Сирид Ливийн түүх давтагдах уу?

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Сирид Ливийн түүх давтагдах уу?

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцрохыг шаардсан босогчдын тайван жагсаал, цуглаанаар эхэлсэн хөдөлгөөн одоо эрх мэдлийн төлөө яахаас ч буцахгүй цус асгаруулсан тулаан болжээ. Олон улсын ажиглагчид ердөө ганцхан сарын өмнө “иргэний дайны ирмэгт тулж ирсэн” хэмээн бичиж байсан бол одоо энэ улс орон хэдийнэ дайны талбар болоод байгаа гэнэ. Засгийн газрын цэргүүд сөрөг хүчний бүлэглэлүүд болон босогчдын байрлаж буй газар руу тасралтгүй гал нээж байгаагаас хүчирхийлэл, аллага улам гаарч, хэдэн зуун хүн амиа алджээ. Улайрсан тэмцлийн дунд хамгийн их хохирч буй нь дайныг хүсээгүй энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд. Сирид ажиллаж буй гадаадын сурвалжлагч, сэтгүүлчдийн бичиж буйгаар дайны хөлд нэрвэгдэж, тэсрэх бөмбөгт өртөн хөл, гаргүй  болсон нялх хүүхдүүд, үр хүүхдээ алдсан эмэгтэйчүүд эмнэлгээр дүүрэн, тэд хэнээс тусламж хүсэхээ ч мэдэхгүй байгаа гэнэ. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болсон тэд энэ бүх гай гамшигт Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг буруутган, хараан зүхэж байгаа аж.

Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагын шинжээчид тус улсад өнгөрсөн гуравдугаар сард бослого гарснаас хойш 7000 гаруй хүн амиа алдсан гэж мэдээлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Арабын лигээс хэргийн эзэн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцруулж, тус улсад бүх нийтийн чөлөөт сонгууль явуулах санал гаргасан авч Хятад, ОХУ дэмжээгүй юм. Сирид гал зогсоож, энх тайвныг тогтоох төлөвлөгөөнд нь саад болсон Хятад, ОХУ өрнөдийн орнуудын шүүмжлэлийн бай болоод байна. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар Сирийн асуудлаарх Хятад, ОХУ-ын хоригийг ээлжлэн шүүмжилсэн юм. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадад бараалхаж, гал зогсоох асуудлаар өнөөдөр Дамаскад хэлэлцээ хийх гэж байгаа боловч ажиглагчид ямар ч горьдлого тавихгүй байгаа гэнэ. 

АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцож, Башар Аль-Ассадыг түлхэн унагахыг хичээж байгаа бол ОХУ тус улсын цэрэг зэвсгийн гол нийлүүлэгч хэвээр байна. Сирийн эрх баригчдын эртний түнш Кремлийн нөхөд өнгөрсөн сард нисэх онгоц тээвэрлэгч хөлөг болон цэргүүдээ тус улс руу илгээсэн юм. ОХУ, Хятад Сирийн Ерөнхийлөгчийг огцруулах төлөвлөгөөнд саад хийсний цаана стратегийн том сонирхол байгаа аж. Сирийн Тартуст ОХУ-ын тэнгисийн цэргийн бааз байрладаг нь Газар дундын тэнгис дэх гол түшиц газар нь юм. Удаан хугацаанд ашиглаагүй тус баазыг саяхан сэргээн ашиглалтад оруулахаар 600 гаруй орос техникчдийг илгээжээ. Нөгөө талаар Сири улс ОХУ-ын зэвсгийн томоохон худалдан авагч бөгөөд нийт худалдааны гэрээ таван тэрбум ам.долларт хүрсэн аж. АНУ, өрнөдийн цэргийн хамтарсан хүчин Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийг намнахад тус улстай байгуулсан зэр зэвсгийн бүх гэрээ цуцлагдаж, ОХУ 4.5 тэрбум ам.долларын хохирол амссан. Хамгийн сүүлд Ираны нефтьд тавьсан олон улсын хоригоос болж ОХУ мөн л 13 тэрбумын алдагдалд оржээ. Энэ бүхэн нь ОХУ-ын Батлан хамгаалахын хүчин чадлыг доройтуулж байгаа аж.

Хятадад ч мөн Сирийн эрх баригчдын талд зогсох шалтгаан бий. Эртний торгоны замын худалдааны түнш Хятад Сирийн гуравдагч том импортлогч юм. Хэдийгээр Хятад, ОХУ-ын зүгээс Сири дэх хүчирхийллийг зогсоохыг буруутгаагүй ч Афганистанаас авахуулаад Ирак, Ливийн удирдагчийн үхлээр төгссөн бүс нутгийн ашиг сонирхлын зөрчил энэ удаа дахин давтагдахгүй гэх газаргүй гэж үзэж байгаа юм. Ливийн удирдагч агсан хурандаа Муаммар Каддафийг огцруулж, түүний дангаар ноёлох дэглэмийг унагасан ч Ливид иргэний дайн одоо ч дуусаагүй, энх тайван тогтоогүй гэж Хятад, ОХУ үзэж байгаа юм. Сирийн босогчдын байрлаж буй Хомс хотын иргэд мэргэн буучдын хараан дор хөдөлж ч чадахгүй байгаа бөгөөд шархдагсад эмнэлгийн тусламж авч чадахгүй, хүүхэд эмэгтэйчүүд хоол хүнсгүй өлөн зэлмүүн нөхцөлд байгаа талаар тус улсад суугаа сурвалжлагчид бичиж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Сирид хүчирхийлэл улам гаарч, хаа сайгүй бөмбөгдөлтийн чимээ сонсогдож байгаа гэнэ. Аргаа барсан Сирийн нэгэн иргэн “Сирийн иргэдийг дайны хөлд тарчилж байгааг зүгээр хараад сууж буй дэлхийн иргэдэд баярлалаа” гэж хэлсэн талаар BBC мэдээлсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж