Зам тээврийн ослоор жилд 530 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор жилд 530 хүн амиа алджээ

Монгол Улсад Зам тээврийн ослын улмаас өдөрт 1-2 хүн, сард 44, жилд 530 хүн амь насаа алдаж байна. Иракт  хааяа бөмбөг дэлбэрэхэд 40-50 хүн нас барлаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэдэг. Үүнтэй жишвэл, манайд жилд 7-8 удаа бөмбөг дэлбэрсэнтэй дүйцэхүйц хохирол учирдаг аж.

Айдас дагуулсан автын ослын буруутан нь жолооч гэж бид ихэнхдээ боддог. Автын дүрэм, шалгалтын дүгнэлтээр ч голдуу жолооч нарын буруу болж хариуцлага хүлээдэг. Гэтэл энэ их үхэл зовлон дагуулсан авто замын ослын бас нэг гол буруутан нь явган зорчигч гэдгийг төдийлөн анзаарч үздэггүй.

Өнгөрсөн онд 32-ын тойргийн зам дагуу буюу “Судалт” төвийн автобусны ойролцоо “Экпидешн”маркийн авто­машин хоёр ТҮЦ-ийг ташраар нь мөргөж, худалдагчийг нь гэмтээсэн хэрэг гарсныг санаж байгаа байх. Уг тээврийн хэрэгслийн  өмнүүр явган зорчигч гэнэт гарч гүйснээс болж жолооч нь огцом жолоогоо дарснаас дээрх хэрэг гарчэ. Хэрвээ явган зорчигч гэнэт гарч ирээгүй бол ТҮЦ-ийн худалдагч эрүүл мэндээрээ хохирохгүй байлаа.

Тиймээс л Монголд машин жолоо­дох эсвэл ажилдаа явган явна гэдэг дайнд явснаас өөрцгүй хэрэг болчихоод байгааг Замын цагдаагийнхан анхаа­руулаад буй хэрэг. Яагаад гэж үү? Яагаад гэвэл та орой гэртээ зүв зүгээр ирнэ гэсэн баталгаа байхгүй болсон гэхэд хилсдэхгүй.

Явган зорчигч хохироогүй ч гэсэн явган зорчигчийн буруугаас болж машин машинтайгаа мөргөлдөх, замаас гарах зэргээр жолооч хохирсон ослууд нийт ослын дийлэнх хувийг эзлэх болжээ. Үүнийг өнгөрсөн онд  улсын хэмжээнд гарсан нийт зам тээврийн ослын 27.3 хувь нь явган зорчигчийн буруугаас шалтгаалсан гэж судалгаа нотолно. Өнгөрсөн онд гарсан зам тээврийн ослын 66 нь согтуу явсан явган зорчигчоос болжээ. Харамсалтай нь ямар нэгэн баяр тэмдэглэсэн тэдгээр зорчигчдын олонх нь өнөөдөр бидний дунд байхгүй. Үлдсэн нь хүнд, хүндэвтэр гэмтэл авч эрүүл мэндээрээ хохирсон байх юм.

Хэдийгээр ерөнхий боловсролын сургуульд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар хичээл ордог ч сурагчид хангалттай мэдээлэл авч чадахгүй байна. Тэгээд ч бага ангийн хүүхдүүдэд энэ тухай хичээл ордоггүй нь тэднийг зам тээврийн осолд өртөх бас нэг шалтгаан болдог аж. Замын хөдөлгөөний дүрэм журмын мэдлэг тааруу байгаагаас өнгөрч онд улсын хэмжээнд 40 хүүхэд зам тээврийн ослоор нас баржээ. Замын цагдаагийнхан 162 хүүхдүүдийг өөрсдийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осолд өртсөн гэдгийг тогтоожээ.

Гэхдээ томчууд, хүүхдүүд гэлтгүй явган зорчигчид осолд өртсөн тохиодлуудын дийлэнх олонхийг гарцгүй газраар зам хөндлөн гаталсан тохиолдлууд эзэлж буй аж. Энэ нь явган зорчигчид замын хөдөлгөөний дүрмийг төдийлөн мөрддөггүй гэдгийг харуулж байна. Явган зорчигч, жолооч хоёулаа замын хөдөлгөөнд оролцдог ч аливаа ослын буруутан нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд л болдог. Явган зорчигчид ямар нэгэн хариуцлага хүлээлгэсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй аж. Мэдээж машин, хүн хоёр мөргөдлөө гэхэд явган зорчигч л гэмтэж хохирно. Хамгийн гол нь замын хөдөлгөөнийхөө дүрмийг баримталж оролцохгүй бол өөрөө л хохирно гэдгийг ухаж ойлгоогүйгээс л энэ бүхэн үүдэлтэй. Хэдхэн секунд хүлээгүйнхээ төлөөсөнд явган зорчигч насан туршдаа тахир дутуу, цаашилбал амь насаа ч алдах аюултай гэдгийг дэндүү олон хүн ойлгодоггүй нь дайны байдлаас ч илүүгээр амиа алдахад хүргээд буй хэзээ огоорох юм, бүү мэд.

Таны амь 100 метрийн цаана бай­гаа гарцаар тойрч гарахад зарцуулах таван минутаас хямдхан уу?  Ирж байгаа машины өмнүүр амь насаараа “бооцоо” тавин гүйх нь хүлээсэн 30 секундээс хямдхан гэж үү?

Б.НАМУУНХУР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж