Өмнөх сонгуулиар Ардчилсан нам Эрдэнийн хувь хэмээх хувьцааг, МАХН Эх орны хишиг хэмээх 1,5 сая төгрөгийг амласан билээ. Харин одоо дангаараа эрх барьж байгаа МАН хувьцаа, эсвэл бэлэн мөнгө гэж толгой эргүүлж байсан “хувилбар” шууд бэлэн мөнгө болгож өөрчлөх гэж байгаа аж. Сонгуулийн өмнө ийн бэлэн мөнгө тараах нь МАН-ын хувьд бөөн том “очков” байлгүй яахав. Албан тайлбар нь бол их амархан “Иргэд бэлэн мөнгөө авна гэсэн санал хүсэлт ирүүлээд байна аа” гэж. Харин хэдэн жил хөхөө хавдтал хүлээж байгаа хувьцааны талаар тэд сайн санахыг хүсэхгүй нь тодорхой. Яагаад гэвэл энэ бол МАН-ын биш АН-ын амлалт байсан. Тэр тусмаа Хамтарсан Засгаасаа салж, нийлж гүйсэн тэднийг торгож болох сайхан боломж. Дээр нь сонгуулийн өмнө Ардчилсан намыг шал дээр унагах хийгээд өөрийнхөө намыг дөвийлгөн гаргаж ирэх алтан боломж. Басхүү Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарсны хариу шан энэ. Хэрвээ Хамтарсан Засагтаа тэврэлдсэн хэвээр байсан бол мэдээж хэрэг асуудал ингэж эргэхгүй байсан нь ч тодорхой. Тавантолгойн ашиглалтын гол цөм болсон 39 дүгээр тогтоолыг өөрчлөх тухай асуудал хөндөгдөж эхлэнгүүт аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр олгох байсан 10 хувиа иргэдэд өгөхөөр болж, эхний 10 хувиар нь Ардчилсан нам хувьцаа олгоно гэсэн амлалтаа биелүүлсэн болж, дараагийн 10 хувиар нь МАН бэлэн мөнгө тараах амлалтаа биелүүлэх нь гэсэн таамаг дэгдэж байсан бол засаг төр тарж, АН, МАН муудалцсан “цаг үе”-ийн шалтгаанаар эцэс сүүлдээ бууриа сахиж үлдсэн МАН-чууд бэлэн мөнгөө тараагаад дуусгахаар сэтгэл шулуудсан бололтой.
Нэгэнт засгаа дангаараа бүрдүүлсэн, олонхийн хувьд тэд энэхүү санаачлагаа биелүүлэхэд торох зүйл үгүй гэж аархаж байгаа нь бараг үнэн. Хоёр сая гаруй хүнд олгох нэжгээд сая төгрөгийг хаанаас гаргах, үүнийг нь эдийн засаг нь даах эсэх нь огтхон ч сонин биш. Ардчилсан намынхан яахав дээ, чаддагаараа завсарлага авч хэд хононо биз. Чуулганы хуралдаанд хөтлөлцөж ороод эсрэг кноп дарна биз. Тэглээ гээд тэдний шийдвэрт нөлөөлж чадах байсан биш. Ардчилсан нам ч гэж Ардчилсан нам эдийн засагт хор хөнөөл болохгүйгээр иргэдээ эх орныхоо баялгийнхаа эзэн нь буюу хувьцааг нь эзэмшигч болгоно гэсэн байсан сайхан мөрөөдөл нь ингээд өрсөлдөгчийн чинь бэлэн мөнгө тараах амлалтын дэвсгэр болж байхыг дуугүйхэн хараад сууж байхаас өөр аргагүй болж байх шив дээ.
Дээр нэг сая төгрөг ч үгүй хувьцаа ч үгүй болох нь гэж муу амласны учир бол МАН эрх баригчийнхаа сүр хүчээр хувьцаа олгохыг хойшлуулчихна. Оронд нь олгоно гэж байгаа нэг сая төгрөгийг хаанаас гаргаж ирэх нь тун ч тодорхойгүй. Дээрээс нь үүл нь ирээд бороо орохын цагт гэдэг шиг гай болж, мөнгө нь олдож /хэвлээд гаргачихсан ч чадах байх л даа, эрх баригч нам/ бэлэн мөнгөөр ийнхүү бороо орохын цагт нэг сая төгрөг нэг сая биш болохын учрыг та бүхэн надаар эс хэлүүлэн мэдэж байгаа биз дээ.