Хурлыг шүүгч Н.Нарантуяа даргалж, улсын яллагч О.Гэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нар оролцсон байна. Шүүх бүрэлдэхүүн саяхан шийдвэрээ гаргаж, уран нугаралтын багш Г.Энх-Амгаланг эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл гаргасан гэм буруутай хэмээн үзэж таван жил, нэг сарын хорих ял оноох шийдвэр гаргасан байна. Түүнд холбогдох шүүх хурал гурван удаа хойшилж, өнөөдөр анхан шатны шийдвэр гарчээ.
Уг хэргийн талаар эргэн сануулбал Г.Энх-Амгалан нь 2010 онд ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байжээ. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгасан байна. Тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.