Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын хаалга ТББ-уудад хаалттай байна

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын хаалга ТББ-уудад хаалттай байна

Монголын худалдаа эд хэрэглэгчдийн хоршооллын /МХЭХХ/төв холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нээлттэй нийгэм форумаас “Нээлттэй засаглал хөтөлбөр”-ийн хүрээнд төрийн байгууллагын  албаны ил тод нээлттэй байдалд хяналт тавих “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл” төсөл шалгаруулах уралдаан зарласан аж. Энэхүү төсөлд МХЭХХ төв холбоо шалгарч  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын үйл ажиллагаатай танилцаж, алдаа дутагдлыг судлах ажлаа эхлэх гэсэн боловч саад учраад байгаа гэнэ. Тус холбооны үйл ажиллагааны чиглэл нь өөр атлаа ямар учраас  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын үйл ажиллагаанд мониторинг хийх болсон талаар тус холбооны хуулийн зөвлөх, өмгөөлөгч Ш.Жаргалсайханаас тодрууллаа.
-Танай холбоо ямар зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  мониторинг хийх болсон юм бэ. Зарим эх сурвалж таныг энэ газар ажиллаж байсан, “но”-той бүх зүйлийг мэддэг учраас ийм зүйл хийж байгаа гэх юм?
-Манай гишүүн аж ахуйн нэгж байгууллага, хууль эрх зүйн зөвлөгөө авдаг газрынхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааны талаар удаа дараа гомдол гарган, мөн хохирч байгаагаа хэлдэг. Тэдний хэт хүнд сурталтай, ажилдаа хойрго ханддагаас болж олон иргэн өр авлагаа авч чадахгүй хохирсоор байдаг тухай баримттай хэлдэг. Тиймээс бид энэ төсөлд оролцон мониторинг хийе гэж шийдсэн юм. Бид эхний ээлжинд тус газрын хууль эрх зүйн акттай танилцан, хууль эрх зүйн орчинг сайжруулах чмар арга зам байгааг тогтоон, тулгамдаж байгаа асуудлыг холбогдох газарт нь өгч асуудлыг шийдэх зорилготой байсан юм. Гэтэл ажил хийх боломжгүй болоод байгаа юм.
-Та бүхэн хуулийн дагуу төсөлд хамрагдсан биз дээ?
-Тиймээ, бид хуулийн дагуу оролцоод ялсан хүмүүс. Гэтэл баримт материалтай танилцья гэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын дарга төсөл бичихдээ надаас зөвшөөрөл аваагүй гээд ажил хийх боломж олгохгүй байна. Зүй нь түүнээс зөвшөөрөл авах шаардлага байхгүй. Мөн манай газрын баримттай танилцахад прокуророос зөвшөөрөл ав гээд байгаа юм.  
-Та бүхэн ажлаа эхлээгүй байгаа юу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаанаас болж хохирсон иргэний олон баримт байна гэсэн. Энэ баримтыг хаанаас олсон юм бэ?
– Бид мониторингийн ажлаа эхэлсэн. Эхний ээлжинд 100 иргэнээс санал асуулга авахад тус газрын үйл ажиллагаанд  үнэхээр сэтгэл дундуур байдаг юм байна. Зарим баримтаас харахад иргэнд хохирол учруулсан хүн хөрөнгийн эх үүсвэртэй, үл хөдлөх хөрөнгөтэй байсаар байтал шийдвэр гүйцэтгэгч нар түүнийг төлбөрийн чадваргүй гэж акт гарган шүүхээр захирамж гаргуулан хохирсон иргэнийг давхар хохироосоор байна. Түүнээс гадна гүйцэтгэлийн урамшууллаас болж шийдвэр гүйцэтгэгч нар хойрго хандан иргэдийг хохироосоор байгаа нь харагдлаа. Тухайлвал, их хэмжээний төлбөртэй, төлбөрийн чадвартай хэргийг шуурхай шийдэн урамшууллаа авдаг бол ажиллагаа ихтэй бага төлбөртэй хэргийг үл ойшоодогоос болоод иргэд хохирч байна. Бид мониторингийн явцад хохирогч мөнгөө авах гэж гүйдэг бус хууль зөрчсөн иргэн өөрөө хариуцлагаа хүлээж, төлбөрөө барагдуулах гэж гүйдэг хууль эр зүйн орчинг бүрдүүлэхийг хүссэн гэв.
Тус хуралд иргэн Л.Халтар оролцлоо. Тэрбээр 2002 онд “Престиж” ХХК-ийн дэд захирал н.Цагаанд 22.500 ам.доллараа зургаан сарын хугацаатай хүүтэй зээлдүүлсэн юм байна. Хугацаа нь болоход зээлдэгч мөнгийг нь аваад ор сураггүй алга болсон учир Баянзүрх дүүргийн шүүхэд хандан шийдвэр гаргуулсан аж. Гэсэн ч 10 сая төгрөгөөс өөр ямар ч мөнгө аваагүй найман жил болж байгаа аж. Энэ мэтчилэн хохирсон иргэн олон байгаа учир иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс цаашид ажиллахаа тус холбооныхон хэллээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2009 онд 23585 гүйцэтгэх хуудас, 52.2 тэрбум төгрөгний асуудлыг шийдэх ёстойгоос 16150 гүйцэтгэх хуудас, 44.6 тэрбум төгрөгний асуудлыг шийдсэн юм байна. Энэ нь гүйцэтгэвэл зохих хуудасны 68.5 хувь, мөнгөн дүнгийн 76.6 хувийг гүйцэтгэсэн гэсэн дүн гарчээ.

Х.Хангал 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж