчигдөр сулласан талаар эх сурвалжууд онцлов. Зохион байгуулагчдын мэдэгдлийн дагуу арга хэмжээнд 15 мянган хүн оролцох ёстой байж. Харин Дотоодыг хамгаалах яамны авсан тоо баримтаар 15 мянга нь 130 мянга хол давжээ. Үүнээс болж цагдаагийнхан нийслэлийн гол урсгал зам болох Кутузовын өргөн чөлөөг хаахаар болсон аж. “Шударга сонгуулийн төлөө” цуглаанд улстөрийн хоригдлуудыг чөлөөлж, Сонгуулийн төв хорооны тэргүүн Владимир Чуровыг огцруулахыг шаардсан. Улмаар “Яблоко” намын тэргүүн Григорий Явлинскийг гуравдугаар сарын 4-нд болох Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг шаардсан тогтоолыг батлуулснаар жагсаал өндөрлөсөн юм. Жагсаалын үеэр хүний амь нас эрсдээгүй. Жагсаал тайван болсонд иргэд талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Өмнө нь иймэрхүү жагсаал хийхэд удирдагчийг нь баривчлан жагсагчдыг хүчээр тараадаг байсан талаар BBC агентлаг онцолсон юм.
В.Путин “Ведомости” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ “Орчин цагийн технологийн баазад, дээр суурилсан, өрсөлдөх чадвартай аж үйлдвэртэй шинэ эдийн засаг Орос оронд хэрэгтэй байна. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд Ерөнхий сайд миний бие хэд, хэдэн шийдвэрийг санал болгож байна. Технологийн хоцрогдлыг арилгах ЗХУ задарснаас хойш ОХУ өөрийн эдийн засгаа дэлхийн эдийн засагт интеграцчилах боломжтой байсан. Гэвч ийм боломж гараагүй. Харин үүнийг байгалийн баялгийнхаа хүчээр хийж чадлаа. Улс орны хүнд үйлдвэрлэл бараг хаягдсан байдалтай байна. ОХУ өнөөдөр ч гэсэн хэрэглээний бараа, технологиос бараг бүрэн хамааралтай хэвээр байна. Энэ байдлыг халах цаг нэгэнт болсон” хэмээжээ.
ОХУ-ын эдийн засагч Дмитрий Каталевский “Ерөнхий сайд тулгараад буй асуудлыг зөв тавьсан. Хамгийн гол нь хэрхэн шийдвэрлэх арга нь ойлгомжгүй байна. Хээл хахуулийг багасгах хэрэгтэй хэмээн тэрбээр хэлсэн. Гэхдээ яаж багасгах юм бэ. Энэ нь ойлгомжгүй байна. Хувийн болон улсын хөрөнгө оруулалтын харьцаа бас тэнцүү бус байдалтай байна. Үнэн хэрэгтээ дэлхийн туршлагатай харьцуулахад манай улсын компаниуд гэдэг бас тийм ч муу ажиллаад байгаа юм биш. Эдийн засаг дахь улсын хувийг багасгаад хэрэггүй гэж бодож байна. Харин эдгээр компаниуд нь ил тод байх ёстой гэдэг нь ойлгомжтой. Учир нь компаниудад чухам юу болж байгаа, санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулдаг зэргийг ойлгож байгаа хүн ховор бололтой. Энэ байдал хээл хахуульд идэгдэх таатай уур амьсгалыг бий болгож байгаа юм. Тэгэхээр улсын байгууллагууд өнөөгийн байдлаараа илүү үр ашиггүй юм” хэмээн онцолсон юм.
Энэ бүгдээс үзэхэд ирэх сарын 4-ний өдөр болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ширүүн болох төлөвтэй байна. Мөн гадны ажиглагчдын анхаарах ёстой зүйлийн нэг нь Сонгуулийн төв хороон дахь хяналтаа сайжруулах шаардлагатай юм байна.
"Улс төрийн тойм" сонин