Гэвч, гурван жил гаруй яригдсан шүүх эрх мэдлийн шинэчлэлийн асуудал лав гацаанд орлоо. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-аар аль хэдийн хэлэлцээд эхэлчихсэн, хэлэлцэх эсэхийг нь УИХ хэдийнэ дэмжчихсэн юм. Одоо анхных нь хэлэлцүүлгийг хийх ёстой. Шүүхийн тухай багц хуулийн төсөлд Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхэд эвлэрүүлэн зуучлал явуулах тухай, Иргэний төлөөллийг оролцуулах тухай гэсэн зургаан багц хуулийн төсөл явж байгаа. Шүүхийг хараат бус ажиллуулах, албан тушаалтнуудад бус иргэдэд үйлчилдэг байх, шүүхийн өмнө бүгд эрх тэгш байх тэр тогтолцоо явуулахад чиглэсэн эдгээр багц хуулийг батлах нь хуулийн байгууллагыг шинэчлэх эхний алхам болох ёстой байлаа.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг өөр байр суурьтай байна. УИХ-аар нэгэнт хэлэлцэгдээд эхэлчихсэн уг хуулийн хэлэлцүүлгийг саатуулах болсон нь шүүх эрх мэдлийн шинэчлэлийг саатуулах холын бодлого гэхээсээ илүү сонгуулийн дараа засаг солигдвол бид хаана байх вэ гэдэг ойрын айдсаас үүдсэн бололтой.
Учир нь Шүүхийн тухай багц хуулийг намрын чуулганаар хэлэлцэж батлах тухай Ардчилсан намын бүлгийн саналд МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “Хэрвээ Хүний эрхийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг төслөө буцаагаад татчихвал бид Шүүхийн тухай багц хуулийг чинь явуулья” гэдэг санал тавьсан гэнэ. Үүнээс болж өчигдөр хоёр намын бүлгийн хооронд нэлээдгүй маргаан мэтгэлцээн, яриа хэлцэл явсан ч тохиролцоонд хүрч чадаагүй тул Ардчилсан намын бүлэг хуралдсангүй. Харин МАН-ын бүлгийнхэн энэ асуудлаар хуралдаж, улс төрийн шийдвэрээ гаргах гэнэ. “Улс төрийн шийдвэр” гэдэг нь хууль болоод зарчмыг нэг их өндөр тавилгүй, тухайн цагт тухайн улс төрийн хүчинд аль нь ашигтай байна, тэр шийдвэрийг намын удирдлагууд нь гаргана аа л гэсэн үг. Уг нь “хуулийн дагуу шийдэх”, “олонхиороо шийдэх”, “мэтгэлцээнээр шийдэх” гэх мэт бусад арга байдаг ч сүүлийн үед “улс төрийн шийдвэр” нь илүү түлхүү гараад байгаа.
Сониноос МАН-ын бүлгээс тавьсан энэ саналын цаана тус намын бүлгийн дарга асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын нэр сонсогдож байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн даргын Ардчилсан намын бүлэгт тавьсан санал тэднээс эхтэй гэсэн үг. Тэгээд Ардчилсан намын бүлэг уг тохиролцоог нь хүлээж аваагүй учраас намынхаа бүлгийг хуралдуулж, “улс төрийн” шийдвэр гаргуулахаар далайлгасан бололтой юм.
“Хүний эрхийн талаар авах арга хэмжээний тухай” нэртэй УИХ-ын тогтоолын төслийг анх 2010 оны аравдугаар сард УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос боловсруулж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр гурван удаа оруулж, гурван удаа унагасны эцэст арай гэж өнгөрөгч арванхоёрдугаар сард байнгын хороо дэмжсэн билээ. Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ажлаа өгч, Д.Одбаяр сонгогдсоны дараа гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Харин Д.Одбаяр гишүүний хичээл зүтгэлээр “хил хязгаар” давсан уг тогтоолын төсөл нэгдсэн чуулган дээр дахиад л бүдэрч байна. Гэвч өнгөрөгч сард хамтарсан Засгийн газраас гарахдаа “Хүний эрхийн байдал хүндэрлээ, долдугаар сарын 1-ний хэрэгт хариуцлага тооцож чадсангүй” гэдэг шалтаг тавьж гарсан Ардчилсан намынхан тогтоолын төслийг буцаая гэх эрх лав байхгүй. Харин МАН-ынхан яагаад үүнийг хүсээд байна…
Хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулна, хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийг дэмжих ч уг нь аль аль намд нь халгаатай бус, харин ч нийгэмд үгүйлэгдэж, дутагдаж байгаа зүйл. Үүний төлөө сонгуульд ялагдах хувь заяа лав тосохгүй. Харин тогтоолын төслийн зарим заалт нь зарим нэг албан тушаалтныг сандралд оруулаад байгаа бололтой юм. Тогтоолын төсөлд тухайлбал,
-Цагдаагийн байгууллагын одоогийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, хэв журам хамгаалах болон эрүүгийн хэргийг мөрдөн шалгах үндсэн чиг үүргүүдийг нь зааглах, хэв журам сахиулах чиг үүрэгт орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын оролцоог хангах,
-Эрүүгийн хэргийн болон тагнуулын гүйцэтгэх ажлын чиг үүргийг зааглах, тагнуулын байгууллагад байгаа эрүүгийн хэрэг мөрдөх чиг үүргийг мөрдөх албанд шилжүүлэх, мөрдөх албаны чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, хяналт хариуцлагатай холбоотой харилцааг тусгайлсан хуулиар зохицуулах.
-Прокурорын байгууллагын хэрэгжүүлж буй хүний эрхийн болон гүйцэтгэх ажлын хяналт, процессын зарим чиг үүргийг шүүхэд шилжүүлэх, прокурорыг зөвхөн яллагчийн байр суурь, мөрдөх ажиллагааг удирдах эрх хэмжээтэй байхаар бодлого боловсруулах, шаардлагатай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх ажлыг С.Батболдын Засгийн газарт даалгасан байгаа. Тогтоолын төсөл УИХ-ын босго давж чадалгүй жил хагасын нүүр үзсэн нь ч үүнтэй холбоотой. Хэрвээ УИХ-ын тогтоол батлагдвал асуудал хариуцсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажил л ундраад ирнэ гэсэн үг. Цагдаагийн байгууллагын одоогийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргүүдийг бараг үндсээр нь өөрчлөх шаардлага гарч байгаа юм. Тиймээс эрхэм сайд өмнөх хуралдаанууд дээр төсөл санаачлагчтай “гөлөг”, “нохой”-доо тултал хэрэлдэж, “хэмхэлдэж” байсан удаатай. Одоо ч тэр нь үргэлжилж байх шив.
Уг нь багцаалахад, тогтоолын төсөл батлагдах гэсээр байтал намрын чуулган дуусна, чуулган дуусаад намууд сонгуульдаа гарна, сонгууль дуусан дуустал түүний хэрэгжилтийг энэ Засгийн газраас, эсвэл Ц.Нямдоржоос нэхэх хүн лав байхгүй. Энэ УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд “долдугаар сарын 1”-ний хэрэг дээр дүгнэлт хийгээд, энэ алдаагаа хэрхэн засч залруулах вэ гэдэг шийдвэрээ л гаргачихвал хэрэгжүүлэх ажил нь дараагийн Засгийн газарт очиж байгаа юм. Тэгэхээр “гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчээр сонгуулийн дараа бүрдэх Засгийн газрын хийх ажил Ц.Нямдоржид ямар хамаа байна аа. Эсвэл сонгуулийн дараа ч гэсэн Хууль зүйн сайдаараа үлдэнэ гэж төсөөлөөд, өнө мөнхийн зүйл хүсээд байгаа юм уу. Албан тушаалын шунал дэв угаасаа байдаг юм гэсэн. Гэхдээ үүнээс шалтгаалдаггүй биологийн нас бас нэг юм хүнд чинь байдаг юм байгаа биз дээ. Хэзээ эхлээд, хаана дуусгахаа мэддэг байх ёстой гэсэн үг.
Нөгөө талаас, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин саяхан хэлсэн байна лээ. Хэрвээ 2012 оны сонгуулийн дараа Ардын нам ялагдаж, Хууль зүй дотоод хэргийн яам, цагдаа, шүүх, прокурор бүхлээрээ өөр улс төрийн хүчний гарт орлоо гэхэд цагдаа дотор байгаа маш олон хүн болсон үйл явдлыг зүгээр л ярина. Одоо “миний нэрийг битгий гаргаарай” гэж айж байгаа хүмүүс тэр үед зүгээр л хүүрнэнэ дээ. Тийм учраас өнөөдөр “Би тэгээгүй” гээд өмнөх хэргээ нуухын тулд дахиад шинээр гэмт хэрэг хийж байгаа нөхдүүд дотроо нэг л зүйлд залбирч байгаа. Хууль зүйн сайд битгий солигдоосой, Ардын нам битгий ялагдаасай, бидний муу муухайг хааж хаацайлж байгаа энэ хөшиг битгий ярагдаасай л гэж залбирч байгаа гэж.
Олон нийтийн ярьдгаар “долдугаар сарын 1”-ний тухай буюу “Хүний эрхийн талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол ч гэсэн саатаад байгаа шалтгаан, МАН-ын бүлгээс гарах улс төрийн шийдвэр ч гэсэн энэ үү, Ц.Нямдорж сайд аа?