“Шонхор” бол хатуу үзэл бодолтой гишүүдийн фракц”

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

“Шонхор” бол хатуу үзэл бодолтой гишүүдийн фракц”

Ардчилсан хүчний холбоо /АХХ/ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт анхдугаар чуулганаа хийж, тус холбооны АН-ын харьяалалтай УИХ-ын гишүүд “Шонхор” фракц байгуулснаа зарласан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, АХХ-ны ерөнхийлөгч З.Энхболд, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Д.Одхүү нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Эхлээд С.Эрдэнэ гишүүн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр АХХ байгуулагдаад хоёр жил болохдоо буруу бусармаг зүйл хийгээгүйг хэлж, Монгол Улсаа хөгжүүлэх эрхэм зорилготой, ардчиллын төлөө эрмэлзэлтэй иргэдийг нам харгалзалгүй нэгтгэсэн ТББ болон ажиллаж ирснийг хэллээ. АХХ-г АН-ын нэг фракц гэсэн буруу ойлголт түгээмэл байдгийг үүгээр няцааж, олон мянган гишүүнтэй  үндэсний хэмжээний том фракц гэдгээ нотолсон  юм. Мөн АХХ бол шударга ёс, Монгол Улсаа шинэчлэхийн төлөөх хүчнүүдийн нэгдэл юм гэлээ.  Холбооны дүрмээр гишүүд аль ч нам дотор бүлэг, фракц, клуб байгуулах эрхтэй тул энэ дагуу АН дотор “шонхрууд” мэндэлснээ зарлажээ.

Холбооны ерөнхийлөгч эрхэм гишүүн З.Энхболд “Шонхор” бол хатуу үзэл бодолтой гишүүдийн фракц гэдгийг хэлээд барууны үзэлтнүүд дундаа хатуу барууны үзэлтэй гишүүдийг барууны ертөнцөд “шонхрууд” гэдэг болохыг тайлбарлав. Тэд анхнаасаа АН-ыг хамтарсан Засгийн газарт орохын эсрэг байсан. Цаашдаа ч аль ч нам сонгуульд ялсан Засгийн газарт хамтарна гэж үздэг АН-ын зарим гишүүнийг сөрч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. Д.Ганхуяг гишүүн АХХ-ноос Хөгжлийн шинэ стратеги гаргаж, хүн амын 70-аас доошгүй хувийг дунд давхаргынхан болгох ёстой гэлээ. Г.Баярсайхан гишүүн “Шонхрууд” таван Э-гийн бодлого барина гэдгийг тайлбарлав. Монголд гадаадын орнуудын экологийн колоничлол, экологийн терроризм үйлдэгдэж байгааг эсэргүүцэж, уул уурхайн баялгийн нэг хувиарэкологийн сан бүрдүүлж, экологид ээлтэй үйл ажиллагааг дэмжиж, экологийн шинэ стандарт нэвтрүүлж,  экологийн засаглал тогтоохыг таван Э гэж нэрлэжээ. Мөн Монгол орныг аж үйлдвэрийн, экологийн тэргүүлэх бүс гэсэн хоёр чиглэлээр хөгжүүлэх аж. Ингээд тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-АН-ын ҮЗХ-ны хурлаар танай фракц намын дарга Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хөндөх үү?

С.Эрдэнэ: -АН бол том нам, доторх фракцууд нь ил тод үйл ажиллагаа явуулдаг. Нам дотроо олонх болсон нь тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Манайх тэргүүлэх фракц болохын төлөө явна. Хэн нэг хүн рүү чиглэсэн үй ажиллагаа явуулахгүй.

З.Энхболд:
-Нэг хүн солих, нэг хүнтэй тэмцэх нь хамгийн амар ажил. Дарга солихоос илүү ардчиллыг үзэл бодлоороо дэмждэг байх нь чухал. Манай бодлого бол Монгол Улсаа шинэчлэх хэрэг.

-АХХ-ны хурал дээр танай холбоо МоАХ-ны мэдэгдлийг дэмжиж цагаан морин жилийн хувьсгалыг дахин хийхийн төлөө тэмцэнэ гэсэн. Тэмцэл хийнэ гэдэг нь ямар утгатай үг вэ. МоАХ тусдаа нам болно гэсэн яриа бас гарч байгаа. Танай холбоо тэдэнтэй нэгдэж АН-аас гарах уу?

З.Энхболд: -Өнгөрсөн 22 жилд таван удаа сонгууль хийсэн. Үүнийг тэмцэл гэж нэрлэж байгаа. МоАх бол манайх шиг ТББ. Олон намын гишүүдээс бүрдсэн. Нам нам дотроо сайн ажиллана гэсэн зорилгоор нэгдсэн. Тараад нэг нам байгуулах амархан. Гэхдээ тэгэхгүй. МАН дотор “Ардчилал” фракц байгуулагдсан. Тэд АХХ-ны гишүүн болох боломжтой.

С.Эрдэнэ: -Бид 1990 онд тайван замаар ардчилсан хувьсгал хийсэн. Цагаан морин жилийнх шиг тэмцэлд босъё гэдэг нь нийгэмд тайван замаар, сонгуулийн зарчмаар тэмцэл хийе гэсэн үг. Монгол төрийн алтан жолоо цулбуурыг зөв хүмүүст атгуулъя гэж байгаа. Энэ ажил тайван замаар явна. Шаардлагатай бол гудамжинд гарахад бэлэн гэв.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж