УИХ-ын сонгуулийн уур амьсгал, хэрүүл маргаанаас нь тасрахгүй, үүнээс нь залхчихсан байхад дахиад “нэг сонгууль өг” гэхээр хэнд л тааламжтай байв гэж. Тэгээд зогсохгүй УИХ-ын сонгуульд “дэмжээгүй, сонгоогүй” ялагдсан нөхдийн малийтлаа инээсэн зурагт хуудас дахиад л ороод ирэхээр бүр ч таагүй. Ингэхээр өвлөөс өмнө ажлаа амжуулчих гэж эрвийх дэрвийхээрээ хөдөлцгөөдөг үеэр “таних ч үгүй нэг амбийцтай хүнд дулаан суудалд суулгах” гэж нэг өдрөө барна гэдэг даанч харамсалтай санагдана биз дээ. Угтаа бол сонгогч нь саналаа очиж өгөхгүй байна гэдэг нь “абсент санал” буюу түдгэлзэж буй хэрэг. Үүнийг нь улс төрийн намынхан “олигтой хүн нэр дэвшүүл гэж сонгогчид хэлж байна” хэмээн ойлгоод өрсөлдөгчдийг сайжруулж, ажил хийх чадвартай хүнийг оронд нь дэвшүүлэх учиртай. Нэгэнт хүмүүс ирэхгүй байгаа юм чинь зохион байгуулагчид нь галзуу ганц аргаа хэрэглэхээс аргагүй. Дахин санал хураалт явуулсан болж “механикаар” хүчинтэй болгодог.
Гэвч. Энэ бүхнээс татгалзах зүйлээ 2008 онд парламентын гишүүд уг нь хийж орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр хийхээр хуульчилж “олонхиор дэмжсэн”, одоо л харин буцах гээд байгаа болохоос биш. “Орон нутагт нэр дэвших хүн нь УИХ-ын сонгуулийг зохион байгуулах болоод байна” ч гэх шиг, “сонгогчдын боловсрол олон хүнийг зэрэг сонгоход хүрэхгүй”, “Сонгуулийг зохион байгуулагчид, машин техникийнх нь хүчин чадал хүрэхгүй” ч гэх шиг тайлбар тавиад эхлэв. Үүнээс хорлонтой нь хоёр сонгуулийг хамтад нь хийвэл “үймээн самуун, дахиад долдугаар сарын 1 гарах байх” гэх хиймэл айдсыг бий болгох гэж оролдож байгаад байна. Нээрээ л хоёр сонгуулийг нэг өдөр хийхээр бөөн будилаан үүсэх ч юм бил үү гэж бодмоор. Хамтад нь хийхийг эсэргүүцэн улайран ярьж байгаа нөхөд маань бантахдаа өөрсдөө өнөөх үймээнээ тарьчих вий ч гэж болгоомжилмоор.
Олимп жил бүр болдог бол утгаа алдахтай адил олон сонгуулийг нэг өдөрт зохион байгуулж утга учиртай болгож яагаад болохгүй гэж. Жил бүр сонгогчид нь улстөржиж, улстөрчид нь сонгуульжсаар цагийг барцгаасаар байх гэж үү. Одоо хүчин төгөлдөр хуулиар нэг өдөр болох сонгууль улам ойртсоор байна. Сонгуулийн Ерөнхий хороо нь энэ хугацаанд хууль өөрчлөх байх гэж хүлээж суулгүй хуулийн дагуу бэлтгэлээ хийх л үлдсэн. Энэ удаагийн сонгуулийн ирцийг хангалтгүй болгох гэхийн хэрэг юунд байна аа. Эсвэл “санал авах байранд чи дахиад л хүлээх гээ юу”. Энэ бол асуулт биш шүү. Анхааруулга.