УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Монгол орны улс төрийн цикл дөрвөн жилээр эргэдэг. Үүний хоёр, гурван жилийг сонгууль хийсээр байгаад өнгөрөөдөг. Яг хийж бүтээдэг, улс орны хөгжлийн төлөө анхаардаг цаг хугацаа маш бага. Тийм учраас хийж бүтээх, хөгжилдөө анхаарах цаг хугацааг зайлшгүй уртасгах шаардлага өнөөдөр байна. Ганц жишээ хэлэхэд 2012 оны зун УИХ-ын сонгууль болно. Хэрэв орон нутгийн сонгуулийг тусад нь явуулна гэвэл намар болно. Энэ он бол үндсэндээ ямар ч ажил байхгүй сонгуульдаж улстөржсөөр байгаад дуусна. Дараагийн 2013 он дөнгөж гармагц Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ирэх жил тэр чигээрээ Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалж байгаад дуусна. Цаана үлдсэн хоёрхон жилд юм хийж амжих уу, үгүй юү. Тэгээд 2016 он дөхөөд ирэхээр дахиад улстөржинө.
Улс орны хөгжил, тогтвортой байдлыг хангах гол үзүүлэлт бол улстөрждөг, сонгууль хийдэг хугацааг аль болох багасгах асуудал юм. Тиймээс бүх шатны Хурлын сонгуулийг нэг өдөр явуулах нь хүн хүчний хувьд ч, улс орны тогтвортой хөгжлийг хангах үүднээс ч хамгийн ашигтай хувилбар байгаа юм.
Нэг зүйл тодруулж хэлэхэд сонгуулийг тусдаа явуулах гээд байгаа нөхдийг би сайн ойлгохгүй байна. Магадгүй, УИХ-ын сонгуулиар гарах магадлал муутай ч юм уу, нэр дэвших боломж муутай хүмүүс дараагийн шатанд очиж орон нутгийн сонгуульд нэр дэвшиж өөртөө ямар нэг улс төрийн орон зай бий болгох гэж оролдсон яриа хөөрөө яваад байна л гэж ойлгоод байна.
АН-ын гишүүдийн санаачилсан төсөл Засгийн газарт байгаа. Гэхдээ Засгийн газраас заавал санал авах албагүй. Хуулийн хугацаатай. Тэр хугацаа дуусвал шууд УИХ-д өргөн барих эрхтэй. Яаж ийгээд намрын чуулганд багтаахын төлөө бид орно. МАН-ын бүлгийнхэн асуудалд яаж хандахыг мэдэхгүй. Одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар олонх цөөнхийн асуудал байхгүй. Угаасаа УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулна гээд 2008 онд хуульчилчихсан.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Би нэг зүйлийг зориуд сануулъя. МАН буюу тэр үеийн МАХН-аас 2008 онд Сонгуулийн төгөлдөршил гэж зарласан. Тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр тэгж зарласан шүү дээ. Тэр төгөлдөршилийн хүрээнд УИХ, орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах нь зүйтэй юм байна гээд хууль батлуулсан. Тэгсэн гурван жил баахан сонгуулийн хууль ярьж байснаа МАН өнөөдөр түүнээсээ буцчихлаа. Тэгэхээрээ МАН төгөлдөршлөөсөө буцлаа, шинэчлэлээсээ ухарлаа гэж хэлж болно. Хоёр сонгуулийг цуг явуулах тусмаа цаг хугацаа хэмнэнэ. Хугацаа хэмнэнэ гэдэг бол мөнгө, зардал хэмнэнэ гэсэн үг. УИХ-ын сонгуультай жил тэр чигээрээ сонгууль болдог. Түүнээс татгалзах хэрэгтэй. Дэлхий нийтээрээ парламент, орон нутгийн сонгуулиа хамт явуулж байгаа.
МАН-ынхан сонгууль цуг хийх нь хүндрэлтэй гэж сурталчилж байгаа. Орон нутгийн сонгуульд 8000 орчим хүн өрсөлддөг. Түүн дээр УИХ-ын сонгуулийг нэмэхэд нэр дэвшигч 10 хувиар л нэмэгдэх байх. Түүнд боломжгүй зүйл байхгүй. Машинаар санал тоолох тусмаа энэ амархан байх болно. Нэг том цагаан цаасан дээр бүх нэр дэвшигчээ хэвлээд л гаргаад ирнэ. Хөндлөнгийн өөр ямар нэгэн нөлөөлөл байхгүй.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг:
-Хоёр сонгуулийг зэрэг явуулах хуулийн төсөл Засгийн газар дээр байгаа. Төслийг лхагва гаригт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж санал өгөх байх гэж бодож байна. Тэгсний дараа УИХ-д өргөн барина. Намрын чуулганаар хэлэлцэж амжих байх гэж бодож байна.