Уян хатан хандахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.05.03-нд нийтлэгдсэн

Уян хатан хандахыг хүслээ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Пармешвар Рашлоганыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
       ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Засгийн газар төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас хэтрүүлэхгүй байх, төсвөөс давсан аливаа орлогыг тусгай санд төвлөрүүлэн хуримтлал бий болгох үүрэг хүлээснийг ноён Пармешвар Рашлоган онцлоод Засгийн газраас Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах хуулиудын төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийллээ.   
      Тэрбээр, Монгол Улсын 2010 оны төсөвт өөрчлөлт оруулснаар нэгдсэн төсвийн нийт орлого 364.3 тэрбум, нийт зарлага 464.3 тэрбум, нэгдсэн төсвийн алдагдал 100 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьд хүрэхээр төсвийн тодотголын төсөлд тусгажээ. Гэхдээ ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн хүрээнд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт УИХ-аас баталсан банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотой Засгийн газрын бондын үндсэн зардал нь төсвийн зардалд тооцогдохгүй гэж үзсэн тул хөтөлбөрийн дагуу улсын нэгдсэн төсвийн нийт алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас хэтрэхгүй байх шалгуурыг төсвийн өөрчлөлтийн үзүүлэлт хангахаар байна. Харин төсвийн тодотголоор зэсийн үнийн өсөлтийг нэмэгдүүлж тооцохоор тусгасан нь Засгийн газар төсвөөс давсан орлогыг тусгай санд төвлөрүүлэн хуримтлал бий болгохоор хөтөлбөрийн дагуу хүлээсэн үүргээ зөрчихөд хүргэж байна. Хэрэв энэ шаардлага зөрчигдөхөд хүрвэл ОУВС Засгийн газартай тохирсон хөтөлбөрөө цаашид хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдал үүсч мэдэх юм гэдгийг сануулаад төсвийн нийт зардлыг өсгөхгүйгээр бусад хэрэгцээгүй зардлыг бууруулах замаар төсвийн зардлын өсөлтийг шийдэх арга зам, боломжийг эрх хайх нь чухал юм гэдгийг онцлов. Мөн банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг түргэтгэх, Төсвийн тогтвортой байдлын тухай болон нийгмийн халамжийн багц хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэж батлах талаар дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүслээ.
     Төсвийн зардлыг аль болохоор өсгөхгүй байх, нийгмийн халамжийг хумих бодлогыг УИХ барьж буйг УИХ-ын дарга онцлоод төсвийн алдагдлыг ОУВС-тай тохирсон хөтөлбөрт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй байх зарчим баримталж байгаа. Харин улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал нь төсвийн орлогын давсан хэсгийг тусгай санд төвлөрүүлэх тийм боломж олгохгүй байгааг та бүхэн ойлгох нь чухал байна. Дэлхийн банк, ОУВС зэрэг дэлхийн банк, санхүүгийн байгууллагуудын хүчин чармайлтын үр дүнд бид хямралыг гэтэл байгаа хэдий ч цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг дахин сэргээх, намуудын амласан хувь хишгийг хүртээх зэрэг асуудлаар нийгмийн зүгээс дарамт шахалт их гарч байна. Иймээс улс төрийн нөхцөл байдлыг харгалзан төсвийн тодотгол хийх замаар түр зуурын арга хэмжээ авах нь зайлшгүй болсныг анхаарч үзэхийг хүслээ. Гэхдээ УИХ төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр үр ашиг багатай хөрөнгө оруулалтыг эргэж харах, Засгийн газрын зарим зардлыг бууруулах замаар төсвийн зарлагын дотоод зүйлүүдийг нарийвчлан авч үзэхийг анхаарах болно гэлээ. Мөн банкны салбарын шинэчлэлийг түргэтгэх, төсвийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн халамжийн арга хэмжээг цэгцлэх талаар УИХ анхаарах болно гэдгийг тэмдэглээд манай орны нөхцөл байдалтай уялдуулан уян хатан бодлого баримтлах, тус сантай тохирсон хөтөлбөрийг дахин хоёр жилээр сунгах санал тавьж буйг ОУВС-гийн захирлуудын зөвлөлд уламжилж өгөхийг хүслээ.
      Тус сангийн Монгол дахь суурийн төлөөлөгчийн газраас УИХ-тай хамтран инфляци, мөнгөний бодлогын асуудлаар семинар зохион байгуулах санал тавьсныг УИХ-ын дарга дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж