
Төсвийн тодотгол хийхдээ энэ оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэн төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим тэтгэмжийг үе шаттай нэмэх хугацааг наашлуулах, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарчим баримталжээ. Засгийн газар цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэмэх талаар гурван удаа хэлэлцсэн. Төсөвт тодотгол хийх замаар асуудлыг шийдье гэдэгт УИХ дахь намын бүлгүүд тохиролцсоны дагуу дээрх шийдвэрийг гаргав гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.