Нэг хэсэг Японы Засгийн газрын сайд нар ээлж дараалан огцорч дэлхий даяар дуулиан дэгдээж байв. Тэдний огцорсон шалтгаан нь ч тун инээдтэй жижигхэн зүйлүүд байсан санагдана. Гэтэл саяхан Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант улсын Эрчим хүч, цаг уурын өөрчлөлтийн сайд Крис Хьюн цагдаад худлаа хэлсэн хэргээр буруутгагдаж сайдын албаа өгчээ. Тэрбээр одоогоос есөн жилийн өмнө буюу 2003 онд Европарламентын сайд байх үедээ автомашин жолоодож яваад хурд хэтрүүлсэн ажээ. Тухайн үед сайдыг цагдаа зогсоож торгох гэтэл “Эхнэр маань жолоо барьж явсан” гэж хэлээд аюулаас холуур өнгөрсөн байна. Гэтэл гай болж 2010 онд Крис Хьюн эхнэрээсээ салжээ. Түүний салсан эхнэр нэгэн сонинд ярилцлага өгөхдөө нөхрийнхөө 2003 онд гаргасан энэ булхайг санаандгүй ярьчихсан нь одоо асуудал дэгдээжээ. Ингээд найман сар үргэлжилсэн мөрдөн байцаах ажиллагааны дараа Крис Хьюн буруутай нь тогтоогдож тэрбээр албан тушаалаа өгсөн нь энэ. Монголчууд бидэнд бол дээрх хэрэг инээдтэй санагдах нь мэдээж. Өнөөдөр жирийн иргэнээс авахуулаад сайд дарга нар хүртэл хурд хэтрүүлдэг манай нөхцөлд энэ хэрэг зүгээр л тэнэглэл мэт санагдаж магадгүй. Ер нь Монголын Замын цагдаагийн газар сайд дарга нарыг торгож байсан тохиолдол байдаг болов уу. Үгүй байх аа. Төрийн гурван өндөрлөг л гэхэд өглөө, оройдоо түгжрэлтэй замыг хааж байгаад цагдаагаар хамгаалуулаад л хурд хэтрүүлдэг. Бизнес эрхлэгчид бол бүр ч асуудалгүй хурд хэтрүүлдэг. Нэг жишээ хэлье. Монголдоо л томд тооцогдох нэг компанийн захирал хурд хэтрүүлж яваад цагдаад баригдсан байна. Цагдаа шаардлагаа тавиад торгох гэтэл цагдааг машиндаа чихэж оруулаад дүүргийнх нь замын цагдаагийн даргад хүргэж өгсөн гэж байгаа. Ингээд хурд хэтрүүлсэн компанийн захирал ямар ч торгууль шийтгэлгүй салж, харин замын цагдаа нь даргадаа том авахуулсан гэдэг. Дүгнээд хэлбэл даргынхаа найзыг торгох гэсэн цагдаагийн буруу болсон байна. Английн сайд Монголын бизнесмэн хоёрын хэн эрх мэдэлтэйг бид бэлээхэн харж болж байна. Ер нь Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант улсын Эрим хүч, цаг уурын өөрчлөлтийн сайд асан Крис Хьюн та Монголд ирж амьдарвал яасан юм бэ. Бизнес эрхэл л дээ. Тэгээд санаан зоргоороо хурд хэтрүүл. Таныг ямар ч цагдаа зогсоохгүй, зогсоосон ч та торгуулахгүй шүү, амалчихъя.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин