Засгийн газраас шатахуун импортлогчид үнийг бууруулахгүй бол импортлогч компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлана гэдгээ сүртэйгээр мэдэгдсэн. Гэсэн хэдий ч импортлогчид эрх баригчдын анхааруулгад үл тоосон байдал үзүүлж байгаа нь Монголын нефть импортлогчид Засгийн газраас ч илүү эрх дархтай юм биш байгаа гэх эмзэглэлийг олон хүнд төрүүлж байгаа бололтой. Тиймээс гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг нефть импортлогчдын толгойг төр элдэв янзаар илэх хэрэг байхгүй гэдэг байр суурьтай байгаа. Үнэндээ өнгөрсөн жилээс эхлээд шатахууний үнийг тогтвортой байлгах үүднээс Засгийн газраас нефть бүтээгдэхүүнийг гаалийн болон онцгой албан татварт удаадараа өөрчлөлт оруулсан. Өнөөдрийн байдлаар дээрх хоёр татвараас нефтьимпортлогчдыг ёөлөөлчихөөд байгаа. Гэсэн хэдий ч шатахууны үнийг импортлогчид яль шалихгүй зүйлээр шалтаглан үнийг өсгөсөөр л байсан юм.
Шатахууны үнийг бууруулахгүй бол цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тодруулахад “Шатахуун импортлогчид үгсэн хуйвалдсан гээд 10 тэрбум төгрөгийг торгууль ногдуулсан. Засгийн газраас нефть импортлогчдод үнийг бууруул гэж үүрэг өгөөгүй” гэдэг тайлбарыг хэлж байна. Яг үнэндээ бол холбогдох газрууд өчигдрийн ярьж байснаасаа шал өөрөөр “шатахууныг хувийн компаниуд оруулж ирдэг болохоор хүчээр үнийг бууруулах ёсгүй” гэсэн тайлбарыг хэлж байгаа юм. Харин Засгийн газар шатахууны үнийг бууруулахын тулд импортлогчдыг Нэмүү өртөгийн албан татвараас чөлөөлөхөөр ярилцаж байгаа гэсэн. Засгийн газар үгсэн хуйвалдсан компаниуд үнийг бууруулахгүй байвал тусгай зөвшөөрлийг нь цуцлана хэмээн “томроод” байсан нь худлаа болж таарах нь. Эрх баригчид наашаа харж ард түмнийг инээмсэглэлээрээ хуурч, цаашаа хараад импортлогчидтойгоо “нөхцөөгүй” л юм бол юун өчигдрийн ярьснаа мартан өнөөдөр шал өөр тайлбар хийгээд сууж байх билээ. Импортлогчид ч шатахууны үнийг нэмсэнийхээ дараа “тэгж ярих юм бол Эрдэс баялаг эрчим хүчний яаман дээр биднийг дуудаж ирүүлээд үнийг нэм гэсэн шүү дээ” хэмээн ярьж байсан үнэний ортой ч байж болох нь ээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нь валютын ханш болон шатахууны үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг тодруулахын зэрэгцээ цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулах зорилготой ажлын хэсгийг нэгдүгээр сарын 10-нд байгуулсан юм.
Тус ажлын хэсгийнхэн Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүнд ногдуулдаг Гаалийн болон Онцгой албан татваруудад өөрчлөлт оруулснаар өнгөрсөн онд нефть импортлогчдыг 30 тэрбум төгрөгөөс хөнгөлжээ. Гэсэн хэдий ч нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсангүй улам өссөн. Ажлын хэсгийнхэн нефть импортлогчдоос мэдээлэл хүсэхэд “Жил тутам алдагдалтай ажиллах боллоо” гэсэн тайлбар хийж байсан бол ашиг орлогыг тооцоод судлаад үзэхээр өмнөхөөсөө хэд дахин нугарч өссөн болох нь тогтоогдсон байна. Жилд гурван хувийн ашигтай ажиллаж байсан нефть импортлогчид одоо 25 хувийн ашигтай болсон. Энэ бол ашиг найм дахин өссөнийг харуулж буй үзүүлэлт юм. Хөрөнгийнх нь хэмжээ харин дөрөв дахин нэмэгдсэн. Тэгсэн атлаа төрөөс татварын хөнгөлөлт шаарддаг. Одоо төр ганц торгоож байсан НӨАТ-аа тэглэх хүртэл арга хэмжээ авч болзошгүй байгаа.
Гэтэд импортлогчид эдийн засгийн эмзэг байдлыг далимдуулсан хэвээр байх юм бол Монгол Улсын Засгийн газар нефть импортлох эрхийг өөртөө авах нь илүү оновчтой гэж ажлын хэсэг үзэж байна. УИХ-ын нэр бүхий гишүүд энэ талын хуулийн төслийг удахгүй өргөн барих гэнэ лээ. Шатахуун импортлогчид заасан хугацаанд үнийг бууруулахгүй бол яах вэ гэдэгт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос “нефть импортлогчид шатахууныхаа үнийг бууруулахгүй, торгуулиа төлөхгүй гүрийж байна. Гэтэл Засгийн газар наанаа ард түмний талд байгаа юм шиг загнаад цаанаа импортлогчдын толгойг илж байна” гэсэн юм. Хэрвээ шатахууны үнийг тохирсон хугацаандаа бууруулахгүй бол МҮЭХ үнийг бууруулах талаар дахин эсэргүүцэл зарлаж, дараагийн арга хэмжээг авах гэсэн. Тэгэхээр ямартай ч Засгийн газар том уу, импортлогчид томуу гэдгийг өнөөдрийн үйл явцаас л харах л үлдэж байна.