ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зорилгоор төрөөс 2006-2008, 2009-2011 онд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэлсэн байна. Гэсэн хэдий ч зээлийн хүрэлцээ муу байгаагаас улбаалан ЖДҮ-ийг хөгжүүлэх сан зээлийн санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй байгааг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, холбогдох яам, агентлаг, гишүүдэд саналд зөвлөмж хүргүүлсэн гэнэ. Түүнчлэн энэ онд 30 орчим тэрбумын төгрөгийн эргэн төлөлтийн нөхцөлтэй зээлийг санхүүжүүлэх ажээ.
Салбар хуралдааны үеэр өрхийн үйлдвэрлэлээс дунд шат руу шилжсэн, хөдөө орон нутгийн нэгэн төлөөлөл болох “Төв гутал” үйлдвэрийн захирал Т.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Та өөрийн эрхэлж буй үйлдвэрлэлийн талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Бид 1993 оноос гэр бүлийнхээ хүрээнд ажиллаж эхэлсэн. Бага багаар ахисаар одоо 36 ажилтантай ажиллаж байна. Үйлдвэрлэсэн гутлаа орон нутгийн аймгуудаас гадна ОХУ болон Өвөрмонгол руу гаргадаг. Ер нь бол хувийн наймаачид авдаг л даа. Компанитай хамтарч ажилласан нь одоохондоо алга. Голдуу өвлийн түрийтэй, эсгийтэй гутал хийж байна. Ерөнхийдөө орчин цагийн монгол өвлийн гутал гэсэн үг л дээ. Үйлдвэрлэл жигдрээд байнгын харилцдаг хүмүүстэй учир амар байдаг юм. Бас түүхий эд, материалын хувьд нийлүүлэгч хүмүүстэйгээ харилцаатай байдаг. Тэднээс бараагаа бөөнөөр нь авчихдаг учир үнийн хөөргөдлөөс сэргийлж болоод байна.
-ЖДҮ-ийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан уу. Хүртээмжийн тал дээр ямар бодолтой байна вэ?
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн төслийн зориулалтаар өнгөрсөн хавар 70 сая төгрөгийг үйл ажиллагаагаа тэлэх, үйлдвэрийн барилгаа шинэчлэх, өргөтгөх зорилгоор авсан. Эхэндээ сум, дараа нь аймаг, улс гээд шат дараатайгаар төслөө өргөн бариад, дэмжигдсэний үндсэн дээр ийм зээл авч чадаж байгаа юм. Ер нь бол хүртээмжийн тал дээр сэтгэл хангалуун байна. Зээл, төслийн боломж илүү уян хатан болоод байх шиг санагдсан.
-ЖДҮ-ийг дэмжих төсөл хөтөлбөр, зээлд хамрагдахад зарим хүндрэл, бэрхшээл байдаг байх?
-Манай компанийн хувьд хөл дээрээ зогсоод, одоо зээл авахад аливаа хүндрэл гарах нь багссан. Тэгэхээр анх бизнес эрхэлж байгаа, эсвэл эхлээд удаагүй байгаа хүмүүст зээл, төсөлд хамрагдахад бэрхшээлтэй байдаг. Ядаж л зээлийн хүү, эсвэл банкны баталгаа шаардлагатай байдаг. Зээл авахын тулд бичиг баримтаа бүрдүүлээд, баталгаагаа гаргаж өгөх гэвэл хангалттай хөрөнгө байхгүй болчихоод байдаг, гэтэл яаж зээл авах вэ дээ.
-Таны бодлоор ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмжих хэрэгтэй вэ?
-Монгол Улс хоёр том зах зээлийн дунд байгаагийн хувьд тэр зүгт чиглэсэн зах зээлийг хөгжүүлбэл газрын хэвлийг ухаад байлгүй амьдраад, хөгжөөд байж болно. Ер нь бол өрхийн үйлдвэрлэлийг дэмжээд, хүн бүр үйлдвэрлээд эхлэхээр худалдан авах хүн нь хэр билээ, хэрэгцээ нь хэр болох вэ гэдэг тэнцвэрийн асуудал гарч ирэх байх. Тэгэхээр энэ хоёр том зах зээлд гарах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй юм шиг. Бас ямар нэгэн үзэсгэлэн худалдааг зөвхөн тэр нутагт нь биш, бусад нутгийг хамрах хэрэгтэй. Ингэж байж худалдаа өргөжин тэлнэ гэж бодож байна.
Харин МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл салбар хуралдааны ерөнхий төлөвийн талаар баялаг үйлдвэрлэх орчин буюу өрхийн үйлдвэрлэлээс эхтэй улс орны хөгжилд хүн бүрийн оролцоо чухлыг онцолж байна.
Зөвхөн хүмүүсийн, үйлдвэрлэгч нарын оролцооноос гадна бизнесийн орчин хэрэгтэй байгаа. Чухам энэ орчинг хэрхэн бий болгож, баялаг үйлдвэрлэгч нарт бодитоор хэрхэн дэмжлэг үзүүлэх боломж байгаа эсэх асуудал өнөөдрийн хуралдааны гол сэдэв байлаа.