Үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудал юу байна?

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудал юу байна?

Нийслэлд хоёр өдрийн турш зөвлөлдөж байгаа Жижиг, дунд үйлдвэрлэгчдээс тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх завгүй чуулж байсан ч тэдний төлөөлөлтэй уулзаж, Үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдсан ямар асуудал байна вэ? гэсэн асуултанд хариулт авлаа.

Хан-Уул дүүргийн бизнес зөвлөлийн захирал Д.Ганболд:

-Манай дүүргийн хувьд жижиг, дунд, бичил нийлсэн 7000 гаруй зээлдэгч нар байдаг. Эдгээр аж ахуй нэгжид тэрбум хүртлэх төгрөгийн хөрөнгөтэй иргэдэд зээл олгоно гэж хуулиндаа заасан байдаг. Үүний дагуу бид зээлээ авдаг. Өнгөрсөн жилийн хугацаанд гэхэд бид нийт зээл хүссэн хүмүүстээ бүгдэд нь зээлийг нь олгосон. Зарим нэг иргэд бичиг баримт дутуу, шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар зээл буцсан тохиолдлууд ганц нэг байгаа. Жижиг, дунд бизнесийн хөгжлийг дэмжихийн тулд олгодог зээл нь хүн амд хэрэгцээтэй байдаг. Зарим нэг татварын хөнгөлөлт, банкны барьцааг нь анхаарч чадвал иргэдэд хамгийн хүртээмжтэй зээл юм.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Жол жахсы” хоршооны дарга Ө.Хуатхан:

-Манай хоршоо нь аймагтаа ганцхан эсгий үйлд­вэрлэл эрхэлдэг. Жижиг, дунд бизнесийг дэмжих төслийн хүрээнд зээл авч 13 хүний ажлын байрыг шинээр бий болгож, одоо тогтвортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манай хоршооны хувьд үйлдвэрлэлээ хөгжүүл­хийн тулд нэмэлттэй зээл авах хүсэлттэй байгаа ч банкны барьцаа өндөр байгаа учраас үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр их хэмжээний зээл авахад барьцаа хөрөнгө бага учраас их хэмжээний зээл авах боломжгүй байна. Үүнээс өөр тулгамдаж байгаа асуудал алга байна. анх ажил эхлэхдээ  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 108 мянган төгрөг байсан бол одоо нэг ажилчин дунджаар 200 мянган төгрөгний цалин авдаг.

Сонгинохайрхан дүүргийн “Үлэмж чанар” ТББ-ын тэргүүн Т.Дунжаа:

-“Үлэмж чанар” ТББ нь гар урлал, бэлэг дурсгал, гар хивс сүлжмэлийн сургалт явуулдаг. Энэ сургалтыг ажиллуулахын тулд 2008 онд зээл авч сургалтаа эхлүүлсэн бөгөөд сургалт явуулахаас гадна үйлдвэрлэл явуулдаг. 300 гаруй иргэнийг сургалтанд хамрагдаж орон нутагт болон нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байна. Борлуулалтын хувьд зөвхөн захиалгаар үйлчилдэг. Дотооддоо хийсэн бүтээгдэхүүн хэрэглэх сонир­хол­той хүмүүс их болсон байна. Ялангуяа хивс, хив­сэн­­цэр гээд захиалга их бай­даг. Зээлээ аваад, төлөөд явж байгаа болохоор одоохондоо хүндрэлтэй зүйл алга.

-Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Буянт таван” буурал хоршооны гишүүн Д.Замуу:

-Бид байгалийн цэвэр бүтээгдэхүүн буюу ямааны ааруулыг худалдаанд гар­гадаг. Зээлийнхээ үр ашгийг хүртээд явж байгаа боло­хоор сайхан байгаа ч бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, гадаа­дад худал­даал­маар бай­на. Харин энэ боломжийг бүрдүүлээд өгвөл бид хүчин чадлаа нэмэгдүүлж ажилламаар байна. Орон ну­тагт ажилгүй байгаа хүмүүс нэгдээд хоршоо бай­гуу­лан ааруул, нарийн боов хийдэг. Бид нарийн боо­воо сумын сургуулийнхаа “Үдийн цай” хөтөл­бөрт нийлүүлдэг. Харин ааруулаа иргэдэд худал­даалахаас өөр зах зээл байхгүй байна. Тиймээс бид үйлдвэрлэж чадна, харин гадаадад худал­даалах боломжийг нь олгоод өгөөч гэмээр байна.

-Завхан аймгийн Отгон сум Б.Банчин:

-Би хувиараа модон сийлбэр хийдэг. Морин хуур, шатар гэх мэт. Хүмүүс модоор урладаг болохоор захиалгаа өгдөг юм. Харин би захиалгын дагуу хийж гүйцэтгэдэг. Сүүлийн үед мод олдохгүй, үнэтэй болоод байгаа учраас бүтээгдэхүүнээ бас бага зэрэг үнэ нэмж зарах шаардлага гарч байгаа юм. 2009 онд 10 сая төгрөгийн зээл авсан. Үүгээрээ багас хэрэгсэл болон мөн өөрийн дор хоёр ажилчинтай. Энэ хоёр ажилчнаа цалинжуулах, ажлын байрны түрээс гэж ажилладаг ч бид зээлээ хугацаанд нь төлж байгаа. Харин зээлийн барьцаа их хүндрэлтэй. 10 сая төгрөгийн зээл авахын тулд би 30 саяын барьцаа хөрөнгөтэй байх шаардлагатай гэж байгаа юм. Дээрээс нь банкны үнэлгээ маш муу. Байгаа нь хэдэн мал. Гэтэл зээлийн барьцаа нь зөвхөн үл хөдлөх хөрөнгө байна гээд хуулиндаа заасан байдаг юм билээ. Тэгэхээр барьцааг зохицуужл өгөх хэрэгтэй байх.

Н.ХАНДСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж