Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргалаас зарим асуултад хариулт авлаа.
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэн “Монголбанкныхан алдагдлаа нөхөхийн тулд валютын ханшийг хөөрөгдөж, иргэдийн халаасыг хоосолсон” гэдэг дүгнэлт гаргачихаад байгаа. Төв банкны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Үнэхээр алдагдлаа нөхөхийн тулд ингэж ажиллахаас өөр арга зам байгаагүй гэж үү?
-Монголбанкнаас тус ажлын хэсэгт хавтаст хэрэг шиг зузаан, маш олон талаас нь судалгаа хийсэн материалыг өгсөн. Түүнд тэр хоногуудад юу болсон гэх мэтээр маш тодорхой мэдээлэл, судалгааг тавьсан байгаа л даа.
-Ажлын хэсгийн ахлагч маш тодорхой хэлсэн байгаа шүү дээ. Л.Пүрэвдорж гэдэг хүн төв банкны алдагдлыг нөхөхийн тулд ард түмний халааснаас 150-200 тэрбум төгрөг “туучихсан” гэж?
-Монголбанкны балансын алдагдал гэж ярьдаг л даа. Ханшийн тэнцлийн алдагдал юм. Жишээ нь, хоёр миллиардын нөөц байхад ханш чангарсан, суларснаас болоод нөөц байдгаараа байж байдаг ч бүртгэл дээрээ доошоо, дээшээ гардаг. Тийм болохоор төв банкны хувьд 2010, 2011 онд балансын алдагдалтай гарсан. Гэхдээ түүнд зориулж Монголбанк бодлого явуулдаггүй гэдэг талаар өмнө нь бид илэрхийлж байсан, одоо ч түүнийгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Тэр тухай ч албан ёсны байр сууриа бичгээр өгчихсөн байгаа. Монголбанкны тэнцлийн ашиг, алдагдалд зориулж ханшийн бодлого явдаггүй. Тусдаа зүйл.
-Өнгөрсөн хугацаанд валютын ханшийг тогтворжуулах талд төв банк ямар арга хэмжээ авч ажиллав?
-Ханш гэдэг өөрөө эдийн засгийн гол “амаржин”-уудын нэг. Тэд, эд гэсэн тоо ярих нь зохимжгүй. Ханшийн хатуу дэглэмтэй улс гэж бий. Хөвөгч ханшныхаа одоогийн байгаа төвшин маш хатуу шүү дээ, Монголбанкны байр суурь. УИХ-аас Мөнгөний бодлогод заагаад өгчихсөн, “Монголд ханш чөлөөтэй хөвдөг, ийм ханшийн системтэй байна” гээд. Сүүлийн үед энэ асуудал нэлээд яригдлаа, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд шатахууны огцом өсөлт нэлээд нөлөөлж байгаа. Орчин маань ийм шоктой нөхцөлд ханшаа аль болох тогтвортой байлгах үүднээс ханшийн интервенцийг төв банк нэлээд хийж байсан. Сүүлийн арваад хоногт валютын ханш тогтвортой байгаа учраас бидний оролцоо багасчихаад сууж байна. Жирийн нөхцөлд ханш руу оролцоод байх нь бодлогын талаасаа ч практикийн талаасаа ч зохимжгүй зүйл л дээ.
-Нефть импортлогчид ам.доллараа хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа вэ. Валютын ханшийн өсөлтөөс хамаараад нефтийн бүтээгдэхүүний үнийг өсгөсөн гээд тайлбарлаад сууж байх вий?
-Экспорт, импортын нөхцөл байдлаас болоод валютын орох гарах урсгал чөлөөтэй хөрвөдөг нь ойлгомжтой. Сая хэвлэл, мэдээллээр валютын ханшийн тухай мэдээлэгдэж байхад нэг анзаарагдсан юм нь ханш сул байх, эсвэл байх ёстой төвшнөөсөө хэт чанга байх нь ямар муу нөлөө үзүүлдэг талаар хэн ч ярьсангүй. Монголд ажил олгогч нарт, бараа үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч нарт ханшийн чангарал хэт их байвал муугаар л нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, байх ёстой төвшнөөсөө чанга байгаа ханш гэдэг чинь Монголд байгаа, Улаанбаатарт байгаа ажлын байруудыг Эрээн рүү нүүлгээд байна гэсэн үг шүү дээ. Бид Эрээний импортоо л нэмээд байна гэсэн үг. Аль өнцгөөс нь бид асуудлыг харах вэ гэхээр маш нарийн тооцоотой судалгаатай ярихаас биш ханшийн өнцгөөс бүгдийг хараад тэндээс зөв, бурууг тунгаана гэвэл юу ч харагдахгүй. Зах зээлийн эрэлт зохицуулалтаар ханш зохицуулагдаж уу, үгүй юу л гэдгээ бид харах ёстой.