Ц.Элбэгдорж: Хөдөөд шударга ёс алга болжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.07-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Хөдөөд шударга ёс алга болжээ

…Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Замын-Үүдийн иргэдтэй уулзаж “Яаралтай
шийдвэрлэх асуудлууд болох иргэдийн цахилгаан, дулаан, шинэ ажлын байр,
цалин хөлс нэмэгдүүлэх, эмнэлэг, сургууль гэх мэт олон зүйл дээр
анхаарлаа хандуулах болно” хэмээн онцлоод өнгөрсөн баасан гарагийн 14
цагт тус аймгийн төв Сайншанд руу хөдөлсөн юм. Дорноговь аймгийн
Сайншанд хотын удирдлагууд төрийн тэргүүнийг угтан авч хүндэт харуул
жагссан байв. Үүний дараа төрийн тэргүүнийг дагалдаж явсан УИХ-ын
гишүүд, төлөөлөгчид аян замын тоосноосоо салж, зочид буудалд байрлав.

Ерөнхийлөгч
Сайншандын удирдлагуудтай уул­залтаа эх­лүүл­сэн. Тэрбээр шинээр
ашиглалтад орсон авто зам, өмнөд бүсийн шинэ төмөр замын далангийн
барилгын явц гэх мэт орон нутгийн томоохон бүтээн байгуулалтын аж­лын
явцтай эхлээд танилцсан юм. Нутгийн удирдлагууд “Одоогийн байд­лаар
бүтээн бай­гуулалтын ерөнхий тө­лөвлөгөө гар­сан. Шаардлагатай судалгаа,
шин­жил­гээний ажил эхэлчихсэн байгаа. Ер нь бид Эрдэнэт хотоос
хамаагүй том бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болоод байна. Үүний тулд
төрөөс зарим нэг туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байна. Тодруулбал, бүтээн
байгуулалтын нэг хэсэг болох зэс хайлуулах үйлдвэр, үрлэн төмрийн
үйлдвэр, цементийн үйлдвэр ба­ригдаж эхлэхэд хангалттай эрчим хүч
байхгүй байгаа” хэмээн Ерөн­хийлөгчид мэдэгдсэн. Тэрбээр өөрийн байр
суурийг илэрхийлж “Сайн­шанд хотод ажил урагштай явж байгаад таатай
байна. Гэхдээ шийдвэрлэх асуудал олон байгааг олж харлаа. Эрчим хүчний
хувьд бид өөрсдөө гадны орон шиг энэ их салхийг, нарыг ашиглах ёстой юм
болов уу гэсэн зүйл анзаарагдаж байна. Замын-Үүдийн хилийн ой­ролцоо
БНХАУ-ын том, том эрчим хүч гаргах зориулалттай сэнсүүд байдаг. Бид
яагаад байгалийн бэлэн эрчим хүчийг ашиглаж Сайншандад босох бүтээн
байгуулалтын эхлэлийг тавьж бо­лохгүй гэж. Монгол хүн өөрсдийнхөө гараар
сайхан ирээ­дүйг бүтээх бо­ломж нээгдэж байна. Хойноос ирж буй энэ их
“үнэгүй” салхийг ашиглаж болно. Би Сайн­шанд су­мыг ойрын жилүүдэд
Мон­голын хөгж­лийн төв, аж үйлдвэрийн хамгийн том цогцолбор болно
гэдэгт итгэлтэй байгаа” гэсэн хариултыг өгсөн юм. 

Эрдэнэтээс
хэд дахин том гэг­дэх энэхүү үндэсний хэм­жээний цогцолборын төслийг
АНУ-ын олон улсын зөвлөх компани болох “Бэктэйл” ХХК хариуцан ажиллаж
байгаа аж. Товчхондоо Эрдэнэт үйлдвэрийг бид зөвхөн зэсийн том
үйлдвэрээр нь төсөөлдөг байсан бол шинээр бий болох энэхүү аж үйлдвэрийн
паркийг хар төмөрлөгийн, коксын, нүүрс хийжүүлэх гээд маш олон төрлийн
үйлдвэрүүдээр төсөөлж болох нь. Үүнийг дагаад Сайншандын иргэдийн
амьжиргааны түвшин, амьдрах таатай орчин бүрдэх нь юутай сайхан
сонсогдож байв аа. Ямартай ч нутгийн удирдлагуудын төлөвлөж буйгаар 2019
он гэхэд хамгийн сүүлийн үйлдвэрээ барьж дуусах гэнэ. Удааширлаа гэхэд
2020 он гэхэд дуусна. Дээрх төслийг хэрэгжүүлснээр шинээр 12 мянган
ажлын байр бий болно. Бүтээн байгуулалтын нийт хөрөнгө оруулалт 10
тэрбум ам.доллар хэмээн төлөвлөжээ. Гэхдээ гадны маш олон компани
сан­хүүжүүлэх санал ирүүлж бай­гааг дуулахад сэтгэлд сайхан байлаа. Мөн
Сайншандын иргэдтэй Ерөн­хийлөгч уулзахдаа “Та бүхэн одооноос сай­хан
амьдрахын тулд өөрсдийн үр хүүхдүүдээ мэргэжилтэй боловсон хүчин
бо­лоход нь анхаарах хэрэгтэй. Тав, арван жилийн да­раа хүүхдүүд чинь их
бүтээн бай­гуулалтын мэргэжлийн, өндөр бо­ловсролтой сайн боловсон
хүчин болох учиртай. Тиймээс одоо­ноос эцэг, эхчүүд үүнд анхаарах ёстой”
гэсэн нь нэгийг бодогдуулав. 

 Тус суманд цэвэр усны асуудал
хүндрэлтэй, хамгийн тү­рүүнд ший­дэх ёстой асуудлын нэг аж. Цэвэр усны
талаар төрийн тэргүүн “Улаанбаатарчуудын хувьд сая гаруй иргэнтэй атлаа
уух усаа жорлондоо утсгадаг сул тал бий. Энэ их цэвэр усыг дахин
цэвэршүүлээд дахин, дахин ашиглаж яагаад болохгүй гэж. Говийн бүсийн
нутгаар ч мөн адил. Хэрэглээний усаа дахин боловсруулах төхөөрөмж
ашиглах бүрэн бололцоотой гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ их бүтээн
байгуулалтын цэвэр усны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ” гэсэн асуултыг
нутгийн удирдлагуудад тавьсан юм. Үүний хариулт нь “Одоогийн байдлаар
их бүтээн байгуулалтад зориулж Сайн­шандын зүүн урд зүгт байрлах талбайн
хэсэгт цэвэр усны нөөцөөс 20 км гаруй шугам татсан байгаа” гэсэн юм.
Ямартай ч Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан дээрх төслийн
судалгааг Засгийн газарт танилцуулснаар эхлүүлэх юм байна. Өнөөдөр
Монгол Улсын хэмжээнд Эрдэнэт хотоос ч том бүтээн байгуулалт хийх гэж
буйд нутгийн иргэд баяртай байгаа ч зарим шийдвэрлэх шаардлагатай
асуудлыг Ерөнхийлөгчид сануулсан юм. Ерөнхийлөгч шинэ бүтээн
байгуулалтын суурийг зөв тавих ёстой гэдгийг холбогдох удирдлагуудад
үүрэг болгосон билээ.

Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сайншанд хотын ир­гэдтэй уулзах үеээр
“Эрхэм Ерөн­хийлөгч өө, та аж үйлдвэрийн цог­­цолбор төслийн талаар
нааш­тай зүйл ярилаа. Бид их баяртай байна. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн
сонгуулиар “Ц.Элбэгдоржийг сон­говол шударга ёс тогтоно, С.Зоригийг
алсан хүнийг тодорхой  болгоно” гэхэд бид ихэд найдаж байсан. СЗоригийн
амь насыг хөнөөсөн хүн олдоогүй хэвээр байна. Магадгүй тухайн үед эрх
мэдэл нь хүрэхгүй байсан байх. Гэхдээ Ардын нам эрх барьж байгаа ч
Ардчилсан намын лидерүүд өндөр албан тушаалд байгаа. Улмаар шүүх,
прокурорынхныг тэд томилсоор бай­гаа. Ийд танаас ганц л зүйлийг асуумаар
байна. Улс төрийн зориг дутаад байна уу, эсвэл ямар нэг нууц байдаг юм
уу. Ямар учиртай юм бэ. Ард түмний тэвчээр алдагдаж байна гэдгийг хэлэх
нь зүйтэй байх. Өнөөдөр Төмөр замын удирдах газар асар том газар
эзэмшдэг. Нутгийн бизнесмэн бид ном журмаар нь газар авч, өөрсдийн
амьдралд хэрэгтэй янз бүрийн төсөл хэрэгжүүлмээр байдаг. Үүнийг нутгийн
удирдлага хүлээн авдаггүй. Биднийг төдийлөн дэмждэггүй. Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийг харж хандаж байгаа зүйл алга. Нутгийн иргэд хүнд
байдалтай байна. Хүүхдээ сайн сургуульд явуулаад ч нэмэр алга. Танил тал
хардаг өнөөгийн шударга бус  нийгэмд амьдрахад бүр ч хэцүү болж байна.
Шүүх байгууллага дээр ч зөрчил их гарч байна. Нөгөө талаасаа манай
аймагт аялал жуулчлал, хүний хөгжил гэх мэт үндсэн категор дээр анхаарах
нь чухал” гэсэн асуудлуудыг хөндөж байсан юм. Ийнхүү Ерөнхийлөгч
Сайншанд сумын иргэдтэй уулзаад Говьсүмбэр аймгийн зүг хөлгийн жолоо
заллаа. Тэрбээр шийдвэрлэх, яаравчлах ёстой олон зүйлийн талаар өөрийн
дүгнэлтээ гаргасан гэдэгт нутгийн иргэд итгэлтэй байгаа болов уу. 

Сайншандаас
Говьсүмбэр айм­гийн төв Чойрын хооронд 275 километрийн зайтай Замдаа
галт тэргэнд өдрийн хоол идэх зуур 100 гаруй зээр бэлчиж байсныг цонхоор
олж харсан бид хонь, ямаатай андуурч Ерөнхийлөгчийн хамгаалагчидтай
хөг­жилдсөн удаатай. Галт тэрэгний зам дагуу давхилдах тэ­нүүн говийн
цагаан зээрийн сүрэг гайхалтай харагдаж байлаа.

Засаг даргыг нь
эзгүйд Монгол Улсын Ерөнхийлөгч орон нутгаар нь айлчлаад, ажиллаад
байдаг то­хиолдол төдийлөн байдаггүй. Засаг дар­гатай нь холбоотой
асуудлын та­лаар биш нутгийн иргэдтэй уул­зах, санал бодлыг нь сонсох
зорил­готой хүрэлцэн ирсэн төрийн тэргүүнийг тус аймгийн Засаг даргын
орлогч Л.Отгонжаргал, тус аймгийн ИТХ-ын дарга Г.Сайнбаяр нар болон
бусад удирдлагууд угтан авсан юм. Ерөнхийлөгч хамгийн түрүүнд аймгийн
шүүх байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Дараа нь нутгийн иргэдтэй
санал бодлоо хуваалцахаар аймгийн дуу бүжгийн “Боржигон” чуулгын ордонд
хү­рэлцэн ирлээ. Түүнийг ирэхэд дунд сургуулийн хүүхдүүд зураг татуулж,
амьдралынхаа түүхэн мөчийг Ерөн­хийлөгчтэй мөнхлөх завшаан тохиов.
Иргэдтэй уулзах мөчид халуун дулаан алга ташилт, үнэн, шударга шүүмжлэл,
гомдол ч  хослуулан хүлээж авсан.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч
“Боржигончуудын өлгий нутаг Говьсүмбэрийн ард иргэдийнхээ түмэн амгаланг
айлтгаж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье” хэмээн 
эхлүүлсэн. Түүний хэлсэн үгийн эхэнд Замын-Үүд, Сайншандад тулгараад буй
асуудлыг болон нөхцөл байдлыг товчхон мэдэгдээд яриагаа үргэлж­лүүлсэн
юм. Тэрбээр “Говьсүмбэр ай­магт ажлаа хамгийн түрүүнд шүүх, прокурорын
байгууллагын ажилтай танилцахаас эхэллээ. Учир нь миний хамгийн гол
зорилго бол нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлага, шударга ёсны
тог­толцоог бий болгох явдал” гэсэн нь иргэдийн шүүмжлэх сэдвийн суурийг
тавьсан бололтой. Түүнийг үг хэлсний дараа тус аймгийн иргэд өөрсдийн
санал, бодлоо илэрхийлж, Ерөнхийлөгчид ээлж дараалан хан­даж байв.
Иргэдийн бухимдлыг хамгийн их хүргэж байгаа зүйл бол шүүх, цагдаагийн
байгууллага болон Ардын намын ялгаварлан үзэх хүнд суртал хэзээ алга
болох талаар асууж байсан юм. Мөн “Шивээ-Овоо” компанийг Хятадын “Шинэ
Шивээ-Овоо” компани хувьчлан авах гэж байгаа тухай асуудал сөхөгдсөн
билээ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар “Хэрэв энэ “Шинэ Шивээ-Овоо”
компанийг аймгийн Засаг дарга болон холбогдох удирдлагууд хувьчилбал
нутгийн иргэд бид яаж амьдрах юм бэ. Үүнийг ямар нэг аргаар шийдвэрлэж
өгөөч. Авлига, хээл хахууль газар авч байж суухын аргагүй боллоо” гэж
хэлсэн нь олны анхаарлыг татаж байсан. Ялангуяа Ерөнхийлөгчийн санааг
ихэд зовоосон байх. Уг нь Чойр Улаанбаатар хоттой хамгийн ойр байрладаг
эдийн засгийн хөгжлийн чухал газрын нэг. Тус хотын давуу тал нь
нийслэлтэй засмал замаар 230 км холбогдсон байдал. Мөн төмөр замын өртөө
дамжин өнгөрдөг гээд олон зүйл бий. Харамсалтай нь иргэдийн бухимдлыг
хууль хянал­тын байгууллага, зарим улс төрийн намынхан нутгийн иргэдтэй
ялгаварлан харьцах хүнд суртал залхааж байгаа нь тодорхой байв. Энэ
бүгдэд бухимдсан нутгийн иргэд Ерөнхийлөгчид сэтгэлээ нээж, гомдоллосон
хэрэг биз ээ. Ерөн­­хийлөгчийн уулзалтын цаг дуус­лаа. Говьсүмбэр
аймгийн нут­гийн иргэдийн санал бодлыг Ерөн­хийлөгчийн тамгийн газрынхан
ху­раан авч, асуудлыг шийдвэрлэхээ амласан юм.

ЗАРДЛАА ХЭТРҮҮЛСЭН БАЯН НАМЫГ 2.8 САЯАР ТОРГОНО

Сонгуулийн
ерөнхий хорооноос Нам, эвсэл, тойрогт нэр дэвшигчээс сонгуульд
зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох тухай тогтоолыг гаргасан. Энэхүү
тогтоолын хавсралтаар тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах
зардлын дээд хэмжээг тогтоосон юм. Үүнээс үзвэл УИХ-ын 2012 оны
сонгуульд 76 хүнээ сойхоор шийдсэн нам, эвсэл сонгуулийн
сурталчилгаандаа есөн тэрбум 63.7 сая төгрөг зарцуулах эрхтэй ажээ. Нэг
нэр дэвшигч болон нэг тойрогт нам, эвслээс гарах нийт зардлын хэмжээг
тойрог бүрт мандатын тооноос хамаарч харилцан адилгүй тогтоосон байна.
Нам, эвслүүд дээрх хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаа,
сонгогчидтой хийх уулзалт, шуудан холбоо, бичиг хэрэг, томилолт, тээвэр,
шатахуун, цалин хөлс,  урамшуулал зэрэгт зарцуулах учиртай.

Сонгууль
албан ёсоор эхлээгүй. Гэсэн ч УИХ-ын 2012 оны сонгуульд нэрээ
дэвшүүлэхээр горилж байгаа эрхмүүд нүүрээ цухуйлгаж, нэрээ дуулгаж
эхэлсэн. Тэд намаа төлөөлж УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох эрхээ тун
удахгүй авна. Ингэмэгцээ сонгууль болохоос өмнөх сарын хугацаанд  77-332
сая төгрөгийг тойрогтоо зарцуулахаар байна. Нэг нэр дэвшигч ийм
хэмжээний мөнгөөр сонгуулийн кампанит ажлаа хийх бол мажоритари 26
тойрогт 48 гишүүнээ, пропорционалиар 28 гишүүнээ жагсаах нам, эвсэл
сонгуулийн сурталчилгаа хийх нэг сарын хугацаандаа нэг их наяд орчим
төгрөгийг улс орон даяар цацах нь ээ. Гэхдээ энэ бол Сонгуулийн ерөнхий
хорооноос баталсан тоо төдий юм. Нам, эвсэл, нэр дэвшигчид энэ мөнгөндөө
тааруулж сонгуулийн кампанит ажлаа хийх эсэх нь тодорхойгүй байна.
Шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн зардлын дээд
хэмжээг хэтрүүлсэн нам, эвслийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно” хэмээн заасан. Харин нэр
дэвшигчдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгрөөр торгох ажээ. Үүнээс үзвэл зардлаа есөн
тэрбум 63.7 сая төгрөгөөс хэтрүүлсэн баян нам, эвслийг 2.8 сая
төгрөгөөр, нэр дэвшигчийг 2.16 сая төгрөгөөр л торгохоор байна. Тэгэхээр
нэр дэвшигчид иргэдийн саналыг авахын тулд Сонгуулийн ерөнхий хорооноос
баталсан зардлын дээд хэмжээг хэтрүүлэхэд айгаад байх зүйл алга
бололтой.

Нэг нэр дэвшигч болон нэг тойрогт нам, эвслээс гарах
нийт зардлын дээд хэмжээг тойрог бүрт мандатын тооноос хамаарч харилцан
адилгүй тогтоосон байна. Дундговь аймагт УИХ-ын 2012 оны сонгуулиар хоёр
мандат ногдоно. Тэнд нэр дэвшигчээс гарах зардлын хэмжээг 77.4 сая
төгрөгөөр тогтоосныг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан хүснэгтээс
харлаа. Энэ нь нэг нэр дэвшигчийн тойрогтоо зарцуулах ёстой зардлын
хамгийн бага хэмжээ нь юм. Харин гурван мандаттай Баянзүрх, Налайх
дүүрэгт өрсөлдөх нэр дэвшигч тус бүр 377.9 сая төгрөгийг сонгогчдын
саналыг авахын тулд цацах хэрэгтэй болжээ.  Харин дараа нь Баянгол
дүүргийн хоёр мандатын төлөө нэр дэвшигчид 339.85 сая төгрөг,
Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаандаа 332.7
сая төгрөг зарцуулахаар байна. Түүнчлэн хоёр мандаттай Чингэлтэй дүүрэгт
нэр дэвшигч тус бүр 305.3 сая төгрөг, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч 
255.75 сая төгрөг, Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт нэр дэвшигч
288.6 сая төгрөг, Хөвсгөл аймагт нэр дэвшигч 162.4 сая төгрөгийг УИХ-ын
2012 оны сонгуулийн сурталчилгаанд зарцуулах эрхтэй ажээ. Энэ оны
сонгуулиар нийслэлийн тойрогт өрсөлдөх гишүүд хамгийн их мөнгө зарцуулах
эрхтэй байна. Харин Дорноговь, Говьсүмбэр, Төв, Баян-Өлгий, Завхан, Увс
зэрэг зэрэг аймагт нэрээ дэвшүүлэх эрхмүүд нийслэлд нэр дэвшигчдээс 2-3
дахин бага мөнгө зарцуулах ёстой ажээ.

УИХ-ын 2008 оны
сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслээс зарцуулах зардлын дээд
хязгаарыг 8.5  орчим тэрбум төгрөгөөр тогтоож өгч байсан. Харин энэ оны
хувьд дөрвөн жилийн өмнөхөөс нэг тэрбум гаруй төгрөгөөр илүү байна.
Сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоохдоо инфляци, шатахууны үнэ гээд
олон зүйлийг харгалзан тогтоодог аж. Тэгэхээр сүүлийн үед иргэдийн
толгойны өвчин болж байгаа валют, шатахуун, бараа бүтээгдэхүүний үнэ
өссөн нь үүнтэй холбоотой бололтой.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж