
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд Монголбанк нь валютын ханшийг өсгөж, 2011 оны алдагдлаа нөхсөн. Валютын ханшийн өсөлтийг далимдуулан нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж 2012 оны нэгдүгээр сарын 6-нд бүтээгдэхүүнийхээ үнийг хэт өндөр нэмсэн гэсэн дүгнэлт гаргасан юм. Мөн нефтийн бүтээгдэхүүний үнэ ханшид хяналт тавих ёстой Засгийн газрын харьяа байгууллагууд үүргээ гүйцэтгэж чадаагүйн зэрэгцээ Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын тушаалаар байгуулагдсан нефтийн үнэ ханшийг зохицуулах зөвлөл нь Өрсөлдөөнийг хянан зохицуулах тухай хуулийн хүрээнд татан буугдсан байх ёстой атал буугаагүй. Тэр байтугай нефть импортлогч нарыг оролцуулсан хуралдаан зохион байгуулж түүний маргааш өдөр нь буюу 2012 оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн нефть импортлогч компаниуд бензин, шатахууныхаа үнийг литр тутамд нь 260 төгрөгөөр өсгөсөн. Тиймээс Эрдэс баялгийн сайд хариуцлага хүлээх ёстой гэсний зэрэгцээ төв банкны удирдлага албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой гэж үзсэн билээ. Уг нь энэхүү хуралдаанд оролцохоор Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч Н.Золжаргал, эдийн засагч Н.Дашзэвэг тэргүүтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байсан ч хурал болсонгүй, дахин зарлах болов.