2011 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Хэнтий аймагт хоёр сая, 379.1 мянган толгой мал тоолуулсан байна. Малын тоо урьд оныхоос 9.1 хувь буюу 198.4 мянган толгойгоор өсчээ.. Нийт мал сүргийн 86.3 хувийг бог мал, 13.7 хувийг бод мал эзэлж байна. Малын тоо урьд оноос 7.8 хувь буюу 44.8 мянган бодоор өссөн байна. Өнгөрсөн онд Хэнтий аймагт нийт мал болон үхэр, хонь, ямаагаар Өмнөдэлгэр, тэмээгээр Дархан, адуугаар Батноров сум тэргүүлсэн байна. Энэ онд төллөвөл зохих хээлтэгчийн 93 хувь нь төллөж, 973.8 мянган төл гарч, гарсан төлийн 5.2 хувь буюу 50.6 мянган төл хорогдож, 94.8 хувь нь буюу 923.1 мянган төл бойжиж байна. Дадал, Норовлин, Жаргалтхаан, Цэнхэрмандал, сумд гарсан төлийнхөө 11.6-21.0 хувийг хорогдуулсан нь аймгийн хэмжээнд төлийн хорогдол ихтэй сумдад тооцогджээ. Нийт хорогдол өнгөрсөн оноос 214.6 мянган толгойгоор бага байгаа гэж Хэнтий аймгаас мэдээллээ.