Нэртэй зохиолч интернетийн сайн эрсийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Нэртэй зохиолч интернетийн сайн эрсийг дэмжиж байна

Бразилийн нэрт зохиолч Паоло Коэльо (Paulo Coelho) бүтээсэн номнуудаа дэлхийн хамгийн том торрент порталын нэг The Pirate Bay-д үнэгүй татуулахаар хүлээлгэн өгсөн тухай The Guardian мэдээлж байна.

“Миний номыг татацгаагтун. Хэрэв таалагдвал цаасан хувилбарыг нь худалдан авна биз. Энэ бол харамч зан юунд ч хүргэхгүй гэдгийг үйлдвэрлэлийнхэнд харуулах арга юм” хэмээн тэрээр уншигчдад блогоороо хандаж хэлээд “Танд хайртай сайн эр Коэльо” төгсгөжээ.

Өмнө нь “SOPA-гийн тухай миний бодол” (”Stop Online Piracy Act” хуулийн төсөл) нэртэй постондоо Коэльо ЗХУ-д 1950-60-аад онд олон ном хувийн хэвлэлээр (самиздат) тарж байсныг нэхэн санахыг уншигчдад уриалжээ. Түүний бодлоор, зохиолчдод уран бүтээлээсээ зөвхөн ашиг олох бус бусад хүмүүстэй санал бодлоо солилцож байх нь чухал гэж тэр онцолсон юм.

Коэльо, SOPA нь “интернетийг устгах бөгөөд зөвхөн АНУ төдийгүй нийт хүн төрөлхтөнд гамшиг тарина” гэж үзэж байна. Дээрх хуулийн төслийг дэмжигчдийн баримталж байгаа үндэслэлийг зохиолч бээр утгагүй гэж дүгнэж байна. Учир нь түүний номноос 2012 онд гэхэд л дэлхийн өнцөг булан бүрт 140 сая хувийг худалдан авчээ. Уг нь түүний бүх ном интернетэд үнэгүй татахаар байрласан байгаа билээ.

SOPA нь Ламар Смит болон бусад 12 хамтран боловсруулагчдаас АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд 2011 оны 10 сарын 26-нд өргөн барьсан хуулийн төсөл билээ. Хуулийн төсөл нь интернет дэхь хууль бус контент, зохиогчийн эрхээр хамгалагдсан оюуны өмчийн худалдаатай тэмцэхэд нь америкийн хууль сахиулагчид болон эрх эзэмшигчдэд нэмэлт эрх өгөхөд чиглэсэн үзэл санаатай юм.

SOPA-г эсэргүүцэгчид энэ хууль нь АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр тодотголыг зөрчиж, интернетэд цензур тогтоож, үг хэлэх эрх чөлөөг боогдуулан, интернэтийн хөгжлийг хязгаарлах болно гэж үзэж байгаа юм.

SOPA-тай холбоотой асуудлын улмаас дэлхийн олон нийт хүчтэй маргаан өрнүүлж байгаа бөгөөд олон нийтийн өргөн хэрэглээний сайтууд эсэргүүцэл илэрхийлэн түр зогсолт хийх, тодорхой улс гүрнүүд болон олон нийтийн зүтгэлтнүүд дэмжихгүй байгаагаа илэрхийлэх зэргээр байр сууриа илтгэж байгаа билээ. Хуулийн ноцтой заалтуудын хэлэлцүүлэг одоогийн байдлаар түр хойшлоод байгаа билээ.

Пауло Коэльо нь орчин үеийн хамгийн их уншигдаж байгаа зохиолчдын нэг юм. Түүний бүтээлийн нийт хувь 150 улсад 300 саяаас илүү гараад байгаа билээ.

Бүтээлээ интернетэд түгээхэд нааштай хандаж байгаа тухайгаа тэрээр анх 1999 онд илэрхийлж байсан юм. Тэр үед сүлжээнд түүний “Алхимич” романы орос орчуулга тавигдсан юм. Энэ нь Орос дахь номынх нь борлуулалтанд огтхон ч нөлөөлөөгүй бөгөөд 2002 он гэхэд 1 саяд хүрч, өнөөдрийн байдлаар гэхэд л 12 сая хувь гэсэн үзүүлэлттэй байна.

The Guardian-ы мэдээлэлд тулгуурлав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж