”Хэдэн зуун км-ийн цаана байгаа айлд байгаа зүйлийг хэлж чадна”

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

”Хэдэн зуун км-ийн цаана байгаа айлд байгаа зүйлийг хэлж чадна”

Хэдэн сарын өмнө  Р.Насанбат гуайн  сургийг нь сонсч байсан ч уулзаж чадалгүй нутаг буцаачихсан юм. Р.Насанбат гуай Өмнөговь аймгийн уугуул. Нас, сүүдэр 60 хүрч яваа нэгэн. Өөрийгөө жирийн нэг малчин хүн гэж танилцуулах ч  нутгийнхан нь түүнийг  удам дамжсан хувилгаан, бөө, үзмэрч, зурхайч биш ч, био энергийн хүчээр байгаль дэлхийтэйээ харьцаж, уул ус, газар шороогоо аргадаж, бусдад буян үйлдэж явдаг нэгэн гэж ярьдаг. Түүнтэй хотод ирээд байхад нь уулзаж хөдөө нутгийн сонин хачин, хувийн амьдралынх нь  талаар  ярилцлаа.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Ах нь хөдөө нутгийн малчин хүн. 1953 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумд малчин ард Равжингийн гэр бүлд төрж өссөн. Айлын бага хүү.  Би 1974-1977 онд Ардын армийн 065 дугаар ангид цэргийн алба хааж, түүнээс хойш мал маллаж байгаад 1990 онд ардчилалын салхи үлээх үед Өмнөговь аймгийн төв, Маанийн хийдэд үзмэрчээр уригдаж суусан. Одоо Өмнөговь аймгийн Даланзадгад хотод оршин суудаг иргэн.

-Таныг хот, хөдөө хоёрын хооронд  их ховорхон явдаг гэж дуулсан. Харин сүүлийн үед овоо ойр ойрхон ирээд байгаа сураг дуулдах юм.  Хотод та ямар ажлаар ирээ вэ?

-Би хотод тун цөөхөн орж ирдэг хүн. 1990 оны үед нэг орж ирсэн. Тэр үед ардчилал гарч, “Монголын гоц авьяастны холбоо”-ны гишүүнээр Өмнөговь аймгаа төлөөлөн оролцож байлаа. Мөн “Монголын Зурхайчдын холбоо”-ны анхдугаар их хуралд суугаад буцаж байсан санагдаж байна. Түүнээс хойш бараг л орж ирээгүй. Дараа нь  2001 онд  нэг ирсэн. Тэгэхээр арван жил болоод л нэг орж ирдэг байх нь. Энэ удаа хувийн ажил амжуулаад зав муутайхан яваа. Гэхдээ ганц, нэг хүнд буян түгээж, чадах, мэдэх зүйлээрээ тус болохыг хичээж явна.

-10 жилийн дараа гэдэг багагүй хугацаа. Цэвэр, цэнгэг агаартай говь нутгаас  утаа ихтэй Улаанбаатарт орж ирэх танд ямар санагдаж байна вэ?

-Хот орж ирээд, хэд хонож байна. Улаанбаатарын утаа үнэхээр хэцүү болжээ. Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг харж байхад жилээс жилд сүндэрлэн босч, сүлжилдэн давхилдаж, өнгө өнгөөр солонгорч байгаа боловч хүмүүсийн ааш, зан, хүн чанар улам л уруудаж, доройтсоор байна. Энэ л их хэцүү санагдаж байна. Хөгжлийн хурд их өндөр байна. Үйлчилгээ сайтай болсон байна.

-Таныг үе, удам дамжсан үзмэрч гэж дуулсан. Тэгэхдээ био энергийн хүчээр алсын зайнаас хүнийг үзэж, оношлодог, эдгээж илааршуулдаг гэж  ярих юм билээ. Ер нь хэзээнээс үзэж, хардаг болсон бэ. Мөн энэ авьяасаа хэдэн настай байхдаа мэдэрч эхэлсэн бэ?   

-Намайг бага байхад аав минь “Манай удам, угсаанд есөн үе дамжсан үзэж, хардаг, лүйжин тавьдаг лоч, уран дархан, шинийг санаачлагч, зохион бүтээгч хүмүүс байсан” гэж их ярьдаг байсан. Түүнээс ч болсон уу, би  бага байхдаа, бүр тодруулбал зургаа, долоон настай байхдаа “Ленин багш шиг ухаантай хүн болох юмсан. Хутагт хувилгаад шиг бодол санаагаараа бусдыг удирдаж, эрүүл энх, сайн сайхан явахад нь туслах юмсан” гэж  их бодож, мөрөөддөг хүүхэд байлаа. Тэгээд энэ хүсэл минь өдгөө биелэлээ олоод, үе удам дамжсан авьяас билэг минь надад өвлөгдөөд  явж байгаа минь энэ юм. Мөн надаас хойш, миний үр, хүүхэд, ач гучаас минь ч бас энэ авьяас билгийг минь өвлөж, тухайн цаг үедээ бусдад ач буянаа түгээж, явах байх гэж бодож сууна. 

-Тэгэхээр та 1970-оноос хойш юм үзэж, хардаг болсон гэсэн үг үү?

-Би зургаа, долоон настайдаа үзэж, хардаг байсан. Гэхдээ 1970 оны үед арай юм ойлгож эхэлдэг болсон гэх үү дээ.

-Ардын эмчилгээ, бурханы шашинг  нэг хэсэг болхи, бүдүүлэг гэж шүүмжилж байсан цаг, үе бий. Тэр үед та багагүй бэрхшээлтэй тулгарч байсан уу?

-Тэгэлгүй яахав, Биднийг бага залуу байхад “Шашин бол хар тамхи” гэсэн үзлийг  хүүхэд, залуучуудыг ухамсарт суулгаж, мунхруулж байсан. Угтаа бол шашин гэдэг энэрэнгүй үзэл гэсэн үг шүү дээ. Гэтэл үүнийг харин ч эсрэгээр нь шашингүй сурталчилгаа буюу энэрэнгүй бус сурталчилгаа гэж буруу тайлбарлаж, ард түмэнд буруу ойлголт өгч байсан тал бий. Би 1985-1989 он хүртэл Өмнөговь аймгийн хэлтсийн хараанд байдаг байсан. Тэр үед Цогт-Овоо сумын Бор-Тээг баригадад мал малладаг байлаа. Тухайн үед бүх юмны хяналтад байдаг байв. Манайд хүмүүс шууд давхиад ирэхгүй ч холоос дурандаж байгаад  манай гадаа ирсэн машины тоо, морины зүс, тамга тэмдгээр нь тэр аймгаас тийм хүн тэднийд ирсэн гээд Аймгийн намын хороонд хэлчихдэг байсан. Түүнээс болж би хэлтэс дээр хоёр жил гаруй байцаагдсан. Үүнээс болоод, миний зарим авьяас устаж, үгүй болсон. Энэ нь бага залуу насанд минь намайг айлгаж, ичээснээс болсон гэж боддог юм. Тэр үед би цэвэр нэрмэл усыг шанаганд хийж тавьчихаад, хэсэг хугацааны дараа гаргаад өгөхөд хүн уусаар байгаад согтоод өгдөг байсан. Мөн дэлгүүрийн лангуун дээр шилтэй архи, ус хоёрыг  зэрэгцүүлээд тавьчихад  архи, ус хоёрыг ялгаж хэлж, чаддаг байлаа. Мөн архийг гурван хундаганд хийгээд ширээн дээр тавихад нэгийг нь хачин өндөр градусстай, нөгөө нэгийг нь сулхан, үлдсэнийг нь ус болгож чаддаг байсан. Налайхын Найдандорж гуай шиг  архины тарнийн ид шид надад байдаг байсан. Хүн нэг цочиход тархины хэдэн мянган эд, эс үхдэг гэдэг шиг энэ бүх авьяас минь түүнээс болж,  устаж үгүй болсон. Уг нь  би их тайван хүн. Насаараа уурлаж, уцаарлаагүй. Нэг ч хараал хэлээгүй өдий хүрсэн. Харин сүүлийн үед зарим авьяас маань шинээр бий болж, ургаж гарч ирж байна. Яг одоо би таныг ч бас уншиж байна.

-Тантай уулзаж байгаа хүмүүс бүгд л янз бүрийн учир шалтгаан тоочдог байх. Гол төлөв ямар шалтгаантай хүмүүс уулздаг вэ?

-Янз бүр дээ. Гэхдээ ихэвчлэн эмнэлгээр яваад эдгэхгүй байна гэсэн өвчин зовлонтой хүмүүс их ирдэг. 1970-аад оноос хойш иймэрхүү учир шалтгаантай хүн олон ирж байна. Хот, хөдөөд үзүүлж буй хүмүүсийн өвчлөл янз бүр байна. Хотод бол хүмүүс энэ их утаа униараас болж, амьсгалын замын өвчлөл, дотоод эрхтэний өвчлөлөөр их өвдөж байна. Мөн хүмүүс нь маш их ууртай, уцаартай, бухимдалтай болсон байна. Үүнээсээ ч болж өвдөж, зовж байгаа  хүн ч бас байна.  Ер нь хүмүүс эмнэлэгээр яваад эдгэхгүй байгаа өвчнөө ардын эмнэлгээр явж эмчлүүлэх гэдэг. Тэгээд болохгүй бол  лам хувраг, оточ засалчаар яваад, өвчнөө бүр эцэст нь тулгачихдаг.  Хүн байгалийн бүтээгдэхүүн. Тэр утгаараа уул, ус, ургамал, ногоо бүгд хоорондоо зохицох ёстой юм. Хүн ч бай, амьд амьтан ч бай бүгд өөрийн гэсэн энергитэй. Өөрийнхөө тэр энергиэр өөрийгөө эмчлэх чадвартай. Мөн өөрийнхөө ухамсаргүй үйлдлээс болж өөрийгөө баллах чадвартай. Тиймээс өөртөө 70 хувь итгэж чадах л юм бол бусдад ч бас тэгж итгэж, сүсэглэж чадах юм бол хоорондоо харьцаж, ажил үйлс амархан бүтэх боломжтой. Тийм учраас би үр,хүүхэддээ “Уул бүхнийг  хайрхан гэж дээдэлж яв, ус бүхнийг рашаан гэж хүндэлж яв” гэж хэлдэг юм.

-Тэгвэл хүмүүсийн өвдөж, зовоод байгаа учир шалтгаан нь сэтгэлзүйтэй нь  бас холбоотой байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Хүн бүрт авьяас билэг бий. Гагцхүү түүнийгээ тодруулж чаддаггүй учраас үр дүнд хүрдэггүй юм. Хоёрдугаарт, монголчууд бид эртний сайхан уламжлал, зан заншлаа уландаа гишгэж, байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харьцаж байгаагийн үйл лайгаар зарим хүний  амьдрал өнгө муутай, бүтэл муутай, тааруухан яваа юм. Тэр тусмаа Улаанбаатар хотод хүн, хүндээ итгэх итгэл алдагдчихсан. Хэн нэгнийг заавал буруу өнцөгөөс нь харж дүгнэдэг. Үүнээс болж бас бидний ажил үйлс бүтэл муутай яваа юм. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг шүү дээ. Түүн шиг хүн өөрт байгаа авьяас чадвараа дайчилж, өөрөө өөртөө итгэл үнэмшлийг бий болгох хэрэгтэй. Аливаа зүйлийг болно, бүтнэ гэж сэтгэвэл бүтдэг. “Долоо төөлж нэг огтол” гэдэг шүү дээ. Гэтэл манайханд тэвчээр их дутдаг. Ганц удаа бодсон зүйлээ ганцаараа хийх гэж оролдоод их алддаг.

-Өнгөрсөн хавар ирэхдээ хэр олон хүн үзсэн бэ. Хүмүүст багагүй тус хүргэсэн гэж дуулсан.

-Би 147 хүнийг эмчилж, эдгээгээд буцсан. Хавдартай, өвчин зовлон нь хүндэрсэн олон л хүн хандсан, надад. Гэхдээ би энэ удаа тэр хүнийг тэгж эмчилж, эдгээсэн гэж яриад хэрэггүй байх. Мөн өөрөө өөрийгөө магтах ч хэрэггүй гэж бодож байна. Магтаал, сайшаалаас илүү мөн чанар чухал. Тийм болохоор та бүхэн утас цохиод, надтай уулзаж, тусыг хүртэж байсан хүмүүсээс энэ тухай асууж лавласан нь дээр байх. Би хүнийг эмчлээд байгаадаа гол утга учир нь байгаа юм биш юм.  Хүний биеийг бүрхэж байдаг гурван давхар гэрлэн бүрхүүл нь алдагдалд орохоороо хүн өвчин тусдаг, өвдөж, зовдог, ажил үйлс нь бүтдэггүй юм. Түүнийг нь би энергийн хүчээр засч янзалдаг.

-Сүүлийн үед хөдөө, хотгүй бөө мөргөл, үнэн худал нь мэдэгдэхгүй лам хувраг нар олширсон.  Мөн тань шиг био энергиэр эмчилдэг гэх хүн ч бас цөөнгүй бий. Та тэднээс  онцлог гэж өөрийгөө тодорхойлбол?

-Би өөрийгөө хөөргөдөж байгаа юм биш шүү. Алсын зайнаас бүхнийг мэдэрдэг увидас маань бусдаас илүү. Тухайлбал, хэдэн зуун км-ийн цаана байгаа айлын гэрт байгаа зүйлийг би  хэлж чадна. Хүний мэнгийг хүртэл хэлж өгч чадна. Надад энэ авьяас минь  байнгын биш, үе үе онгодоор орж ирдэг.  Бясалгал хийж, оюун ухаанаа нэг цэг дээр төвлөрүүлэхийг бид онгод гэж нэрлэж байгаа юм. Онгод нь орсон үед хүн юу ч хийж болно. Ном зохиол ч бичиж болно.

-Таныг биоэнергийн хүчээр хүнийг алсын зайнаас мэдэрч, эмчлэхээс гадна есөн зоос  татдаг гэж дуулсан.  Багадаа зоос татдаг байв  уу?

-Есөн зоосны мэргэ бол хамгийн оновчтой мэргэ. Буух магадлал нь 512 хувь байдаг юм. Яг л  512 бөх барилдаад есөн даваа яваад нэг нь түрүүлдэг шиг. Манай өвөө есөн зоос татдаг хүн байсан. Айлын алдсан малыг тэнд энд байна гээд хэлчихдэг хүн байв.  Би бага байхаасаа л  зоосоор мэргэлж ирсэн. Жилд хоёр зоос элэгдэж, нимгэрээд дуусдаг юм. 

-Таны энэ чадварыг МҮОНРТ болон ТВ-9 телевизээр хэд хэдэн удаа дамжуулж, ард түмэнд 5-10 минут энерги дамжуулж байсан гэж ярих юм билээ. Энэ тухай ярьж сонирхуулаач?

-МҮОНРТ болон ТВ-9 телевизээр цацсан тэр нэвтрүүлгийг үзээд, хатгалгаа нь хүндрээд эмнэлэгт хэвтэх гэж байсан хүн эдгэрч байсан. Мөн  зарим хүний үе, мөчний өвчин, хүүхдийн диатиз зүгээр болж байсан  гэж  олон хүн ярьдаг. Жишээ баримт нь ч бий. Энэ мэтчилэн бурханаас өвлөсөн, шинжлэх ухаан нээж чадаагүй төрөл бүрийн авьяас чадвар хүмүүст бий. Та бидний уулзаж, суугаа минь ч бас хувь тохиол.  Хүж дэлхийд хүний биеийг олж төрчихөөд бусдад буян үйлдэж, ач тусаа хүргэж яваадаа  баярлаж, бахдаж явдаг юм. Аймгийн төвөөс, хөдөө сумдаас, өөр аймаг, хотоос хүмүүс ирээд надад баярлаж, талархсанаа хэлээд явдаг. Би үүнд нь урамшиж л суудаг юм.

-Цагаан сар жил бүр л будлиантай болдог. Энэ жил бас л өдөр судар нь хэл ам дагуулсаар байгаа. Таныхаар бол монголчууд бид хэзээ шинэлсэн нь дээр вэ?

-Энэ жил бид Азийн зурхай ёсоор бол нэгдүгээр сарын 23-нд шинэлэх ёстой. Гэтэл хоёрдугаар сарын 23-нд шинэлэх гэж  байна. Өөрөөр хэлбэл, хаврын дунд сард шинэлэх гэж байгаа учраас ирэх зургаан сард болох сонгууль, энэ онд дэлхийд болох гал, усны их аюул зэрэг нь монголчууд бидэнд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Мөн энэ өдөр өнөөх хурим найр хийж, хүүхдийн үс авдаг Балжинням, Дашням давхацсан өдөр тохиож буй  учраас  цаг хугацаа буруу  тийшээ эргэж буй юм. Цаашдаа бүх зурхай хоорондоо зөрчилдөх нь. Энэ нь Монгол оронд тийм ч таатай биш байх нь.

-Тантай уулзсаных улс, орныхоо өнгө төрхийг ч бас асууя гэж бодлоо. Эх орны маань өнгө төрх энэ жил танд ямар харагдаж байна вэ?

-Энэ жил улсын хөгжил их зөрчилдөөнтэй болно. Хүмүүс бурхан номыг их шүтэж, тэнгэрээ сайн дээдэлбэл амьдрал сайхан байна. Мөн уул, ус газар шороотойгоо зөв харьцаж байх хэрэгтэй. Залууст нэлээд ширүүн жил ирнэ гэж  мэдэрч суугаа. Хулгай дээрэм их хөгжинө, хүн чанар их алдагдана.

-Монголд эдгэх, эдгэхгүй олон янзын өвчин их гардаг болсон. Эмнэлгээр явбал идэж, ууснаасаа болдог эсвэл шалтгаан нь тодорхойгүй өвчин гэдэг. Ардын эмчилгээ, лам хараар явбал уул, ус лус савдагаас болжээ гэдэг. Монголд ДОХ бүр газар авлаа. Энэ тухай та  юу гэж боддог вэ?

-Газар бүхэн эзэнтэй. Энэ байшин ч бас эзэнтэй. Эрхэм та бүхэн ч бас эзэнтэй, ээжтэй, аавтай. Монголчууд бид буусан гэрийнхээ буурийг цэвэрлэж, гүүн зэлнийхээ гадасийг нь сугалж аваад, будаа хийж, буцааж булдаг байсан сайхан ёс заншилтай улс. Гэтэл  миний монголын эхэс, дээдэс  хэдхэн зоосны төлөө гадаадынханд газар нутгаа худалдаж, хүн чанараа алдаж  байгаа нь тун эмгэнэлтэй юм. Үүнээс болж ДОХ-оос ч илүү эдгэх, эдгэхгүй олон янзын өвчин гарч ирнэ. 1635 оноос зөвүүн цагийн 400 жил эхэлсэн. Одоо 2035 онд 400 жил дуусна. Тиймээс энэ хооронд хүн бүр газар, шороогоо хайрлаж байгаль эх дэлхийтэйгээ шүтэлцэж амьдрах ёстой юм.

-Дэлхийн сүйрлийг зөгнөсөн янз бүрийн таамаглал бий. Хэрэв 2012 онд үнэхээр дэлхий ертөнцөд  асар их гай тохиолдвол монголчууд үүнээс яаж мултарч үлдэх вэ. Тийм арга чарга бий юу?

-Тийм арга бий. Монгол Улс энэ их гал усны аюулаас мултарч үлдэх хамгийн боломжтой орон. Яагаад гэвэл, энэ үйл явдал 2012 оны  арванхоёрдугаар сарын 21-ний шөнө 21 цагт болох зөгнөлтэй. Дэлхийн гурав, дөрвөн гариг нэг шугаман дээр орж ирж, халуун оронд гэнэтийн хүйтрэл явагдаж, харанхуй нөмөрнө. Гэрэл цахилгаан үгүй болж, зурагт радиогийн долгион тасалдаж, гар утас ч холбогдохгүй болно. Тэр үед монголчууд зулаа асааж, галаа түлээд байхад тэр бүх муу юм арилна. Түүнээс өмнө энэ бүхнийг угтсан муу муухай зүйлээс ангид байх хэрэгтэй.  Хүн хүндээ тус дэм болж явах хэрэгтэй.

-Сүүлийн үед онош нь тодрохгүй, эдгэх эдгэхгүй янз бүрийн л өвчин гарч ирж байна. Эхийн хэвлийд байгаа хүүхэд хүртэл элдэв бусын өвчнөөр өвддөг болчихож. Энэ юутай холбоотой гэж та бодож байна?

-Уул уурхайн компаниуд байгальтай зүй бусаар харьцаж, газар шороогоо их сүйтгэж байна. Мөн элдэв янзын шашин, бөө мөргөл их дэлгэрч, хүний зовлонгоор тоглож байна. “Тэдэн сая төгрөг өгөхгүй бол тэдэн насандаа тэгж үхнэ” гэх мэтчилэн хүний сэтгэлзүйгээр их тоглож байна. Хүн хүнээ сорж амьдарч байгаа нь том нүгэл юм.

-Хөдөө энэ байдал хэр газар авсан бэ. Хотод бол бараг л хяналтнаас  гарчихлаа. Бүр бөө, мөргөлийн сүлжээ бий болчихсон шүү дээ?

-Хөдөө бий. Гэхдээ 2012 онд бөө цөөрнө. Бөөгийн шашин бол монголчууд бидэнд байсан зүйл шүү дээ. Тэртээ 13 дугаар зууны үед, мөн Чингэс хааны үед ч монголчууд бид бөөгийн шашин шүтдэг байсан. Мөнхтэнгэрийн хүч буюу далдын хүч, дээд тэнгэрийн хүчнээс хийморио сэргээж, эрч хүч, энергиэ авдаг байсан. Гэтэл орчин үеийн зарим бөө бол нас нь гүйцээгүй, зуурдаар нас барсан, амиа хорлосон хүмүүсийн сүнстэй хутгалдаж, бусдын хувь заяагаар тоглож, айлгаж ичээгээд байгаа юм.

-Аливаа муу үйлийн хариу эргээд ирдэг гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-“Хараал хар толгой дээр” гэж ярьдаг. Яг л түүн шиг өөрсдийн хийсэн үйлийн үрээр хэлсэн муу үг, хийсэн муу  үйлдэл өөрт заавал эргэж ирдэг. Сүүлийн үеийн залуучууд хараал их хэлж байна. Монгол хэлээрээ хагас дутуу ярьж байна. Гаж үг их хэрэглэдэг болж. Мал төхөөрч сураагүй байж хүн алдаг болсон байна. Машин тэрэг эвдэрчихлээ гээд түүнийгээ харааж,  зүхээд байвал тэр хэзээ ч сэхэхгүй. Харин түүнийгээ “Эвий хөөрхий минь миний ажил амжуулдаг ганц зүйл минь юм шүү дээ” гээд засч янзалдаг газар нь аваачаад өгвөл амьгүй ч гэсэн тэр зүйл чинь энергээрээ чамд үйлчлэх ёстой юм. Тэр битгий хэл, зурагт радиогоор муу муухай зүйл үзэж, хардаг айлын ажил өөдлөхгүй. Сайн, сайхан зүйл уншиж, үзэж хардаг бол тэр айлын ажил бүтэмжтэй сайхан байна.Энэ мэтчилэн гэгээрлийг хүн юунаас  ч олно.

-Одоо хоёулаа таны хувийн амьдрал руу өнгийе. Таны аав, ээж хоёр бас үзэж, хардаг хүмүүс байсан гэж ярьдаг. Танайхаас өөр ийм далдын хүч чадалтай, авьяастай хүн бий юу?

-Дэлхий ертөнц бумбын оронд шилжчихсэн энэ цаг үед, хүний оюун ухаан дээд зэргийн хөгжилдөө хүрч, хүмүүсийн сэтгэхүй гэгээрлийн зам мөр лүү шилжиж, өөрөө өөрийгөө хөгжүүлж, сансар огторгуй, далдын хүчтэй холбогдож, сайн сайхан амьдрахын төлөө санаа тавьдаг, мөн санаа сэтгэлээ  чилээдэг  болжээ. Жамсранжав гэдэг ах маань энүүхэнд “Шувуун фабрик”-ийн ойролцоо хөгшинтэйгээ хамт хэдэн үхэр маллаж амьдардаг  юм.Бага залуудаа  хоёр ч дээд сургууль төгссөн эрдэм номтой хүн байдаг юм. Сүүлийн үед түвд  ном их үзэж, буддын шашины бурханы ухаанд суралцаж, мэргэ төлөг үзэж, тэрүүхэн хавьдаа бас ард олондоо  тус, буянаа хүртээж яваа хүн бий. Өдгөө нас сүүдэр даль гарсан өвгөн бий. Манай эцгийн эгч, Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Бүсрэн гэж хүн 17 настайгаасаа хүн барьж эхэлсэн. Эмэгтэй хүний хэвлий дээр гараа тавиад л хэдэн хүнтэй суугаад салсан, хэдэн хүүхэд төрүүлсэн гэх мэт бүх л зүйлийг нь  яг л ЭХО шиг хэлдэг хүн байдаг.

-Та энергиэр, зоосоор үзнэ. Өөр ямар аргаар үздэг вэ?

-Би бас зурхай үзнэ. Бурхан болсон хүний алтан хайрцаг, энэ яваа насны хаш хайрцаг, сая төрсөн хүүхдийн зандан хайрцагийг зурхайн хэлээр үзэж, сонирхоно. Энэ бүгдийн эхлэл нь энерги юм. Хийж буй үйлдэл нь л өөр болохоос бүгд энергитэй холбоотой.

-Та далдын хүч чадалтай, увидастай нэгэн болох юмсан гэж мөрөөддөг хүүхэд байсан гэж байсан. Өөрийнхөө хүч, чадлыг анх яаж мэдсэн бэ?

-Малын бэлчээр дээр явж байхдаа, мөн аргал түүгээд явж байхдаа байгальтайгаа их харьцдаг хүүхэд байлаа. Сүргийн бэлчээрээс түрүүлээд гүйгээд байгаа цагаан ишгийг наашаа эргүүлчих юмсан. Одоо зогс, одоо яв гэх мэтчилэн оюун санаагаараа юмыг удирдах гэж хичээдэг байсан. Энэ бүхэн маань миний авьяас билгийг хурцалж өгсөн байх. Мөн миний эцгийн эцэг Бөөхүү гэж малчин хүн байсан. Тэр хүн малд явж ирэхдээ гэрийнхээ гадаа байгаа малын зүсээр манайд тийм хүн иржээ гэдгийг мэддэг байсан гэдэг. Мөн гэртээ оруулахын аргагүй бузар, булай явдалтай, энерги муутай хүн байвал гэрийн гаднаас тэмээний бурантаг гарт нь бариулдаг байсан. Уулзах ёсгүй хүн байвал гэрийн гаднаас нь  өвчнийх нь оношийг хэлээд, эмчлэх аргыг нь зааж өгдөг байсан гэж ярьдаг. Миний аав бол үзэж, хардаггүй юм. Гарын уртай мужаан хүн байсан. Одоо ч бий. 92 настай хөгшин өдгөө хотод амьдарч байгаа.
 
-Таны амьдрал  үнэхээр сонирхолтой юм.  Таниас нэг зүйлийг лавлаж асуумаар  байна. Хүмүүс таньтай янз бүрийн шалтгаантай ирж уулздаг гэж байсан. Амьдрал, ахуй, өвчин зовлонгоо үзүүлээд засал хийгээд өгөөч гэх хүн байдаг уу. Тэр тохиолдолд та яадаг вэ?

-Засал гэдэг маань янз бүр л дээ. Ном уншиж, засах засал байна. Сэтгэлийн засал байна. Ном уншиж засал хийх нь  сүсгээрээ хийж буй засал юм. Домоор хийж буй нь гурилаар хүн хийж, ийш тийш нь гаргах, сүү цагаан идээгээр биеэ арчиж, муу муухай юмаа биеэс зайлуулах гэх мэт домын арга юм. Би ном уншдаггүй. Гэхдээ бурханы ном, бүх л шашинд, зөв зүйтэй явж байгаа бүх зүйлд итгэдэг. Би бол хүний биеийг бүрхэж байгаа гэрлэн бүрхүүлээр л тэгшитгэж эмчилдэг.  Би энэ бүхнээ 1990 оноос хийж эхэлсэн.


Бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөлөө. Энэ бүхэн  үнэн, худал эсэхийг нь түүнийг мэддэг хүмүүс гэрчлэх байх.

М.Хандсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж