Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Эрдэнэцэцэгтэй уулзаж, “Нийслэл хүрээ-100 жил” үзэсгэлэнгийн талаар цөөн хором ярилцлаа.
-Богд хааны Нийслэл хүрээ хэмээн нэрлэсэн лүндэнгийн талаар сонирхуулахгүй юу?
-Тэр лүндэн бол тусгаар тогтнолоо зарласны дараа улс өөрийн гэсэн нийслэлтэй байх хэрэгтэй гээд Их хүрээг өөрчилж, үүнээс хойш ямагт Нийслэл хүрээ хэмээсүгэй гэж зарласан байдаг.
-“Нийслэл хүрээ-100 жил” үзэсгэлэнд хэчнээн үзмэр дэлгэдсэн бэ?
-Үзэсгэлэнд ойролцоогоор 150 гаруй үзмэр нийтийн хүртээл болж байна. Үүнд, баримт болон гэрэл зураг, эд өлгийн зүйлсүүд орсон байгаа.
-Энэ удаагийн үзэсгэлэнд шинээр дэлгэж буй ямар үзмэр байгаа бол?
-Богд хааны шар ордон байна. Энэ нь тухайн үеийн Богдын шар ордон ийм байсан байх гэх төсөөллөөр бүтээсэн үзмэр байгаа. Үүнд, бидний Норовлин хийд хэмээдэг хийдэд тухайн үед Омскоос авчирсан заан болон бусад орноос авчирсан сонин хачин амьтдыг тэжээж байсан байгаа. Мөн Богдын ордны ойролцоо Сангаан сүм баригдсан байдаг. Энэхүү сүмийг Дондогдулам хатан болон Богдын санаачилгаар нийслэл хүрээний урчуудыг байрлуулахаар барьж, байгуулсан байдаг. Түүнчлэн, улс маань нийслэлтэй, нийслэл маань өөрийн гэсэн сүлдтэй байх ёстой хэмээн 1639 онд Нийслэл хүрээний сүлдийг бий болгож, хангарьдыг шүтэн тахисаар ирсэн түүхтэй.
-Өнөөдрийн үзэсгэлэнд тавигдсан хамгийн эртний үзмэрүүүдийг танилцуулбал?
-Занабазарын эдэлж, хэрэглэж байсан эд өлгийн зүйлс хамгийн эртний үзмэрүүдэд тооцогдоно.
-Танай музейд Нийслэл хүрээний түүхтэй хамаатай нийт хэчнээн үзмэр байдаг вэ?
-Байгууллагынхаа онцлогоос болоод тоо, баримтыг тэр бүр нийтэд дэлгэдэггүй. Манай музейн үзмэр 50 мянга гаруй гэж бодохоор ямар их арвин үзмэртэй болох нь ойлгомжтой байх.
“Нийслэл хүрээ-100 жил” архивын баримт бичиг, гэрэл зураг, эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.