Хоёр сонгуулийг зэрэг хийх боломж бий юу?

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Хоёр сонгуулийг зэрэг хийх боломж бий юу?

Хоёр сонгуулийг зэрэг хийх боломж бий юу?

УИХ-ын болоод Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу хоёр сонгуулийг нэг өдөр зохион байгуулахаар заасан юм. Харин сүүлд өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх төслөөр энэ заалтыг хүчингүй болгох гэж буй аж. Энэ талаар манай сонин өмнө цувралаар хүргэж байсан бөгөөд энэ удаад гишүүд ямар байр суурьтай байгааг “АЭ“-ийн чуулган хүргэж байна.


Я.БАТСУУРЬ: БҮГД Л ХОЁР СОНГУУЛИЙГ ХАМТАД НЬ ЯВУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

-Дөрвөн жилд гурван тусдаа сонгууль явуулахаар асар их зардал, цаг хугацаа алдаж, чирэгдэл удсан ажил болдог. Гурвууланг нь нэг өдөр явуулдаггүй юм аа гэхэд хоёрыг нь эхний ээлжинд хамт явуулах үнэхээр ашигтай. Асар их зардал, цаг, мөнгө хэмнэнэ. Иргэдэд ч гэсэн сонгууль асар их чирэгдэл учруулдаг шүү дээ. Тиймээс нэг удаагийн сонгуулиар орон нутгийн болон УИХ-ын сонгуулиа хамт явуулах нь зөв. Би дэмжиж байгаа. Элдэв сөрөг үр дагавар гарахгүй байх гэж бодоод байгаа. Хөдөөгүүр явж иргэд сонгогчидтой уулзахад бүгд л хоёр сонгуулийг хамтад нь явуулахыг дэмжиж байна билээ.


Р.БУД: ЗЭРЭГ ЯВУУЛАХ БОЛОМЖ ХАРАГДАХГҮЙ БАЙГАА ЮМ

-Өмнөх УИХ-ын үед УИХ, Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулдаг байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Тухайн үед би эсрэг санал өгсөн. Сонгуулийг зэрэг явуулснаар зардал хэмнэх сайн талтай гэж зарим гишүүн ярьж байгаа нь үнэн. Манай улс парламентын засаглалыг сонгоод дөнгөж 20 гаруйхан жил боллоо. Төлөвших болоогүй байна. Ийм нөхцөлд хоёр сонгуулийг тусад нь явуулдаг байх хэрэгтэй. УИХ-ын сонгуулийг аймаг, сумын төрийн хэдэн албан хаагч, арай дөнгүүр боловсрол, мэдлэгтэй хүмүүс зохион байгуулдаг. Тэд чинь өөрсдөө орон нутгийн сонгуульд нэр дэвшинэ. Ийм байхад УИХ, Орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах боломж харагдахгүй байгаа юм.

Г.БАЯРСАЙХАН: ХАМТАД НЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Хамтад нь явуулах хэрэгтэй. Тусад нь явуулахаар цаг хугацаа, хөрөнгө мөнгөний үргүй зардал гаргадаг. Тиймээс хамтад нь явуулснаар үүнийг багасгах давуу талтай. Бидний найр наадам их олон байна, сонгууль нь ч их олон хоног байна. Сонгуулиа нэг өдөр явуулна гээд аль 2008 онд шийдчихсэн шүү дээ. Тэгэхээр бүх сонгуулийг нэг өдөр явуулах нь зөв зүйтэй гэж үзэж байна. Сонгуулийн нэг өдөр явуулах нь ядаж иргэд болоод төрийн ажилд ч маш их чирэгдэл учирдаг. Хавар нэг баахан УИХ-ын сонгууль гэж айл гэр, албан байгууллага, улсын ажил алдагдаад, намар нь бас Орон нутгийн сонгууль гээд бужигнадаг. Ийм байж болохгүй, энэ үүднээсээ нэг явуулдаг байх нь зүйтэй. Сонгууль гэж бид ард иргэдийнхээ ажлыг алдагдуулж болохгүй. Мөн нөгөөтэйгүүр сонгуулийг нэг өдөр явуулж дууссанаар иргэдийн улс төржих явдал ч багасана мөн улс орны төсөвт хэмнэлттэй.

Ж.СҮХБААТАР: ХОЁР СОНГУУЛИЙГ ЗЭРЭГ ЯВУУЛАХ ИХ ЭРСДЭЛТЭЙ ЮМ

-Харин боломж тун хомс болчихоод байна. Чи бод доо, орон нутагт нийт 7721 хүн сонгогддог. Тэгэхээр дор хаяж 15 мянга гаруй хүн нэр дэвшинэ гэсэн үг. Дээрээс нь УИХ-д 76 хүн сонгогдоно. Нэг тойрогт таван хүн нэр дэвшихээр тооцоолбол 400 гаруй хүн өрсөлдөх нь. Ингээд тооцоолбол УИХ болоод орон нутгийн сонгуульд дунджаар 16 мянган хүн нэр дэвших байгаа биз. Ингээд сонгуулийн дүн гарахад 8000 нь ялагдал хүлээнэ. Ялагдаж буй нам, нэр дэвшигч ихэнх нь ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс энэ ялагдал хүлээх 8000 хүнээс хэд нь хүлээн зөвшөөрөхгүй зарга үүсгэх бол. Ингээд бодохоор хоёр сонгуулийг зэрэг явуулах их эрсдэлтэй юм. Тэгээд ч ийм том хэмжээний сонгууль зохион байгуулахад хэдэн хүн оролцох вэ, хэчнээн хэмжээний зардал гарах вэ, сонгогчид ч бас хэчнээн хүний нэр дугуйлах вэ гээд бэрхшээл ихтэй. Тиймээс үүнийг эргэн харж, хоёр тусад нь сонгууль явуулах нь зөв гэж бодож байна.

Д.ДОНДОГ: ХЭТЭРХИЙ НҮСЭР БОЛОХ ЮМ БИШ ҮҮ

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга өмнө нь хоёр сонгуулийг хамт хийвэл хэтэрхий нүсэр болно гэдгийг учирласан. УИХ-ын сонгуулийн хуулиар бол хоёр сонгуулийг нэг өдөр явуулахаар байгаа. Гэхдээ манай намын бүлгийн олон гишүүн зэрэг явуулах боломжгүй гэж үзсэн. Орон нутгаас ч ийм санал олноор ирдэг. УИХ-ын сонгуулийн үеэр тойрог, хэсгийн хороодод хүмүүс ажилладаг. Сонгуулийн штабт ажилладаг хүн УИХ-ын сонгуулийн тухайн хэсгийнхээ зохион байгуулалтад оролцмоор , өөрөө орон нутагт нэр дэвшмээр болно. Тиймээс олон хүний эрх ашгииг хөндсөн давхцал үүсэх гээд байгаа юм. Сонгуулийн штабт ажиллах мэдлэг боловсрол, зохион байгуулах чадвартай хүн орон нутагт их цөөхөн шүү дээ. Энэ бүхнийг тооцсоны үндсэн дээр хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй гэж үзэж байгаа юм.

Ж.ЭНХБАЯР: МӨНГӨНӨӨС ИЛҮҮ ТОМ ЭРХ АШИГ ЦААНА НЬ БИЙ ШҮҮ ДЭЭ

-Хэрэв хамт явуулбал улс орон даяар улстөржилт, хэт өрсөлдөөнд орох нөхцлийг бий болгоно. Мөнгөнөөс илүү том эрх ашиг цаана нь бий шүү дээ. УИХ-ын сонгуулийг явуулах гэж асуудал үүсдэг. Тэгтэл орон нутгийн бүх нэгжийн эрх мэдлийн хуваарилалтыг нэг дор хийхэд маш олон хүн ялагдал хүлээнэ. Бас хэдэн мянган хүн сонгуульд оролцох вэ, үүнийг дагаад хэд нь сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулах вэ гэх мэт олон асуудал бий. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг маш нухацтай авч үзэх хэрэгтэй. Ялангуяа баг, хороо, сумын удирдлага, Иргэдийн төлөөлөгч, орон нутгийн удирдлагын байгууллага байгуулж байгаа үйл явц зэргийг их тодорхой болгох ёстой. Гэтэл одоо аймаг, суманд хэн олон ах дүүтэй нь сонгогддог байх жишээтэй. Тиймээс орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тусад нь авч үзэх зайлшгүй шаардлагатай.

Д.ЗАГДЖАВ: 2008 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРД БАТАЛСАН ХУУЛИАР ҮҮНИЙГ ШИЙДСЭН

-Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамт явуулах учиртай. 2008 оны дөрөвдүгээр сард баталсан хуулиар үүнийг шийдсэн. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил гэж заасан. Одоо “Зургаадугаар сард бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байна” гэж ярьж байгаа. Саяхан сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. Түүнээс өмнөхөн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хууль тогтоох байгууллага нь өөрөө өөрчилж, баталсан. Хууль ийм байгаа нөхцөлд сонгуулийг хуулийн хүрээнд хамтад нь явуулах ёстой. Хууль нь ч тийм юм. УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд гар хүрч болохгүй. УИХ-ын сонгуулийн тухай хууль гэдэг бол орон нутгийн сонгуультай адилхан ойлголт. УИХ-ын сонгуулийн үргэлжлэл нь орон нутгийн сонгууль байдаг. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн хуулийн хугацааг мөрдөхөөс өөр арга байхгүй. Тиймээс орон нутгийн сонгуулийг тэдэнд явуулна гэсэн яриа байх ёсгүй.

Д.ЭНХБАТ: ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАР БАЙХГҮЙ Л БАЙХ

-Миний харж байгаагаар УИХ-ын болоод орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулах боломжгүй л гэж шийдэж байх шиг байна. Ер нь зэрэг явуулах ч боломж байхгүй байх. Үнэхээр хуулиар нэг өдөр сонгууль явуулна гэж заасан байгаа. Үнэнийг хэлэхэд цоо шинэ хууль, цоо шинэ техник гээд л хэцүү л дээ. Тэгээд ч орон нутгийн сонгуульд хэдэн мянган хүн оролцдог шүү дээ. Энэ бүх сонгуулийн тойргууд нэг байх хэрэгтэй болно. Товчоор хэлэхэд үүнийг зохион байгуулах чадвар байхгүй л байна.

Н.ЭНХБОЛД: ХОЁР ТОМ СОНГУУЛЬ ЗЭРЭГ ЯВУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ

-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар энэ хоёр сонгууль хамт явах ёстой. Асуудал бий. Ялангуяа орон нутгаар явж ажиллахад иргэд саналаа ярьж байна. Сонгууль зохион байгуулж ирсэн, зовлон, жаргалыг нь мэдэх хүмүүстэй ярилцаж байхад хоёр том сонгууль зэрэг явуулахад хүндрэлтэй асуудал их гарна гэдэг. Дээр нь анх удаа автоматаар санал хураах гэж байна. Урьд нь” хэрэглэж байгаагүй арга. Тиймээс эргэлзэж байгаа олон хүн бий. Хоёр сонгуулийг зэрэг явуулах нь ихээхэн техник ажиллагаатай. Зэрэг явуулья гэхэд маргаан дагуулах болов уу гэсэн асуудал нэлээн гарах байх. Асуудлыг ярилцана.Одоогоор энэ хууль хүчин төгөлдөр байгаа шүү дээ.

Р.ГОНЧИГДОРЖ: ТЕХНИК АЖИЛЛАГААГ ХЯЛБАРШУУЛСАН ТОХИОЛДОЛД ХҮМҮҮСИЙН ТӨСӨӨЛЖ БУЙ ХҮНДРЭЛҮҮД ГАРАХГҮЙ

-Аливаа зүйл эерэг, сөрөг талтай. Сөрөг зүйл гэж чухам юуг хэлж байгаагаас асуудал гарна. Санал тоолох, дүгнэх зэрэг хүндрэл гарч болно. Гэхдээ санал тоолох системд автоматжсан системийг нэвтрүүлсэн тохиолдолд бэрхшээл арилна. Ингэж хамтад нь явуулснаар сонгуулийн хороонд ажиллах хүмүүс хүрэхгүй гэх яриа гарч байгаа. Ер нь сонгууль явуулах техник ажиллагааг хялбаршуулсан тохиолдолд хүмүүсийн төсөөлж буй хүндрэлүүд гарахгүй. Миний хувьд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах нь зөв шийдэл гэж боддог. Яагаад гэвэл бүтэн жилийн хугацаанд улстөржих байдлыг арилгаж байгаагаараа харин ч ач холбогдолтой. Мөн хоёр сонгуулийг хамтад нь явуулбал сонгогчид саналаа нэгдмэл байдлаар өгөхөд тустай. Орон нутаг харьцангуй биеэ даасан боловч төрөөс батлах хуулийн бодлогоос шууд хамааралтай байдаг. Энэ харилцан хамаарал нь сонгогчдын сэтгэлд орших ёстой. Нөгөө талаас төсөв зардлын хувьд ч илүү өртөг багатай болно.

Р.РАШ: ХАМТАД НЬ ХИЙВЭЛ ХОЛИОН БАНТАН БОЛНО ШҮҮ ДЭЭ

-УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг тусад нь хийх хэрэгтэй. Хамтад нь хийвэл холион бантан болно шүү дээ. Иргэдийг төөрөгдүүлсэн олон нэр орон нутаг юм уу, улсын хэмжээнийх юм уу гэдэг ойлгомжгүй болно. Иргэдийн улстөрийн боловсрол нэг үеэ бодвол дээрдсэн. Гэхдээ хуульд тодорхойгүй зүйл олон бий. Тиймээс сонгуулийг өмнөх шиг нь хавар, намарт нь зохион байгуулах шаардлагатай. Миний хувьд орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах нь маш зөв шийдэл гэж боддог. Яагаад гэвэл бүтэн жилийн хугацаанд улстөржих байдлыг арилгаж байгаагаараа харин ч ач холбогдолтой. Мөн хоёр сонгуулийг хамтад нь явуулбал сонгогчид саналаа нэгдмэл байдлаар өгөхөд тустай. Орон нутаг харьцангуй биеэ даасан боловч төрөөс батлах хуулийн бодлогоос шууд хамааралтай байдаг. Энэ харилцан хамаарал нь сонгогчдын сэтгэлд орших ёстой. Нөгөө талаас төсөв зардлын хувьд ч илүү өртөг багатай болно. Төсвийн хөрөнгөөс гадна улс төрийн намуудаас гарах зардал ч багасах юм. Мөнгө их зардаг сонгуулиас татгалзах гэж байгаа л бол орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах нь чухал.

З.ЭНХБОЛД: МАШ ИХ МӨНГӨ ХЭМНЭХ НЬ МАН-Д ТААЛАГДАХГҮЙ БАЙНА

-Хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь олон сайн талтай. Хамгийн наад зах нь зардал, хяналт, сурталчилгаа хэмнэнэ. Сонгогчдыг хоёр удаа чирэгдүүлэхгүй. Нэг л удаа сонгууль явуулна. Маш их мөнгө хэмнэж болно. Хуудасны нэг нүүрт УИХ-д нэр дэвшигчийн намтар, хоёрдугаар нүүрт аймгийн ИТХ-д нэр дэвшигчийн намтар гээд айлд нэг л цаас оруулж өгнө. Энэ мэтээр эдийн засгийн хувьд маш хэрэгтэй. Энэ мэт олон талын хэмнэлттэй. Гэхдээ энэ бүхэн МАН-д таалагдахгүй байна л даа.

С.БЯМБАЦОГТ: ОЛОН ХҮНДРЭЛ ГАРЧ БОЛОХ ЮМ

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар УИХ-ын болоод Орон нутгийн сонгууль нэг өдөр зохиогдохоор байгаа. Гэтэл орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулахад эдийн засгийн болоод цаг хугацаа, зохион явуулах хүн хүчний боломжийг тооцох хэрэгтэй. Үүнийг нэлээд сайн тооцож байж хамт явуулах эсэхээ шийдэхгүйгээр нэгэнт хүчинтэй хуулиар хамт явуулна гэж зүтгэвэл олон хүндрэл гарч болох юм.

Ө.ЭНХТҮВШИН: ЦУГ ХИЙНЭ ГЭХЭЭР 10 ГАРУЙ БЭРХШЭЭЛ БАЙНА

-Хоёр сонгуулийг хамтад нь салгахгүй цуг хийнэ гэхээр 10 гаруй бэрхшээл байна. Тухайн үед орон даяар сонгууль явна. Жишээ нь УИХ-ын сонгууль аймгийн сонгуул, сумын сонгууль, багийн сонгууль, дүүрэг дээр хот дээр гээд зэрэг зэрэг сонгууль болохоор сонгуулийнх нь дүнг баталгаажуулна гэдэг нэлээд төвөгтэй болчих вий гэж болгоомжилж байна. 20-иод мянган хүн орох болж байгаа. Энийг нэгэн өдөр явуулахад техникийн талаасаа ч, хүн хүч талаасаа ч, хууль эрх зүйн талаасаа ч, улс төр талаасаа ч хүнд.


Д.ГАНХУЯГ: СОНГУУЛЬ ДӨХЧИХСӨН БАЙХАД ӨӨРСӨДДӨӨ ТААРУУЛЖ ХУУЛЬ ХИЙХ ГЭЖ ИНГЭЖ ЯВАХ ХЭРЭГ БАЙХГҮЙ Л БАЙМААР ЮМ

-2008 онд хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь зөв гэж бүгдээрээ гараа өргөөд баталчихсан байхаа. Сонгуулийн төгөлдөршил гээд МАН-ынхан хүлээн зөвшөөрч байсан биз дээ. Үүнээс хойш дөрвөн жил сонгуулийн хууль яриа биз дээ. Тухайн үед нь ярьж байхгүй яасан юм. Одоо сонгууль дөхчихсөн байхад өөрсөддөө тааруулж хууль хийх гэж ингэж явах хэрэг байхгүй л баймаар юм. Дэлхий нийтийн хандлагаа бодсон ч сонгуульд маш бага хугацаа, бага мөнгө зарцуулж байна. Сонгуульдахын оронд иргэд, төр нь ажлаа хийж байсан нь дээр биз. 2008 оны сонгуулийн булхианаас болж тэр олон залуусын эрүүл мэнд, амь нас, амьдралаар тоглочихоод өнөөдөр дахин дахин ийм зүйл яриад байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Тэр сонгуулийг сканнераар явуулахаар төсөв баталж өгч байсан. Гэтэл яг сонгууль болох дөхөнгүүт “амжихгүй юм байна” гээд л явуулсан шүү дээ.

 

Ч.САЙХАНБИЛЭГ: АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ УИХ-Д БАЙГАА ЦАГТ ХОЁР СОНГУУЛЬ ХАМТ ЯВНА

-УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийн хууль нэг өдөр явагдах хууль эрх зүйн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа. Ардчилсан намын бүлэг УИХ-д байгаа тохиолдолд энэ хууль эрх зүйн орчин өөрчлөгдөхгүй. Орон нутгийн сонгуульд өөрчлөлт оруулах байдлаар хууль зүйн энэ заалтыг өөрчлөх гэж байгаа бол Орон нутгийн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт орохгүй. Хоёр сонгуулийн хуулийн бусад зөрөлдөөнтэй байгаа асуудлаар бол Ардчилсан намын бүлэг нээлттэй.

Н.ГАНБЯМБА: ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БҮРЭН ЭРХИЙНХ НЬ ХУГАЦААНД ЗӨРЧИЛ ГАРЧ БАЙГАА

-Орон нутгийн сонгуулийн хамт хий­нэ гэхээр орон нутгаас сонгогдсон төлөө­лөгчдийн бүрэн эрхийнх нь хугацаанд зөрчил гарч байгаа.

Ер нь энэ мэт олон асуудал бий. Эдгээр асуудал хөндөгдөөд ирэхэд орон нутгийн сонгуулийг салгах асуудал яригдана. Ингэхээр энэ сонгуулийн хуулийг эргэн харах байх.

Х.ТЭМҮҮЖИН: ЗАРДАЛ ХЭМНЭХ САЙН ТАЛТАЙ

-УИХ, Орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах ёстой. Нэгдүгээрт зардал хэмнэх сайн талтай. Сүүлийн үед Орон нутгийн сонгуулийг Үндсэн хууль зөрчиж явуулдаг болсон. Сонгогчдын ирц хүрдэггүй. Тэгэхээр нь нэрсийн жагсаалтаас зарим сонгогчдыг хасаж ирц бүрдүүлдэг болсон. МАН зохион байгуулалтайгаар, сонгуульд ялдаг луйврын аргаа хэрэглэхийн тулд л Орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах гэж байна гэх бодол төрж байна. МАН-д санал өгдөггүй сонгогчдод сонгуулийн үнэмлэх тараадаггүй шүү дээ. Тийм л сонирхол харагдаж байгаа.

 

Х.ЖЕКЕЙ: ЗӨВХӨН НЭГ ТАЛЫГ ХАРЖ ШИЙДВЭЛ УЧИР ДУТАГДАЛТАЙ

-Гишүүд янз бүрийн л саналтай байна. Юуны өмнө сонгуулийг будилаангүй хийхийг анхаарах ёстой. Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамт хийж байсан удаа манайд байхгүй. Өөрөөр хэлбэл туршиж үзээгүй гэсэн үг. Тиймээс хамт явуулна гэдэгт эргэлздэг. УИХ-ын сонгуульд арваад намаас нэр дэвшлээ гэхэд 760 хүн болж байгаа юм. Мөн аймаг сумын иргэдийн хуралд 1500 баг, 329 сумаас нэр дэвшинэ. Ингэхээр 4500 сонгуулийн хэсгийн хороо ажиллахаар болж байна. Гэхдээ нийслэлийг оруулахгүйгээр шүү дээ. Харин Улаанбаатарт 151 хороо бий. Нэг хороо 2-3 хэсэг болно гэхээр бас 400 орчим хэсэгтэй болно гэсэн үг. Иймээс улсын хэмжээнд сонгуулийн 5000 орчим хэсгийн хороо ажиллаж таарна. Нэг хэсгийн хороонд арван хүн ажиллана гэвэл нийт 50 мянган хүн сонгуулийн хэсэг, хороодод ажиллах тооцоотой. Дээрээс нь нэр дэвшигчдийг нэмээд үзэхээр нэлээн өндөр тоо гарч ирнэ. Иймээс асар их хүн оролцох гээд байгаа нь сонгуулийн зохион байгуулалт алдагдахад хүрэх сөрөг талтай. Ингэхээр энэ удаад бэлтгэлээ сайн базааж байгаад тус тусад нь хиймээр байгаа юм. Яагаад гэвэл бүх зүйл шинэ байна. Нэгдүгээрт, хууль нь шинэ. Мөн сонгууль хийх процесс, саналын автомат төхөөрөмжид ажиллах хүмүүс гээд бүгд шинэ. Тиймээс зөвхөн нэг талыг харж шийдвэл учир дутагдалтай.

Д.ОДХҮҮ: ЭНЭ БАЙТУГАЙ СИСТЕМТЭЙГЭЭР Ч УЛС ОРНУУД ХИЙЖ БАЙНА

-Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтад нь хийнэ гэдэг зарчмын шийдэл нь 2008 оны хаврын чуулганаар батлагдсан. УИХ олонхиороо шийдээд, алхаа цохичихсон тохиолдолд сонгуулийг хамтад нь зохион байгуулах л ёстой. Хүндрэлтэй, хүндрэлгүй зохион байгуулах тухай асуудал бол ач холбогдолтой зүйл биш. Энэ байтугай хэцүү үед, энэ байтугай системтэй сонгуулийг дэлхийн улс орнууд хийж байна. Хамгийн гол нь иргэдийн саналыг зөв тусгадаг систем байх нь сонгуулийн ач холбогдол оршиж байгаа. Долдугаар сарын 1-ний үйл явдал иргэдийн бухимдалтай холбоотойгоор гарсан. Ийм зүйлийг давтуулахгүйн тулд иргэдийн санал сонгуулийн үр дүнд 100 хувь тусдаггүй юм аа гэхэд аль болох ойрхон тусах нь эргээд бухимдал үүсгэхгүй байх гол үндэс болно гэж би хувьдаа үзэж байгаа.

С.ЭРДЭНЭ: УИХ-Д ӨРСӨЛДӨӨД ЧАДАХГҮЙ БОЛ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ РУУ ШИЛЖИН ДАХИЖ ӨРСӨЛДӨХ НЬ

-Орон нутгийн сонгуулийг нэг зэрэг хийнэ гэдэг нь зөв зүйтэй зүйл шүү дээ. Сонгуулийн цикл дунд хэдэн жил нь өнгөрч, сонгууль зохионо гэж нэг жилийн барж, дараа жил нь бүтцээ байгуулна гээд, ажил хийдэг нь хоёр жил хүрэхтэй үгүй хугацаа үлдэж байна. Ингэхээр нэг бол сонгууль явагддаг циклийн хугацааг уртасгаж зургаан жил болгох, эсвэл энэ олон сонгуулиудыг нэгтгэн цөөн сонгууль явуулах нь улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн амьдралд маш хэрэгтэй.

Хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулахад хүндрэл бэрхшээл ихтэй гэж ярьж байгаа нь “гулсдаг” нөхдийн яриа л шүү дээ. УИХ-д өрсөлдөөд чадахгүй бол орон нутгийн сонгууль руу шилжин дахиж өрсөлдөөд дөрвөн жилдээ амьдрах нүхээ олох гэсэн жижиг нөхдийн санаа яваад байна шүү дээ. Долдугаар сард УИХ-ын сонгууль болоод аравдугаар сард орон нутгийн сонгууль болоход тэгээд зарчмын ялгаа нь юу байгаа юм. Өөр өөр хугацаанд болсны ашиг нь юундаа байгаа юм.

Г.ЗАНДАНШАТАР: ЗОХИОН БАЙГУУЛАХ БОДИТ БОЛОМЖ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ ХАРГАЛЗАН ҮЗЭХ ЁСТОЙ

-Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг хийх нь зөв буруу гэдгийг ярихаас илүү зохион байгуулах бодит боломж, хууль эрх зүйн орчинг харгалзан үзэх ёстой. Зэрэг явуулах, өөр өөр өдөрт явуулсанд зарчмын ялгаа байхгүй. Харин зохион байгуулалтын хувьд УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр өгөхөөр нам дугуйлна, нэр дэвшиж буй хоёр хүнийг дугуйлна, дээрээс нь аймаг сум, дүүрэгт нэр дэвшиж байгаа 20-30 хүн дугуйлна гэхээр сонгогчдод хүндрэлтэй. Мөн үүнийг нь тоолох, боловсруулахад, техник технологийн нөхцөл боломжийг харгалзах ёстой. Үүнээс болж сонгууль зохион байгуулалтгүй болсон, шударга бус болсон гээд үймээнд хүргэх сөрөг үр дагаварт хүргэчих вий гэж болгоожилж байна.

Э.БАТ-ҮҮЛ: МАН-ХАН ХОЁР ӨӨР ЗҮЙЛИЙГ ХОЛЬЖ ХУТГААД БАЙНА

-Цуг явуулах нь зөв. Яагаад гэвэл орон нутгийн сонгууль ард орхигддог, хаягддаг нь орон нутгийн эрх ашгийг хаях үндэслэл болоод байгаа юм. УИХ-ын сонгуультай хамтад нь явуулснаар орон нутгийн асудлыг үндэсний бодлоготойгоо уяж өгч байна гэсэн үг. Ер нь ихэнх оронд орон нутгийнхаа сонгуулийн парламентын сонгуулийн өмнө явуулдаг юм билээ. Орон нутгийн бодлогоосоо эхэлж улс үндэстний бодлогоо ярина аа гэсэн үг.
-Хоёр сонгуулийг зэрэг явуулах боломжгүй, сонгууль будилчихна гэж МАН-ынхан яриад байгаа?
-Бололцоотой байлгүй яадаг юм. МАН-ын нөхдүүд хоёр өөр зүйлийг хольж яриад байх юм. Сонгууль шударга явуулах, хоёр сонгуулийг зэрэг явуулах гэдэг чинь хоёр өөр зүйл. Харин хамтад нь явуулснаар сонгууль илүү хариуцлагатай болно.

Б.МАНДАХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж