
Татварын ерөнхий газрын тайлан мэдээнээс харахад энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улс орон нутгийн төсөвт 372,7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь төлөвлөгөөг 124,2 хувь буюу 72,7 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. Түүнчлэн улсын төсөвт 252,9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 319,1 тэрбумыг төвлөрүүлж 2010 оны УИХ-аас баталсан орлогын төлөвлөгөөг 66,1 тэрбум төгрөгөөр давуулсан аж. Мөн орон нутгийн төсөвт 53,6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг нийт дүнгээр 6,5 тэрбум төгрөгөөр давуулсан гэсэн эерэг мэдээлэл гарчээ. Нэмж дуулгахад, татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний стандарт, журмыг шинээр батлан мөрдүүлж аймаг, нийслэл, дүүргийн татварын албадад олон улсын стандартад нийцсэн “нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлсэн гэнэ. Ийнхүү татвар төлөгчдөд татварын албаны 31 нэг цэгийн үйлчилгэний төвөөр татварын зөвлөгөө, туслалцаа үзүүлж байгаа аж.
Б.Анхаа