УИХ-аас өнгөрсөн оны зургадугаар сарын 3-нд ноос ноолуурын салбар хийгээд жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих хүрээнд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгож, дээрх тогтоолыг баталсан юм. Тун удахгүй ноолуур бэлтгэх улирал ирнэ. Тиймээс төрөөс үндэсний үйлдвэрлэгчдийг хүү багатай, урт хугацаатай зээлийн эх үүсвэрээр дэмжиж малчдын гар дээрээс түүхий эдийг шууд авч ажлын байрыг нэмэгдүүлэх төрийн бодлогын бэлтгэл ажлын явц ямар шатанд яваад гишүүн анхаарлаа хандуулсан бололтой. Нөгөөтэйгүүр, тойргийн сонгогч иргэдээс үйлдвэрүүдэд тушаасан ноосонд олгож байгаа урамшуулал тойрсон хэл ам, өргөдөл гомдол тасрахгүй байгаа нь тогтоолын хэрэгжилтийг Засгийн газраас асуух шаардлага дагуулсан гэх. Эрхэм гишүүн асуулгад дараах чиглэлээр хариулт авахыг хүсчээ.
1.Тогтоолын дагуу 300 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн ба үнэт цаас арилжаалснаар хэдий хэмжээний санхүүгийн эх үүсвэр бүрдэж, төсвийн дансанд төвлөрсөн. Тэр нь 2011 оны төсөв болон төсвийн тодотгол мөн 2012 оны төсөвт хэрхэн тусгагдсан, төсвийн дансанд төвлөрсөн эх үүсвэрийг ямар арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулсан.
2.Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ноос боловсруулах үйлдвэрлэгчдэд олгосон хөнгөлттэй зээлийн хэмжээг аж ахуй нэгжээр, тухайн зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх, эргэн төлөлт, тайлагнах үйл ажиллагаанд төрийн аль байгууллага, хэн ямар байдлаар хяналт тавьж байгаа.
3.Зээл олгох арилжааны банкийг хэрхэн сонгосон, хэдэн банкинд зээлийн хөрөнгийн хувийг урьдчилан байршуулсан.
4.Малчдаас нэгдүгээр зэргийн ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаах, малчдад урамшуулал олгох ажлыг зохион байгуулсан байдал, тушаасан ноосны болон олгосон урамшууллын хэмжээ.
5.Малчдад олгох урамшууллын мөнгийг ямар журмаар олгож байгаа, урамшууллын хөрөнгийг хаана төвлөрүүлдэг, зарцуулалтад хэрхэн хяналт тавьдаг.
6.Жижиг дунд үйлдвэрлэгчдийг хөнгөлөлттэй зээлд хамруулснаар одоогийн байдлаар хэдэн үйлдвэр шинээр байгуулагдаж, хэдэн ажлын байр бий болсон үр дүн нь ямар байгаад хариулт хүсчээ.