Энд нэг зүйлийг дахин хэлэхэд төр импортлогч компаниудын ашгийн хувийг хуулиар тогтоож өгөхгүй л бол төрд импортлох эрхээ алдсан компаниуд өнөөдрийнх шиг үнийг нэмж, бууруулахдаа төр юү гэх бол гэж амыг харахгүй нь лавтай. Нөгөөтэйгүүр өнөөдөр Нигери улсад үүсээд байгаа шатахууны хомсдол яг энэ зургийн дагуу явснаас үүдсэн байдаг. Төр нь шатахууны эрхийг гартаа авч, хувийн компаниудаар жижиглэнгийн борлуулалтыг хийлгэж үзсэн ч өнөөдөр төр нь алдагдлаа дийлэхгүй хүнд байдалд орчихоод байгаа. Манайд ч бас 1990-ээд онд байдал иймэрхүү байсан. Тэр үеийн НИК-ээс жинхэнэ утгаараа төрийн тэрбумтнууд мэндэлж байсан гэдэг. Тэнд шахааны бизнес, бусад амбицууд цэцэглэж, төрийн дарамт улам л нэмэгдэх болно. Төрийн дарамт ганц үүгээр дуусахгүй байх. Стратегийн том ордуудыг эргэлтэд оруулахаар ид яригдаж байгаа үед хойд, урд хоёр хөршийн бодлогын дарамт бас л төрд ирнэ. Төр тэднээс шатахуун гуйж авч байгаа бол зөрүүлээд хөршүүд маань манай төрөөс юм гуйх л болно.
• Заавал төр импортыг гартаа авахгүйгээр шийдэж болох гарцууд бас байна. Хамгийн энгийн арга бол Эрсдэлийн сан байгуулж болно. Бид Зүүнбаянгаас түүхий нефть олборлосон хэрнээ боловсруулахгүйгээр экспортлоод байна гэж шүүмжилж байгаа. Нэгэнт боловсруулах үйлдвэртэй болтлоо тэр газрын тосыг экспортлохоос өөр замгүй. Харин тэр түүхий тосны экспортоос орж ирж байгаа мөнгөөр Эрсдэлийн сан байгуулж, үнийн зохицуулалтад ашиглаж болох юм. Үүн дээр үнэ тогтвортой байх үед компаниудаас авдаг татваруудыг нэмж болно. Шатахууны үнэ огцом өссөн үед импортлогч компаниудад Эрсдэлийн сангаас тодорхой хэмжээний татаас өгч, үнийг тогтвортой барьж болох юм. Газрын тосны олборлолт, экспортоос 2009 онд 29.7 тэрбум, 2010 онд 57.2 тэрбум, 2011 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар 51.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байна.
Энэ тоо цаашид ч нэмэгдэх болохоор мөнгө нь ихдээд байгаа улсын төсөвт газрын тосноос орж ирж байгаа мөнгийг оруулахгүйгээр тусад нь санд оруулж болохгүй гэх газаргүй. Нөгөө талаас нь харвал түүхий нефтийн экспортын орлогоо боловсруулсан бүтээгдэхүүнд зарцуулж байгаа л нэг хэлбэр шүү дээ. Магадгүй импортлогч компаниудыг өөгшүүлж байна гэсэн шүүмжлэл гарч таарна. Гэхдээ нэгэнт импортлогч компаниудыг ашиггүй ажилла гэж хэлж чадахгүй хойно тэдний ашгийн түвшинг хянаж, татаас олгох нь харин ч төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцож, хамтран ажиллах сайн гарц байж мэдэх юм. Ингэснээр валютын ханш, хилийн үнэ нэмэгдсэн ямар ч тохиолдолд татварын зохицуулалтын аргаас гадна шатахууны үнийг тогтвортой бариад байх боломжтой. Мэдээж үнэ хямдарсан үед татаас өгөх албагүй, татвараа авдгаараа авч, Эрсдэлийн сангийн мөнгийг хуримтлуулж болно.
• Өөр нэг арга нь импортлогч компаниудад Монголбанкнаас доллар гаргаж өгөх зэрэг бусад арга замаар валютын үнийн өсөлтөөс хамаарсан шатахууны үнийн өсөлтийг тогтвортой байлгаж болно. Энэ удаагийн үнийн өсөлтийн гол шалтгаан нь долларын ханш өссөнтэй холбоотой. Долларын ханш өсч байх үед ЭБЭХЯ, импортлогч компаниуд Төв банкнаас арай хямд үнэтэй доллар гаргаж өгөхийг хүсч байсан гэсэн. Харин Монголбанк валютын нөөцөө хамаагүй үрэхийг хүсээгүй болохоор татгалзаж, үр дүнд нь өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна.
Хэрэв Монголбанкнаас долларын ханш өндөр, тодруулбал 1400 төгрөгөөс дээш гарсан тохиолдолд компаниудад арай бага үнээр доллар нийлүүлэх зохицуулалт хийж өгвөл доллараас хамааралтай шатахууны үнийн өсөлтийг тогтвортой байлгаж болно. Импортлогч компаниуд сардаа 100 орчим сая долларын төлбөрийг гадагш нь шилжүүлдэг аж. Энэ долларыг л тогтвортой үнээр нийлүүлээд байхад болно. Мэдээж нөгөө талд Монголбанкинд эрсдэлтэй алхам. Валютын нөөц бол ганцхан шатахууны үнийг зохицуулахад ашигладаг нөөц биш болохоор сар бүр 100 сая долларыг хаа хамаагүй гаргаад байж таарахгүй. Тийм болохоор энэ тал дээр Засгийн газар Төв банктай хамтран ажиллавал илүү үр дүнд хүрч магадгүй юм.
С. Болд