Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээлэл хийв

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга Д.Энхтөр, гишүүн Ц.Мөнхбаяр, гүйцэтгэх захирал Б.Гантулга, зураглаач н.Золбаяр нар  өнгөрсөн нэгдүгээр сарын 22-29-нд Онон голын сав дагуух дөрвөн суманд урт нэртэй хуулийн хэрэгжилт ямар байгаатай танилцаад иржээ. Цаг үеийн асуудлаар Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа.

-Онон голын сав дагуух сумдаар ажиллаад иржээ. Газар дээр нөхцөл байдал ямар байна?

-Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Баян-Адрага гэсэн Онон голын сав дагуух нутагт ажиллаад ирлээ. Ард иргэд, нутгийн удирдлагуудтай уулзаж, хуулийн хэрэгжилт ямар байгааг судалсан. Хүнд хэвээр байна. Цуцлагдвал зохих ёстой лицензүүд хэвээрээ, компаниуд хавар үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн, нутгийн иргэд түгшүүртэй байна. Дээрээс нь ОХУ-аас цутгадаг хэд хэдэн голын хоёр дээр нь уурхай ажиллаж байна. Тиймээс  нутгийн иргэдийн санал бодолд тулгуурлан иргэдийн  97 захидлыг ОХУ-ын ерөнхийлөгчийн нэр дээр илгээлээ. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийн талаар 81 хүний саналыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хаяглаж, захидал явуулсан. Хүмүүс ойлгож, дэмжиж оролцож байна.

-Монгол Улсын Засгийн газар 242 лицензийг цуцлах талаар ярьж байгаа. Энэ нь хуулийн хэрэгжилтэд хамаарахгүй хэрэг үү?

-Хуулийг хэсэгчилж хэрэгжүүлэх санаархал байна. Урт нэртэй хуулийн хүрээнд  хоёр сарын  өмнөх байдлаар  нийт тусгай зөвшөөрлийн 4116 гэрчилгээ байгаа. Гэтэл Засгийн газар  алтны 242тусгай зөвшөөрөл цуцлах талаар ярьж, олон нийтийг төөрөгдүүлээд байна.  Уг нь энэ хуулийн хүрээнд  цуцлагдвал зохих 1728   тусгай зөвшөөрөл бий. Үүний цаана элс, хайрганы карер, голын сав дагуух томоохон төмрийн орд, нүүрсний ордууд үлдэнэ. Энэ нь Засгийн газар хуулийг хэсэгчлэн ялгавартай хэрэгжүүлэх гэж байгааг харуулж байгаа юм. Хэдэн алтны шороон ордын тусгай зөвшөөрөл цуцаллаа гээд  хууль хэрэгжүүлсэн гэдэг ойлголт өгөхөөр чармайж  байна л даа. Бид Засгийн газрыг хуулиа  бүрэн утгаар нь хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа учир Үндсэн хуулийн цэцэд хандах болно.

-Та бүхэн урт нэртэй хуулийг хэрэгжүүлээгүй Засгийн газрыг анх удаа шүүхэд өгсөн. Дээд шүүхээс Засгийн газар хууль хэрэгжүүлэх ёстой гэсэн шийдвэр гарсан ч үр дүнд хүрэхгүй л байна?

-Энэ хуулийг батлуулах гэж багагүй хугацаа туулсан. Батлуулсан боловч хэрэгжүүлэхгүй  байсан учир бид аргаа бараад шүүхэд хандсан. Засгийн газрыг хариуцагчаар татсан хэргийг Дээд шүүх хэлэлцээд Засгийн газар хууль хэрэгжүүлээгүй байна, хууль хэрэгжүүлэхийг даалгасугай  гэсэн тогтоол хоёр сарын өмнө гарсан шүү дээ. Тогтоол гарсан ч Засгийн газар тогтоолоо хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс бид Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт хандахаар болсон. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүгч Н.Оюунтуяад  хандан хүсэлт хүргүүллээ. Энэ хүсэлтэд Дээд шүүхээс гаргасан тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлж өгөх тухай дурдсан. Засгийн газар нэгэнт буруутай нь шүүхээр тогтоогдсон байхад хууль үйлчлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Бодит амьдрал дээр шүүхийн шийдвэр биелүүлэхгүй бол хөрөнгийг нь хураах зэргээр албадан арга хэмжээ авдаг. Түүнтэй адил Засгийн газар юу хийх ёстой юм түүнийгээ хийхийг шаардаж байна.

-Нутаг чөлөөлөх ажиллагаанд явсан  та болоод танай хөдөлгөөний хүмүүсийг бусдын эд хөрөнгөд халдсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Энэ хэрэг ямар үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцсан бэ?

-Нутаг чөлөөлөх ажиллагаанд явсан  дөрвөн хүнд эрүүгийн хэрэг үүсгээд ял эдлүүлэхээр нэлээд ажиллаж байгаа. Бүр хожим нь манай хамгаалагч Б.Энх-Очирыг татан оролцуулж, надтай нийлээд таван хүн болсон. Сонгинохайрхан дүүргийн шүүх хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүү дээ. Гэтэл нэмэлт  мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн шийдвэрийг прокурор нь эсэргүүцэж, биднийг яллах ёстой гэж үзсэн. Прокурорын эсэргүүцлийг нийслэлийн шүүх хэлэлцээд  мөрдөн байцаалтын ажиллагааны явцад зайлшгүй шалгах зүйлийг тогтоогоогүй, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэргийг нэг мөр шалгаж тогтоох ёстой  гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн. Нутаг чөлөөлөх ажиллагааны санаа зорилго нь юу болохыг шалгаж тогтоолгүй, мөрдөн байцаалт, прокурорын үйл ажиллагаа нэг талыг барьсан байна гэж үзсэн юм билээ.  Ер нь энэ асуудал эрүүгийн хэрэг  мөн эсэх нь эргэлзээтэй гэж шүүх дүгнээд байгаа.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж