Хатан хаан “хамжлагтууддаа” үнэнч байсанд талархлаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Хатан хаан “хамжлагтууддаа” үнэнч байсанд талархлаа илэрхийлэв

Их бууны ёслолын буудлага, шуудангийн ойн марк, ВВС телевизээр шинэ баримтат кино зэргээр Британийн хаан ширээнд Их Британи, Умарт Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Елизавета өөрийн эцэг, хаан VI Георгийг нас барсны дараа хаан ширээнд суусны 60 жилийн ойг энэ даваа гаригт тэмдэглэж эхлэв. Их Британийн хатан хаан, Британийн хамтын нөхөрлөлийн тэргүүн II Елизавета Британийн хаан ширээнд суусны 60 жилийнхээ ойн өдөр өөрийн захиргаан дор байдаг ард түмэнд үнэнч байсных нь төлөө талархаад тэдний төлөө насныхаа эцэс хүртэл зүтгэнэ гэж амлажээ. 

“Эдгээр он жилүүдийн турш надад болон жонон Филипт өгсөн тэр гайхалтай дэмжлэг, хайрын чинь төлөө Та бүхэнд талархлаа илэрхийлэхээр би бичиж байна. Мөн “очир алмазан ойг” тохиолдуулан олон сайхан илгээлт ирүүлсэнд бид гүнзгий догдолсноо илэрхийлье” гэж II Елизавета хатан хааны даваа гаригт илгээлэн илгээлтэд өгүүлжээ.

Нэгдсэн вант улсаас гадна 85 настай Елизавета Хамтын нийгэмлэгийн өөр 15 орны төрийн тэргүүн бөгөөд дэлхийн томоохон болох үндэстэн хоорондын нэгдлийг толгойлдог. Тэрбээр Виктория хатан хатан хааны дараах 60 жилийн хаанчлалаа тэмдэглэж буй Британийн түүхийн хоёр дахь хүн болов.

“Энэ онцгой жилд би шинэ эрч хүчээр та бүхэнд үйлчлэх болно. Бид бүхэн нэгдмэл хүч чадалын тухай, нэгэн гэрийн дор нэгдсэн найрамдал ба сайн түншийн ажиллагааг дурсан санаж явна гэдэгт найдаж байна. Түүний тод жишээг хаанчлалынхаа бүхий л цаг хугацаанд харах аз жаргал надад байлаа. Би Нэгдсэн вант улс ба Хамтын нөхөрлөлийн орнуудаас  явахдаа дахин түүнийг олж харна хэмээн найдаж байна” гэж хатан хаан тэмдэглэв.

Түүнийг хаан ширээнд заларсан 60 жилийн дотор Их Британид арван хэдэн ерөнхий сайд солигдсоноос Тони Блэйр, Дэвид Кэмерон хоёр II Елизаветагийн захиргааны эринд төрсөн байв. Өнөөгийн ерөнхий сайд консерватор Дэвид Кэмерон долоо хоног бүр  хатан хаанд бараалхдаг бөгөөд түүнийг “мэргэн ухаан, урт насны рашаан ундарга” гэж нэрлэв. “Бие биентэйгээ огт адилхан биш зургаан арван жилийн турш өөрийн эзэмшсэн туршлага, олж авсан  нэр хүнд, намуун нэр төрөөрөө  тэр манай үндэстэн болон бүх Хамтын нийгэмлэгийг нэгтгэн удирдаж ирлээ” хэмээн Британийн Засгийн газрын тэргүүн онцлон хэллээ.

Хорин таван настай Английн гүнж Елизавета 1952 оны хоёрдугаар сарын 6-ны шөнийг Кенийн Африкийн зэрлэг байгаль дунд модон дээр барьсан овоохой дотор өнгөрөөв. Өглөө сэрэхдээ тэрээр Их Британийн хатан хаан  Хоёрдугаар Елизавета болсон байв. Британийн хамтын нийгэмлэгийн орнуудаар Елизавета өөрийн нөхөр жонон Филипийн хамт аялан Дэлхийн хоёрдугаар дайнд фашизмыг ялахад ард түмнийх нь оруулсан хувь нэмэрт нь талархлаа илэрхийлэн явж байлаа.

Протоколын дагуу энэ дэлхийг тойрсон айлчлалыг VI Георг өөрөө хийх ёстой байсан боловч хөгшин биш хаан үхлийн өвчтэй байв. Тэр шөнө хаан уушгины хорт хавдраар 56 насандаа хаантны хувийн Сэндрингем эдлэндээ өөд болжээ. Энэ гунигтай мэдээг  түүний хойноос цэргийн Douglas онгоц ирсэн үдээс хойш Елизавета мэджээ. Тэр онгоцоор шинэ хатан хаан нөхрийнхөө хамт эх орондоо ирсэн юм.

Уламжлал ёсоор эцгийгээ нас барсан өөрөө хаан ширээ залгамжилсан өдрөө II Елизавета Сэндрингем эдлэнд гэр бүлийн хүрээнд угтдаг. Харин энэ жилийн хоёрдугаар сарын 6-ны хуваарьт нь олон нийтийн арга хэмжээ төлөвлөгджээ. Хатан хаан Кингс-линн хотын захиргааны зочин болсон ба  хотын удирдлага хатан хаанд зориулсан баярын үгээ хэлжээ. Дараа нь Норфолкийн Дерсингем гэх сууринд хүүхдийн цэцэрлэгт зочлов. Цэцэрлэгийн хүүхдүүд түүний хаанчлалын 60 жилийн тухай жүжиг тоглон сонирхуулжээ. Лондон хотноо Хаантны морин цэргийн их бууны анги Гайд-паркт 41 удаа ёслолын буудлага хийлээ. Мөн энэ өдөр уг ойд зориулагдсан зургаан маркнаас бүрэлдсэн шуудангийн цуврал маркийг гүйлгээнд гаргажээ.  Тэдний зураг чимэглэлд нь хатан хааны  хаанчилч буй үеэр гаргасан зоос ба шуудангийн марк дахь хатан хааны дүрсийг ашигласан байна.

Даваа гаригийн орой Британийн ВВС теле­ра­дио корпораци Британийн нэртэй сэтгүүлч бөгөөд телевизийн хөтлөгч Эндрю Маррын бүтээсэн “Очир эрднийн хатан хаан” (The Diamond Queen) нэртэй гурван ангит шинэ баримтат киноны хэсгээс үзүүллээ. II Елизавета хаан ширээнд суусны ойн өмнө хаантны түүхчид ба шинжээчид Британийн орчин үеийн түүхэнд түүний гүйцэтгэсэн үүргийг дүгнэхдээ ”үүрэг хариуцлагадаа үнэнч”, “жишиг болгон авахаар” гэж үнэлжээ. 

“Түүний гол гавьяа, зүтгэл нь хаант засаглалаа уян хатан байлгаж, түүнд цаг үедээ таарсан шинэ уламжлалыг оруулж ирсэн явдал” гэж Гадаадын хэвлэлийн эвсэлээс (Foreign Press Association) гадаадын хэвлэлийн төлөөлөгч нар зориулсан хэвлэлийн бага хурал дээр Хааны  түүхэн орнуудын ерөнхий төлөөлөгч Люси Уорсли хэлжээ. Британийн хаанчлалын түүхийн тухай номуудын зохиолч Роберт Жобсон өөрийн ээлжид сануулахдаа, II Елизавета бол хаан ширээнд заларсныхаа 60 жилийг тэмдэглэж байгаа  хоёр дахь хаан гэв. “Хэрэв зуун жилийн өмнө хатан хаан Викторияг Британийн эзэнт улсын леди гэж нэрлэсэн бол хатан хаан Елизавета бол Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын тэргүүн леди” хэмээн тэр дүрслэн хэлэв. Хатан хаан нь Хамтын нийгэмлэгийн гишүүн 53 орны тэргүүн бөгөөд 16 улсад албан ёсоор төрийн тэргүүн гэгддэг.

“Тэрээр эцгийнх нь үед Британийн эзэнт улс оршин тогтнохоо болиод оронд нь Хамтын нөхөрллийн орнууд байгуулагдсаныг залгамжлан авсан юм. Хаан нас барсны дараа түүний үүрэг асуудалд орсон ба энэ үеэр тэр  цагийн Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Неру чухал болсон захидал илгээн залуу Елизаветаг Хамтын нөхөрлөлийн тэргүүн байхыг дэмжжээ. Британийн колони байгаад тусгаарласан орнууд ч түүнийг дагалдан Елизаветаг дэмжсэн байв” гэж Жобсон тайлбар хийлээ. Түүхчид тэмдэглэхдээ, хаантнуудын нэр алдар, хаанчлал нь насных нь эцэст нэмэгддэгийг хэлсэн юм. Тэр нь бас Елизаветад хамаарагдсан байв. Бритьаниас салан бүгд найрамдах улс болох гэсэн яриагаа II Елизаветаг хүндэтгэн үзэх үүднээс Хамтын нөхөрлөлийн олон орнууд зогсоогоод байна.

“Гэхдээ зарим орнууд тухайлбал, Австрали, Ямайка, Шинэ Зеланд, Канад  зэрэг орнууд II Елизаветаг таалал төгссөний дараа Британийн хаанаар улсын албан ёсны төрийн тэргүүн болгохгүй гэсэн яриа сонсогдож байгаа. Тэр эгшинд хааны солих нь логиктой болно гэж тэд үзэж байгаа бололтой” хэмээн Жобсон ярьсан байв. Энэ жилийн дотор Елизавета нөхрийнхөө хамт Нэгдсэн вант улсын бүх бүс нутгаар ойн айлчлалаа хийх юм.

“Очир эрднийн ойн” арга хэмжээний оргил үе нь зургадугаар сарын эхэнд болох бөгөөд британичууд дөрөв хоногийн амралттай байна. Энэ үеэр Темза мөрнөөр мянган гоё дэгжин хөлөг онгоцнуудын флот жагсан явна. Хааны Альберт-холлд баярын концерт, Баттерси-паркт хатан хааны хаанчлалын 60 жилд зориулагдсан  асар том арга хэмжээтэй. Их Британи ба Хамтын нөхөрлөлийн орнуудад 2012 зул асаах бөгөөд Лондоны Хувилгаан Павелийн сүмд ёслолын мөргөлөөр баярын арга хэмжээг өндөрлөнө.

Үүний зэрэгцээ жилийн турш Хамтын нөхөрлөлийн орнуудад хатан хаанд зориулагдсан үзэсгэлэн, баярын арга хэмжээ тасрахгүй.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж