Бага, дунд орлоготой иргэд байртай болно гэж “Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хүлээж, зургаан хувийн хүүг мөн ч их хүлээсэн дээ. Гэхдээ манай улстөрчид “Давс байсан бол айлаас мах гуйгаад бууз хийсэн. Даанч гурил байхгүй” гэдэг шиг л юм болгосон доо. Тэдэнд жигнүүр байгаагүй юм гэсэн шүү.
Одоо “100 мянган айлын хөтөлбөр, зургаан хувийн хүүтэй зээл”-ийг нүдээ хөхөртөл хүлээлгүйгээр орон сууцтай болох боломж байгаа болохоор одооноос үзээд алддаг хэрэг ээ. Нэг хүүхэд, хоёр хүүхэд, гурван хүүхэд, дөрвөн хүүхэд гээд л… Орондоо ороод байдаг цаг.
Одонгийн мөнгө, орон сууц хоёрыг зэрэг хүртэх боломжтой болчихож байгаа юм даа. Гэхдээ молигодуулчихаж магадгүй юм. Манайхан чинь молигодохдоо ямар гарамгай билээ. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэж монголчуудын маань хэлдэг нэг сайхан мэргэн үг байдаг даа.
Уг нь дөчин сая төгрөгийн зээл авч байртай болсноос жаргалтай нь аргагүй дөрвөн хүүхэд төрүүлээд орон сууцтай болчихвол ч сайхан л байна. “Хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүүхэд олон төрүүлбэл, орон сууц өгнө гэдгээ МАН-ынхан зарлачихаад байгаа. МАН-ын Монгол Улсыг хөгжүүлэх “Хөгжлийн хөтөлбөр”-т “2021 он гэхэд иргэдийн цалинг 2.5 сая төгрөгт хүргэнэ, дөрвөөс дээш хүүхэд төрүүлбэл орон сууц олгоно, залуу гэр бүлүүдээ дэмжинэ. Түр орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ, залуучуудыг гадаадад гарч ажиллах гэж хошуурдгийг өөрчилж, эх орондоо цалин өндөртэй ажиллах бололцоо нөхцөлийг олгоно” гээд томоохон зорилтыг тусгасан байна лээ.
Дөрвөн хүүхэд төрүүлсэн хүнд байр өгнө гэвэл найман хүүхэд төрүүлсэн айлд хоёр байр өгөх байх шүү. За, тэгээд арван хоёр хүүхэд төрүүлбэл гурван байр авах болж таарч байгаа юм. Мянгат малчин гэдэг шиг л…
Манайхан л болсон хойно бие биетэйгээ барьцах байх. 80-тай чавганц 60 настай охиноо хөтлөөд 40-тэй зээгээ дагуулаад одонгийн мөнгийг хамтдаа хүртээд л явж байна лээ. Тэр эмээ дөрвөн хүүхэд аль эрт төрүүлээд ач гучаа үзсэн хүн би орон сууц авна гээд “новшроод” унавал өгөхгүй гэх хэцүү. Ямар тэдэн оноос хойш дөрвөн хүүхэд төрүүлсэн ээж орон сууц өгнө гээд хуульчилсан биш. Тэгээд ч дөрвөн хүүхэд төрүүлбэл орон сууц өгнө гэсэн болохоос тэр хүүхдүүд нь хөгшин залуу байх нь хамаагүй бололтой юм шиг байна лээ. “Хөгжлийн хөтөлбөр”-ийг харахад орон сууц худалдаж авдаг олон шаардлага ерөнхийдөө хэрэггүй болох нь. Ажил хийдэг, нийгмийн даатгал төлдөг, урьдчилгаа мөнгө төгрөг бүгд хэрэггүй. Хамгийн гол шалгуур нь дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байх. Олон хүүхэд төрүүлэх тусам орон сууцанд орох боломж улам нэмэгдэх нь тодорхой.
Тэгэхээр одоо манай бүсгүйчүүд ажил хийсний хэрэггүй л болж таарах нь. Орон сууцтай болчихно, одонгийнхоо мөнгийг авчихна. Энэ бүхэнд итгэмээр байвч эцсийн эцэст Хөгжлийн хөтөлбөрийн зорилго нь хүүхэд төрүүлээд байр “хожоорой” гэдэгтээ л адилхан сонсогдож байна даа. Дашрамд сонирхуулахад, үлгэр эхлэх цаг нь өнөөдөр биш, 2031 он гэнэ лээ. Тэр болтол амжуулна биз.