Зүүн хүрээ Дашчойлон хийдийн хурал номын үйл ажиллагаа явуулж буй дуганууд нь Улаанбаатар хотын түүхтэй нягт холбоотой бөгөөд эртний нийслэл хүрээний нэг бүрэлдэхүүн хэсэг байсан юм. 1999 онд нийслэл хотоос Ширээт цагаан нуурт дурсгалын гэрэлт хөшөө босгож, ном хуруулан хүндэтгэл үзүүлснээс хойш жил бүр нийслэлийн төр захиргааны байгууллага, Зүүн хүрээ Дашчойлон хийд хамтран нийслэлийн иргэд олон түмнийхээ тусын тулд хурал хуруулж, ном айлдахаас гадна уламжлалт цагаан сарын өмнөх битүүний өдөр мандал өргүүлдэг уламжлал тогтсон билээ.
1911 онд Монгол Улс тусгаар тогтсоноо дэлхийн олон улсад зарлан тунхагласны дараахан буюу 1912 оны 02 дугаар сарын 9-нд Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэдээс, Нарангэрэлт, Түмэн наст, Богд хаан Жавзундамба хутагтад өргөн мэдүүлсэн бичгийг үндэслэн Их хүрээг улсын нийслэл буюу “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэх хүсэлтийг ёсоор болгосноос хойш түүхэн 100 жил өнгөрчээ.