Сонгуулийн талаар НҮБ-тай хамтарсан төсөл баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Сонгуулийн талаар НҮБ-тай хамтарсан төсөл баталлаа

Өнөөдөр 15.30 цагт “Сонгуулийн тогтолцоогоор дамжуулан төлөөлөл, оролцоог хангах нь” төсөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Акбар Усмани нар гарын үсэг зурлаа. Энэ үйл ажиллагаанд СЕХ-ны дарга Н.Лувсанжав, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж нар байлцсан юм. Төслийг 2010-2011 онд хэрэгжүүлэх аж.
Төслийг хэрэгжүүлэх хүрээнд сонгуулийн шинэтгэлийн талаар мэтгэлцээн, хэлэлцүүлэг явуулахад мэдлэг, мэдээллийн суурь бий болгох, жинхэнэ төлөөлөл бүхий ардчиллын зарчим, хэм хэмжээг эрхэмлэсэн шинэтгэлийн талаар олон нийтэд ойлголт өгөх арга хэмжээ авах юм байна. Мөн Сонгуулийн хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэгт техник туслалцаа үзүүлэх, Улс төрийн намуудын тухай хуульд шинжилгээ хийх, улс төрийн намын бодлого боловсруулах, нэр дэвшигчдийг тодруулах, бэлтгэх, намын байгууллагын бүтэц, чиг үүрэг, үйл ажиллагаанд үнэлгээ хийхэд техник туслалцаа үзүүлэх зэрэг ажил хийх ажээ.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн хоёр ч төслийг одоо парламентаар хэлэлцэж буй. Үүнтэй холбогдуулан олон улсын зөвлөх профессор Бэнжамин Райлийг Монголд урьж ажиллуулахаар болжээ. Тэрбээр УИХ-ын ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын гишүүд, СЕХ, Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо, улс төрийн намууд, иргэний нийгэм, үндэсний экспертүүдийн төлөөлөгчидтэй уулзаж сонгуулийн хуулийн төслөөр санал солилцох юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж