Далайн гахай “амиа хорлох” нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Далайн гахай “амиа хорлох” нь ихэсчээ

Далайн гахай олноор эрэг дээр гарч “амиа хорлодог” хачин үзэгдэл өнгөрсөн нэг сарын хугацаанд хачирхалтайгаар нэмэгдсэн талаар АНУ-ын Массачусетсын Кейп Код эргийн хөхтөн амьтан судлаач өчигдөр мэдээлсэн гэнэ. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тус эрэгт 129 далайн гахай эрэг дээр шидэгдсэн аж. Судалгааны багийн ажилтнууд эрэг дээр олноор шидэгдсэн далайн гахайнуудаас 37-г нь далайд тавьсан бол бусад 92 нь учир битүүлэг шалтгаанаар үхсэн гэнэ. Судлаачид эрүүл далайн гахайнуудыг тусгай трэйлерийн тусламжтайгаар эргээс зөөж, далайн усанд тавьжээ. Судлаачдын хэлснээр Кейп Кодын далайн аварга хөхтөн амьтад эрэгт шидэгдэх нь маш ховор үзэгдэл гэнэ. Сүүлийн 12 жилийн судалгаанаас харахад тус эрэгт 228 далайн гахай учир нь үл ойлгогдох шалтгаанаар үхсэн байна. Гэвч далайн гахайнууд амиа хорлох ийм үзэгдэл жил ирэх тусам улам нэмэгдэж байгаа гэнэ. Эрэг дээр шидэгдсэн далайн гахай махчин амьтдын зөөлөн хоол болдог бөгөөд арьс нь наранд түлэгдэх эсвэл эд эрхтэнүүд нь гэмтэх нь амархан байдаг аж. Амьтдыг хамгаалах сан эрэг дээр шидэгдсэн далайн гахайг аврах 300 гаруй сайн дурынхныг бэлтгэж, 24 цагийн эргүүл гаргажээ. Далайн гахай эрэг дээр шидэгдсэн байгааг харсан хүмүүс тэдэнд мэдэгддэг байна. Гэвч 100 гаруй кг жинтэй тэдгээр хөхтөн амьтан хэдэн арваар эрэг рүү шидэгдэх үед аврах ажиллагаанд хүндрэл гардаг аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж