Монголын үндэсний түүхийн музейд өнөөдөр Их хүрээг Нийслэл хүрээ болгож тунхагласан түүхэн баримт бичиг, Хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын тамганы дардас, Нийслэл хүрээний баруун өргөөний Улаан сахиусын өмнө төрийн сайд, ван, гүн, лам нар Тулгар төрд буцалтгүй бат тангараг хийх санал, буулгасан зарлиг зэрэг “Нийслэл-Хүрээ-100 жил” архивын баримт бичиг, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийн үзэсгэлэнг олны хүртээл болголоо. Үзэсгэлэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд оролцов.
Монгол Улсын үндэсний төв Архивын сан хөмрөгөөс Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрлэсэн Богд хаантны зарлиг, Нийслэл хүрээнд Монгол Улсын төрийн тугийг залах тухай айлтгал, буулгасан зарлиг, Чингис хааны бие сүлдийг Нийслэл хүрээнд залах тухай айлтгал, Монгол Улсын анхдугаар их хурлаас Нийслэл хүрээг Улаанбаатар хот гэж нэрийдэхээр тогтсон тогтоол, холбогдох гэрэл зургийг дэлгэжээ.
Нийслэлийн Архивын газрын сан хөмрөгөөс Хотын захиргааны түр дүрэм, Хотын захиргааны дүрэм, Олон хороодын дагаж явах дүрэм зэрэг баримт бичиг, Монголын үндэсний түүхийн музейгээс Өндөр гэгээн Занабазарын хөрөг зураг, түүний эдэлж хэрэглэж байсан бурхны хэв, суварга, завъяа, Наран гэрэлт, түмэн наст Богд хаантны хувийн цуглуулгаас шүншигтэй мөнгөн заан, мөнгөн гүц, Нийслэл хүрээний сүм хийдүүдийн болон Хүрээ айлын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйл зэрэг олон сонирхолтой үзмэрүүд тавьжээ.
Үзэсгэлэн энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.